2026 оны гуравдугаар сарын 9-ний шөнө ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид нийлж нэгнээ дээрэлхэж, зодож буй бичлэг цахим орчинд тархсан. Энэ асуудал үүсмэгц дээрэлхэлт үйлдсэн бүлэг сурагчдын "Өмнө нь хохироосон хүүхдүүд"-ийн нэг хохирогчийн ээжтэй ярилцсан юм.
Тэрээр миний охин 2 удаа амиа хорлох, судсаа ханах гэж оролдсон. Одоо сэтгэл санаа нь маш тогтворгүй байна. Учир нь хийсэн бичлэг нь цацагдчих вий гэх айдастай байна. Цагдаагийн газарт гомдол мэдүүлсэн боловч хэргийг нь хаасан. Дахиж дуудсан ч дорвитой шийдэж өгөөгүй.
Миний охины найз ч мөн хохирогч юм. Хоорондоо маргалдаж, зодолдсон мөн хохирогчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учраас хэргийг хаасан гэж мэдэгдсэн. Яагаад гэмтлийн зэрэггүй гэж тогтоосон юм бэ гэж шүүхийн шинжилгээний газраас тодруулахад манайд ямар нэгэн бичиг ирээгүй гэсэн.
Яагаад шүүх эмнэлгийн шинжилгээнд өгсөн бичиг очоогүй юм бэ гэж тодруулахад нэр бүхий Б гэх охины аав н.Баатаржав шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаг гэсэн. Хэрэв үнэхээр тийм бол энэ хэрэгт холбоотой нотлох баримт алга болсон байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа.
Манай охинтой ижил байдлаар хохирсон олон хүүхэд холбогдоход "Аав нь хэргийг дарчихдаг, хэрэгт холбогдсон охин өмнө нь олон удаа цагдаа дээр дуудагдаж очиж байсан. Би хүртэл өгсөн, буруугүй гэж үзээд сул тавиад явуулдаг юм байна лээ" гэж хэлсэн.
Б, К, А, Ю,Э гэх нэр бүхий 5 охин дээрэлхэлт үйлддэг. Найз залуугаа хардаж зодсон гэх охин нь эрлийз,, харин “Ю” гэх охины ээж нь Вьетнам гаралтай гэж ярьсан юм. "Ю" гэх охин дээрэлхэлт үйлдэхдээ өөрөө гар хүрдэггүй, бүлэглэлийг толгойлж "чи очоод зодоод ир" гэж дарамталдаг. Тэд эхлээд найзуудаар нь дамжин танилцдаг юм байна. Эсвэл интаграмм хаяг руу нь " чи ямар хөөрхөн юм бэ" гэж чат бичдэг. Сайн эгч нь болж жүжиглэдэг гэв.
Охид 2-4 насны зөрүүтэй буюу 16-19 насныхан байна
"Ю" гээд охин өөрийн нууцаа ярьж жоохон охидын итгэлийг нь олж, эргээд өөрсдийг нь нууцыг нь яриулдаг гэсэн. Тэр өөрийгөө "Би хар тамхи хэрэглэдэг, чи хэрэглэж үзсэн үү", "Эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орж байсан уу" гэх зүйлсийг ярьж эцэст нь "Би чиний нууцыг хадгална" гэж хэлээд өөрөөр нь хамаг нууцыг нь яриулж, утсан дээрээ хадгалж авдаг. Түүний дараа Шангри-Ла гийн 4 давхарт байрлах Фүүд коуртад дуудаад хоол унд авч өгдөг. 3,4 дэхь уулзалтаасаа эхлэн хүүхдүүдтэй зодолд гэж хэлдэг. Зодолдож чадахгүй гэхээр нь 2 охиноор зодуулж байгаад бичлэгийг нь хийсэн байгаа юм. Энэ бүгд 12-р сард болсон үйл явдал.
Нүүр нүдгүй зодсоны дараа “Эцэг эхдээ хэлбэл чи өөрөө зодолдохоор ирсэн гэж хэлнэ. Ээж аав чинь цагдаад өгсөн ч миний арыг цагдаа нар даадаг учраас чи яаж ч чадахгүй. Намайг хүртэл хар тамхины хэргээр шалгаад яах ч үгүй” гэж хэлсэн гэсэн. Мөн “Ээж аавдаа хэлбэл ална” гэж сүрдүүлсэн учраас охин маань надад юу болсон талаар хэлээгүй байсан юм.
Эдгээр хүүхдүүд таны хүүхдэд бие махбодын хохирол учруулсан уу?
Охин маань зодуулж ирээд толгой нь хавдаж, халуурсан. Асуухад шатнаас уначихсан гэж тайлбарласан. Нууцаар хоёр хоног халуун бууруулах эм уусан байгаа юм. Толгойг нь хоёр ч удаа бариулахад шатнаас унахад ингэж гэмтэхгүй, зодуулсан байна гэхэд охин маань үгүй гэж хэлсэн.
2025 оны арванхоёрдугаар сарын дундуур амралтын өдөр охин маань “Ээжээ, та намайг Шангри-Лагаас ирээд аваач” гэж уйлж ярьсан. Очиход гар нь бүхэлдээ цус болчихсон байсан. Юу болсон талаар асуухад нэр бүхий хүүхдүүд удаа дараа намайг хүчирхийлж, бүлэглэн зодож, бичлэгийг чинь цацна гэж сүрдүүлдэг. Гэрийн гадаа эсвэл өөр газарт үүрээр дууддаг. “Өөрийгөө ал, үх” гэж заналхийлдэг байсан. Өөрийгөө зүсэхгүй бол бичлэгийг чинь цацна гэж сүрдүүлсэн учраас гараа зүссэн гэж хэлсэн.
Илүү гүн зүсэхгүй яасан юм гэж хүртэл хэлж, хумсаараа шигтгэж байгаад бичлэг хийсэн байгаа юм.
Би хүүхдийнхээ сэтгэл санааны байдлаас болоод амиа хорлох вий гэж айгаад 40 хоног нойргүй явж байна. Гэрийнхээ бүх цонхыг хүртэл битүүлсэн
Хүмүүс энэ хэргийг хөнгөн асуудал гэж бодож байна. Гэтэл энэ хугацаанд энэ хүүхдүүдээс болж амиа хорлосон тавдугаар ангийн охин байна гэж сонссон. Тухайн охины эгч нь миний охинтой холбогдсон. Мөн яг манай охинтой адил хохирсон, одоо хүртэл аав ээждээ хэлж чадахгүй байгаа өөр нэг охин байна.
Монголын сошиал гуравхан хоног шүү дээ. Гурав хоногийн дараа бүгд мартана, бидний дагагч нар хэдэн арван мянга болно гээд инээгээд сошиал дээрээ бичсэн байсан
Тухайн үед цагдаагийн байгууллагад байцаалт өгөхөд "Ю" гэх охины ээж хаалгаа савж орж ирээд “Юу болоод байгаа юм. Манай хүүхэд хүн зодохгүй. Алив гарыг чинь харъя, миний охин ийм хумстай, чамайг маажаагүй байна шүү дээ. Яагаад худлаа яриад байгаа юм” гэж дайрсан.
Яагаад миний хүчирхийлэлд өртсөн охиныг дээрэлхсэн хүүхдийн ээж давхар дарамталж байгаа юм бэ гэж гайхсан. Цагдаа “Маргааш насанд хүрсэн хүмүүсээс мэдүүлэг авна. Та дараа нь ирээрэй” гэж хэлсэн. Харин тэр ээж “Би чадахгүй, дэлгүүрээ онгойлгож үлдээсэн, завгүй” гэж тайлбарласан.” Хүүхдүүддээ яагаад тийм хайхрамжгүй байгаа юм бэ, бас миний охиныг яагаад нэмж хүчирхийлж байгаа юм бэ? гэв.
Ярилцлагыг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна