МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна

Ц.Цэрэнбадам
2026/06/08

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.06.08/-ийн хуралдааны эхэнд Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонслоо.

Манай улсад 213 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 10,2 мянга нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин тогтворгүй, хамгаалалт сул, хэрэгжилтийн шатанд байгаа хөрөнгө оруулалтын гэрээний тогтвортой байдал хангагддаггүй зэргээс шалтгаалж энэхүү хуулийг санаачилжээ.
Анхдагч хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглосноос бусад бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх, бизнес эрхлэгчдийг өмчийн хэлбэр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, салбар гэх зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх, шударга өрсөлдөөнийг дэмжиж төрийн оролцоог багасган бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах юм.
Үргэлжлүүлэн, Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг танилцууллаа.

Үүний дараа Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк болон орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хийв.
Улсын хэмжээнд 144,6 мянган өрхийг 11,2 их наяд төгрөгийн санхүүжилтээр ипотекийн зээлд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар орчин үеийн инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байшин, гэрт амьдардаг өрхийн тоо нийслэлд 262,8 мянгад хүрчээ. Хуулийн төсөл батлагдсанаар орон сууцны банк байгуулагдаж жил бүр олгох орон сууцны зээлийн хэмжээ 2.2 дахин нэмэгдэнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна. Мөн төрөөс хэт хамааралтай санхүүжилтийн тогтолцооноос зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжих, орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэх, төрийн санхүүгийн ачаалал буурах, орон сууцны төслүүдийг бодлогоор дэмжиж батлан даалт гаргах, зорилтот бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргах, түрээсийн орон сууцад хамруулах, орон сууцны эрэлт-нийлүүлэлтийг уялдуулж, цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэх ажээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /зэсийн АМНАТ-ийн тухай/ -ийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийсэн. Хуулийн төсөлд, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох асуудлыг тусган, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын болон баяжуулалтын үйл ажиллагааг зохицуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбараас орон нутаг хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийн баталгаа, төлөвлөгөө боловсруулах зэрэг зохицуулалтыг хийхээр тусгажээ.

Хуралдааны төгсгөлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хийлээ. Манай орны нийт газар нутгийн 76.8 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн, үүнээс 22.9 хувийг доройтсон газар нутаг эзэлж байгаа нь экологийн тэнцэл алдагдах бодит эрсдэлийг дагуулжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр тусгай хамгаалалттай газар нутгийн олон улсын бүртгэл, мэдээллийн системтэй нийцүүлэн тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээг шинээр томьёолох, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц болон дурсгалт газар нутаг гэж ангилах, тусгай хамгаалалттай газар нутагт нутгийн иргэдийн уламжлалт мал маллах, өвөлжөө, хаваржааны газар ашиглах, ахуйн хэрэглээний зориулалтаар хадлан авах, ойн дагалт баялаг, байгалийн ургамал, мод ашиглах зэргээр үр өгөөж хүртэх зэрэг боломжтой болох юм.

Хүн амын өсөлт, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хот, суурин газрын ногоон байгууламжийн асуудлыг бие даасан байдлаар авч үзэх нийгэм, цаг үеийн хэрэгцээ шаардлага үүссэн тул Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөлд ногоон байгууламжийн кадастр, мэдээллийн нэгдсэн цахим систем бий болгох, суулгац үржүүлгийг зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан газарт хэрэгжүүлэх боломжийг нээх, ногоон байгууламжийн санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бий болгож, иргэн, хуулийн этгээдийн оролцоонд суурилсан хамтын хариуцлагын механизм, урамшууллын тогтолцоог бий болгохоор тусгасан байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 43 минутын өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 6 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 7 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 8 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 2026/07/25
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2026/07/25