Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Зам тээврийн осол, авто замын түгжрэлийн шалтгаан нөхцөлийг судалж бууруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулан холбогдох арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны12 дугаар сард Нийслэлийн ИТХ-ын даргаар ахлуулан байгуулсан байна.
Нийслэлийн зарим бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын захирамжаар дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ, гишүүнээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний хяналтын газар, Тээврийн прокурорын газар, Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, НЗДТГ, Нийтийн тээврийн газар, Замын хөгжлийн газар гэх зэрэг холбогдох албаны удирдлагууд багтлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр ажлын хэсгийн хуралдааныг удирдаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт 2026 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.