У.Хүрэлсүх: Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай

Б.Нямсүрэн
2026/02/18

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хөвсгөлийн их тайгаас Өмнийн шаргал говь, Дорнын их талаас Алтайн их уулс хүртэл өргөн уудам эх орондоо аж төрөн суугаа азай буурлууд, алдрай бяцхан үрс, идэр чийрэг залуус, хотол олон Та бүхэн минь өвлийг өнтэй давж, хаврыг өнгөтэй угтаж, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэдэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалын охь шим болсон өнө эртний түүхтэй билээ.

Монголчууд бид энэ их баяр ёслолоороо эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, азай буурал, ахас ихсээ хүндлэн золгож, ураг төрөл, удам судраа мэдэлцэн, ёсыг даган журмыг сахиж, сайныг эрхэмлэн саарыг тэвчиж, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайхныг урладаг бахдам сайхан уламжлалтай.

Энэхүү өв соёл, үнэт зүйл, зан заншил, түүхэн уламжлалаа үеийн үед эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн сургаж үлдээх нь монгол үндэстний бахархал, монголчууд бидний эрхэм үүрэг юм.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Улиран одож буй Модон могой жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 60 гаруй мянган хүүхдээр ам бүлээ нэмж, бид гурван сая 592 мянгуулаа боллоо.

Малчин, тариаланч түмнийхээ нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хангай дэлхийн хишиг буянаар эрдэнэт мал сүргийн тоо толгой 60 саяар тоологдож, 745 мянган тонн үр тариа, ургац хураан авлаа.

Манай улсын эдийн засаг зургаан хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц зургаан тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.

Улиран одож буй Могой жилд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.

Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.

Миний Монголын ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эзэн Богд Чингис хаан бол Монгол төр, монгол түмний эрхэм дээд шүтээн билээ.

Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа бидний эрхэм үүрэг мөн.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гарган хэрэгжүүлж байна.

Их хааныхаа музейг байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн хүндэтгэн залсны зэрэгцээ монгол түмний бахархал монгол морио алдаршуулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа.

Ингэснээр дэлхийн улс орнууд энэ өдрийг манай Үндэсний их баяр наадмын өдөр тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байна.

Ирж буй Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.

Энэ тэгш ойг тохиолдуулан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг Гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа.

Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна.

Ийнхүү Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо.

Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн Морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.

Ирж буй Гал морин жилдээ төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.

“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь галын дөл шигээ өөдөө байж, өтгөс буурлууд маань энх тунх, идэр залуус маань цог жавхаатай, хүүхэд багачууд маань цовоо сэргэлэн, төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.


0
angry
1
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 5 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 5 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 21 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр