Эрх баригч МАН Г.Занданшатарыг Засгийн газрын тэргүүний албан тушаалаас хүсэлтээр нь чөлөөлөх шийдвэр гаргаж, Н.Учралыг 35 дахь Ерөнхий сайдаар томилохоор болоод байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.3-т “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан. Тэгэхээр Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар бүгд огцорно гэсэн үг. Мөн энэ хуулийн 23.1-2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана” гэж заасны дагуу шинэ Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлэхээр болоод буй. Үүнтэй зэрэгцээд “Сайд болохыг горилж буй нөхөд Н.Учралын гэрийн гадаа нойргүй хонох боллоо. Засгийн газарт үлдэж болох, болохгүй сайд нарыг жагсааж эхэллээ” гэх зэрэг мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн хэрэгсэлд гарч байна.
Улирагч Засгийн газрын зарим сайд суудлаа хэвээр хадгалж үлдэхийн тулд “Хүний хуучин нь, дээлийн шинэ нь”, “Туршлагатай зарим сайд нарыг үргэлжлүүлж ажиллуулах нь зөв. Шинэ Засгийн газар кабинетаараа цоо шинэ байж болохгүй” гэх мэтээр байр сууриа илэрхийлж эхэлсэн. Эсрэгээрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтнийг сайдаар үлдээж болохгүй хэмээж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хувьд “Нүүрсний сонсгол”-ыг зохион байгуулахдаа эрх мэдлээ ашиглан “Бодь групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Баясгалангаас хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.долларын хахууль авсан. Улмаар “Бодь групп”-тэй холбоотой ноцтой баримтуудыг дарагдуулсан” хэмээн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, улмаар түүнийг шалгуулахаар АТГ-т 894 хуудас баримтыг хүргүүлээд буй. Түүнчлэн “Шилэн” хэмээн Б.Цогтгэрэл Б.Энхбаярын хахууль авч байгаа баримт хэмээх бичлэгийг АТГ-т бас гаргаж өглөө. Тэгэхээр Ардын намын генсек нь “МАН авлига, хээл хахууль, улс орны эрх язгуур эрх ашгийн эсрэг хэзээ ч эвлэрч үзээгүй. Энэ байр сууриасаа ухраагүй, ухрахгүй” гэж мэдэгдсэн нь авлигын хэрэгт нэр холбогдон шалгуулж буй хүмүүсээ хамгаалахгүй, дэмжихгүй гэсэн санаа биз. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг асуудлаа шалгуулж, шуурхай шийдвэрлүүлж, нэрээ цэвэрлэхээс нааш албан тушаалд томилохгүй гэдгийг далдуур илэрхийлсэн байж ч болох.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ч ялгаагүй хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон, өөрсдийн тойрон хүрээлэгчдэдээ давуу байдал үүсгэж, 30 саяын дэмжлэг үзүүлсэн, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын эсрэг үйл ажиллагаа явуулж буй зэргээр намаа талцал, хуваагдалд хүргэж буй нь шинээр байгуулах Засгийн газарт үлдээж болохгүй хүн гэж үзэж байгаа хүн олон бий.
Дээрх хоёроос гадна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Н.Учралын тэргүүлэх Засгийн газарт үлдээж огт болохгүй гэж намынхан нь ч, жирийн бизнес эрхлэгчид ч дуу нэгтэй илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, Н.Учрал маш сайн сайд нараар багаа бүрдүүлж, улс орны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх учиртай гэцгээж буй юм. Тиймдээ улсынхаа иргэдийг визийн хоригт оруулчихаад байхад юу ч хийж чадаагүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг дахин сайдаар томилж болохгүй гэж үзэж байна. Тодруулбал, АНУ-ын виз авахын тулд барьцаанд 15 000 ам.доллар байршуулах шийдвэр гаргаж байхад Б.Батцэцэгтэй садан төрлийн холбоотой гэж, тус улсад суугаа Элчин сайд Ө.Батбаяр ямар ч хариу арга хэмжээ авч чадаагүй. Зөвхөн АНУ-аар тогтохгүй монголчуудын байнга очдог БНСУ ч виз олгосон атлаа манай иргэдийг хил дээрээсээ буцааж байхад Гадаад харилцааны сайд, яам нь үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадахгүй өдий хүрсэн. Б.Батцэцэг сайд хэмээх албан тушаалтныхаа хувьд ийнхүү Засгийн газраас хасагдах болзлоо хангасан. Хувь хүнийх нь тухайд ч бас сайдаар ажиллах хугацааг нь дуусгахаас өөр аргагүй үйлдлүүд гаргасаар ирснийг цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд удаа дараа бичсээр буй билээ. Тухайлбал, Боловсролын зээлийн сангаас зээл авч Нидерландын Маастрихтын менежментийн их сургуульд 2005 онд суралцсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, “Мөнхийн үсэг” хэмээх компанидаа ажилласан гэдгийг тус сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмаа ярьсан. Мөн дээр дурдсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч тус сантай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг мэдээлсэн. Ийнхүү сайд нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг олон нийтэд мэдээлсний төлөө ажлаас нь чөлөөлчихөөд буй юм даг.
Б.Батцэцэгийг дэд сайд, сайдын зөвлөх байх үеэс эхлэн хамаарал бүхий “Мөнхийн үсэг” болон бусад хэвлэх үйлдвэрлэлийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд нь төрөөс зарласан асар их мөнгөн дүнтэй тендерүүдийг хамж “Төрөөс төрсөн тэрбумтан” болох замыг нь засаж өгсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд удаа дараа мэдээлдэг ч сайд хатагтай гүлдийж, ширэн царайлан суудалтайгаа зууралдсаар л олон сар, жилийг барлаа. Тухайлбал, “Эдмон” хэвлэлийн компанийн захирал Р.Энхбат хэвлэлд “Хэвлэх үйлдвэрлэлийн салбарын чөлөөт зах зээлийг байхгүй болгосон эзэн бол Б.Батцэцэг сайд. Ганц сайдын компанийн хэвлэлийн бүх том тендерийг хамж байгаа нь үнэн. Сонгуулийн саналын хуудасны хэвлэлийг гэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдлийн компани бүхэлд нь авчихсан. Бараг тэдний хувийн мэдлийн ажил болж хувирсан. 2016 оноос хойшх сонгуулиудын саналын хуудсыг хэвлэж байна. Б.Батцэцэг өөрөө УИХ-д нэр дэвших болоод ирэхээрээ зөвхөн өөрийнхөө тойрог дээр жижигхэн нэг хэвлэлийн компани оруулж ирээд бусад бүх тойргийн хэвлэх материалыг өөрийнхөө компаниар хэвлүүлдэг” хэмээн ярьсан нь бий.
Төрийн өмчид байсан Үнэт цаасны үйлдвэрийг түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн оролцоотой компани болгож хувиргасан. Тус компани нь санхүүгийн зөрчлүүд гаргаж байсан баримтууд ч бий. Гэвч хууль зөрчсөн тухайн аж ахуйн нэгж нь өдгөө шинэ загварын үндэсний гадаад паспортын бэлдцийг хэвлэх эрхийг авчихаад буй. Улсын бүртгэлийн байгууллагаас уг нь хуулийн дагуу тендер зарласан ч “Төрийн үнэт цаас хэвлэл” ХХК-ийн 49 хувийг хувьцааг эзэмшигч “Мегасон” ХХК-ийнхан Сангийн яаманд албан бичиг илгээж, тендерийг цуцлуулахдаа тулсан гэдэг. Энэ мэтээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбоотой, хууль зөрчсөн, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээ дэмжиж татварын төлөгчдийн мөнгийг зувчуулсан байж болзошгүй хэл ам байнга гарах болсон учраас түүнийг сайдаар үлдээх нь зохимжгүй гэдгийг шинэ Ерөнхий сайд Н.Учрал эрх биш ухаарч буй биз ээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна