Хаягдал ясаар органик бордоо, тэжээл, онгоцны дизель түлшний түүхий эд үйлдвэрлэж байна

Л.Бямбажав
2026/04/21

Манай улс жилд 15 мянган тонн бордоо хоёр хөршөөсөө импортолдог. Гэтэл энүүхэн хотын баруун зах Эмээлтэд жилд 20 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий. Улсынхаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бордооны хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь экспортод гаргах боломжтой гэсэн үг. Энэ бол “Protein  Mongolia” ясны үйлдвэр.

Уг үйлдвэр нь ашиглагдалгүй хаягдаж буй малын яс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж, байгальд ээлтэй, органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн бордоог газар тариалан, төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн салбарт өргөн хэрэглэж байгаа аж. Хоногт 30-50 тонн малын хаягдал яс, махыг боловсруулж, 30-35 тонн бордоо, тэжээл үйлдвэрлэдэг байна. “Protein  Mongolia” үйлдвэр мөн малын яснаас тос гаргаж, 2023 оноос БНСУ-д экспортолж эхэлжээ. Уг тосоор солонгосууд онгоцны түлш үйлдвэрлэдэг гэнэ. Одоогоор 3000 тонн ясны тос БНСУ руу экспортлоод байгаа тухайгаа “Protein  Mongolia” үйлдвэрийн захирал Н.Оюунбат ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад танилцуулав. Сайдын хувьд малын гаралтай түүхий эд, тэр тусмаа арьс, шир, дайвар, яс зэргийг ашиглалгүй хаях бус үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох ёстой гэж үзэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор эдний үйлдвэрийн талаар олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авч, удирдлагуудтай нь холбоо барьснаар зорьж ирсэн нь энэ юм.

Тус үйлдвэр хаягдал ясыг байгалийн эрдсээр баяжуулсан органик бордооноос гадна мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, шувууны аж ахуйнуудад нийлүүлдэг. “Түмэн шувуут”, НВЦ, “Баян” гээд томоохон шувууны аж ахуйнууд “Protein  Mongolia” үйлдвэрийн байнгын хэрэглэгчид гэнэ. Бэлэн мөнгөгүй үедээ тэд тэжээлээ зээлээр авдаг. Шувууны аж ахуйд хэдэн зуун мянган ам шимт, органик тэжээлээ нэхээд ангалзаж байгаа гэж бодохоор татгалзах аргагүй. Цаад утгаараа нийслэлчүүдийн өргөн хэрэглээний амин дэмт хүнс өндөг тасрахгүй байх ёстой. Дэм дэмэндээ гэгчээр үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгнээ дэмжиж, хамтарч ажилладгийн нэг жишээ. Мөн эдний үйлдвэрлэж буй органик тэжээлээр тэжээмэл, муур нохойн хоол хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, иргэд ирж уулзаж байгаа гэнэ.

Итали технологийг Монголд нэвтрүүлсэн “Protein  Mongolia” ясны үйлдвэр цаашид нунтаг органик бордоогоо үрлэн хэлбэртэй болгон үйлдвэрлэх, улмаар экспортод гаргахаар ажиллаж байгаа. Ясны тосныхоо экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2500 тоннын багтаамжтай агуулахтай болжээ. Энэ бүхний зэрэгцээ бэрхшээл, хүндрэл цөөнгүй бий гэнэ. Тэдгээрийн ихэнх нь өөрсдөөс үл шалтгаалах хүчин зүйлүүд.  Товчхондоо төрийн хүнд суртал, шат дамжлага, хэрэгтэй хэрэггүй олон зөвшөөрөл, бичиг цаас хувийн хэвшлийнхэнд дэмжлэг биш дарамт чирэгдэл болдгийн нэг жишээг “Protein  Mongolia” ясны үйлдвэрээс харж болохоор. Тус үйлдвэр эдүгээ хүчин чадлынхаа дөнгөж 30 хувиар ажиллаж байгаа. Үүнийг 100 хувь болгох боломжтой. Гагцхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал, үүн дээр төрийн дэмжлэг сул. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн оронд импортын бордоог газар тариалангийн салбартаа нийлүүлж байгаагаас энэ нь харагдана. Мөн органик бордоогоо экспортод гаргахын тулд малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан гэдэг баталгаа хэрэгтэй болдгоос гацдаг байна. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-д газар тариалан, хөдөө аж ахуйн бордооны хэрэглээ өндөр, зах зээл том боловч эрүүл ахуйн шаардлага өндөр. Монголчууд бид малаа бүрэн эрүүлжүүлж байж малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Энэ тал дээр мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа учир дутагдалтай хэвээр.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Protein  Mongolia” ясны үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ үндэсний үйлдвэрлэгчид экспортлогчид болж байж хөгжинө. Төрөөс үүнийг татаас, хөнгөлөлтөөр дэмжих ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мах, ургамал, ноос, ноолуур болон Евразийн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэг байгуулаад байгаа гэдгийг хэллээ.

 Мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдээ төр бодлогоор дэмжинэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Тухайлбал, ясны үйлдвэрийг Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрт хамруулж, тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг судална гэлээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр