Монгол Улсад анх удаа номын баярыг төв талбайгаас гадна 88 сургуульд “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөнөөр зэрэг нээлээ. Динза Цондоолойгийн анд найзууд ТББ-ын хөрөнгө оруулалт, Богд банкны ерөнхий ивээн тэтгэлэгтэйгээр хэрэгжиж буй “Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250,000 хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийн боломжийг бүрдүүлсэн байна. Мөн Монголын 2-3 үеийн хүүхдүүд дээр судалгаа хөгжүүлэлт хийж бий болгосон хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг нэвтрүүлж байна.
Ингэснээр анх удаа номын баярыг төв талбайгаас гадна хамгийн олон ерөнхий боловсролын сурагчтай 88 сургууль дээр “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөнийг эхлүүлэн зэрэг нээж байна. Хүүхдүүд номтой ойр байх, хамтдаа унших, уншсан зүйлээ ойлгох, ярилцах, сэтгэх бодит орчинг сургуулиуд дээр бий болгосон байна. Энэхүү нээлтээр 88 сургууль Динза Цондоолойгийн анд найзууд ТББ-аас тохижуулж өгсөн тэрхүү цогц уншлагын орчинг хүлээн авлаа.
“Монголын ирээдүй уншихад бэлэн” уриатай “Динза элч” үндэсний ном уншлагын хөдөлгөөн нь хүүхдүүдийг уншиж ойлгодог, сэтгэдэг, өөрийгөө илэрхийлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна. Одоогоор нийслэлийн 88 сургуульд эхлүүлсэн энэхүү үйл хэргийг цаашид 720 сургуульд өргөжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Мөн хөдөлгөөний хүрээнд “Динза элч” үндэсний уншлагын хөдөлгөөний нэрэмжит уралдаан зарлаж, ахлах ангийн сурагчид болон сургуулийн орчинд хүүхдүүдийг дэмждэг багш, захирал, сургалтын менежер, номын санч, сэтгэл зүйч зэрэг томчуудын оролцоотойгоор унших соёлыг үндэсний хэмжээнд сургуулиас сургуульд түгээх зорилт тавьж байна. Ингэснээр 88 сургуулийн туршлага, оролцоо, санаачилгыг 720 сургуульд түгээх үндэс суурийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна