​​М.Нарангэрэл: Монгол Улс түүхэндээ анх удаа 808 мянган жуулчин хүлээж авсан

Б.Хонгорзул
2026/01/26

GoMongolia брэндийг гаднын экспертүүд ажигладаг болсон нь нэр хүндтэй интернэшнл, Netflix, BBC, CNN, сошиал нөлөөлөгчид гэх мэт нэр хүндтэй олон газраас ирж буй саналаас харагдаж байна-

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй ярилцлаа.

  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос”-ын индрээс аялал жуулчлалын салбар жил бүр арав гаруй хувийн өсөлттэй яваа, үүнд “Go Mongolia гэх мэт шийдэл шийдвэрүүд нөлөөлсөн гэсэн утгатай үг унагалаа. Манай улс UN-ийн “World Tourism Barometer” 2025 оны тайлангаар дэлхийн аялал жуулчлалын сэргэлт үзүүлсэн эхний 20 улсад багтсан. Монгол Улсыг түүхэндээ анх удаа 800 мянган жуулчин хүлээн авсан. Гэх мэтээр “Go Mongolia”-гийн үр дүнг яривал өчнөөн баримт онцолж болно.  UN Монголыг аялал жуулчлалын сэргэлттэй улсын тоонд багтаасан нь аялал жуулчлалд  шууд утгаараа ямар эерэг нөлөө үзүүлэх бол?
  • Таны сая хэлсэнчлэн Монгол Улс маань  аялал жуулчлалын сэргэлттэй шилдэг 20 оронд багтаж, 15-д орсон нь олон улсын зах зээлд маш том мессэж болж очино. Аялалын агент, тур оператаруудын анхааралд өртөж, аялагчдын аль улс руу аялах вэ гэсэн сонголтод шууд нөлөөлнө. Манай улс нэгдсэн өнгө төрх бүрдүүлж гадагшаа чиглэсэн бүхий л үйл ажиллагаанууддаа “GoMongolia” брэндинг гаргаж олон улсад богино хугацаанд үр дүнтэйгээр сурталчилж чадсан. Жилдээ дэлхийн томоохон 3 экспод оролцдог байсан бол 10 гаруй экспо болгож нэмэгдүүлсэн. “GoMongolia” бол  маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлсэн бодлого шийдвэр. Энэ бүхний үр дүн явсаар 2025 онд дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр Монгол Улс өсөлттэй гарч, эхний 20 орны нэгээр шалгарсан юм. 2024 онд жуулчдын тоо өмнө байгаагүйгээр өссөн нь “Go Mongolia”-гийн  нөлөө. Ийм бодитой үр дүн гарч эхэлсэн учраас тухайн үеийн Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих жилийг ирэх 2028 он хүртэл уртасгаж зарласан.
  • -“GoMongolia” брэндээс өмнө Монголын аялал жуулчлал ямаршуухан байсан бэ?
  • 2023 онд ковидын дараах аялал жуулчлалын нөхцөл байдал дэлхий даяараа хүнд байсан. Ковидын дараа бүх улс орон аялал жуучлалын салбарт нэг гараанаас хөдөлсөн гэж манай салбарынхан үздэг. Аялал жуулчлалаар дэлхийд яаж өрсөлдөж гарч ирэх вэ гэдэг улс орон болгоны Засгийн газрын тулгамдсан асуудал болчихсон байсан л даа, тэр үед.  Манай улс тэр үед маш зөв алхам хийсэн. Монгол Улсыг нэгдсэн өнгө төрхтэйгөөр сурталчлах “GoMongolia” үндэсний брэндингийг 2023 оны арванхоёрдугаар сараас бүх салбарт нэвтрүүлж чадсан.
  • Go Mongolia-гаас өмнө ямар нэр, ямар тодорхойлолт ашиглаж байлаа?
  • Өмнө нь Nomadic Mongolia гэх үгийг олон жил хэрэглэсэн.
  • Одоо бол дэлхийн улс орнуудад бид Go Mongolia гэсэн брэндээр танигдах болсон. Ингэхэд Go Mongolia брэнд дээр голлож ажилласан хүмүүсийг нэрлээч?
  • Тухайн үеийн Засгийн газрын танхимын Соёлын сайд Ч.Номинг онцолж хэлмээр байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам  голлон ажилласан газрын нэг. 
  • Go Mongolia брэндингийг салбарт ашиглаж эхэлсэн нь хурдтайгаар үр өгөөжөө өгөх том шалтгаан болжээ гэж харлаа?
  •  “GoMongolia”-г 2023 онд  танилцуулж  соёл урлаг, экспорт, аялал жуулчлал, уул уурхай гээд бүх салбарт энэ брэндингийг ашиглаж эхэлсэн. Тэгсэн учраас Монгол Улсыг богино хугацаанд амжилттай сурталчилж олон улсад таниулсан. Олон улсын аялал жуулчлалын талбарт “GoMongolia” мессэж брэндинг маш амжилттай хүрсэн. Үр дүн нь Монгол Улс 2024 онд 808 мянган жуулчин хүлээж авсан. 808 мянган жуулчны ард агаарын тээвэр, зочид буудал, жуулчны бааз, хөдөө орон нутгийнхан гээд  орлого олж болохуйц салбаруудад жуулчдын мөнгө шингэсэн. Манай улсад ирж буй нэг жуулчин хамгийн багадаа 1500-3500 орчим ам.долларыг аяллынхаа турш зарцуулдаг гэсэн тооцоо байдаг.
  • Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу Ч.Номинг аялал жуулчлалын салбар хариуцаж байх үед танай салбарын хууль эрх зүйн орчин үсрэлт хийсэн гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?
  • Аялал жуулчлалтай холбоотой хууль шинэчлэгдээгүй бараг 20 жил болчихсон байсан нь бодит үнэн. Олон улсын байгууллагын зүгээс “Та нар аялал жуулчлалын салбараа хөгжүүлмээр байгаа бол бодлогын бичиг баримт бүхий хуулиа эхэлж зөв гарга” гэх зөвлөмжийг өгсөөр ирсэн. Жил болгон хуулийг шинэчлэх ажлын хэсэг яаман дээр байгуулагддаг ч хууль шинэчлэгдэж чадаагүй байсан нь мөн л булзах аргагүй үнэн. 2023 онд тухайн үеийн Засгийн газар онцгой ач холбогдол өгч, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын суурийг нь тавья гэж зоримог шийдвэрлэж чадсан нь бас л үнэн бодит баримт. 2023 онд хуулиа шинэчлэн батлуулж чадсанаар дагалдах олон бодлогын бичиг баримтууд дүрэм журам өнөө үетэйгээ нийцэж шинэчлэгдэж гарсан.
  • Үр дүнд нь аялал жуулчалын салбарт ямар өгөөж ирэв, та бодитой тоонууд сонирхуулаач?
  • Жуулчдын тоо нэмэгдсэн. Өмнө нь долоо хоногтоо нийт 12-16 нислэг авдаг байсан бол одоо нэг өдөрт л 16-20 нислэг явж байна. Шинэчилсэн хуультайгаа нийцүүлээд жуулчдад хамгийн их саад болж байсан нислэгийн хүртээмжийн асуудлыг давхар шийдсэн. Нислэгийн хүртээмжээ Монгол Улсад нээнгүүт түүнд нийцсэн бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах эрэлт үүснэ. Тэрхүү эрэлтэд нийцүүлсэн Монгол гэх нэгдсэн урсгалтай,  нэгдсэн нэг бодлого хэрэгтэй байсан. Тэр нь “Go Mongolia” байж чадсан. Түүнээс биш компани бүр өөр өөрийн дураар жил бүр өөр өөр яриад яваад байсан бол өнөөдрийн үр дүн гарахгүй байсан. Дахиад хэлье,  бүх салбар нь нэгдсэн бодлого дор зангидагдаж, улсаа сурталчлах том  стратеги хэрэгжсэн нь  “GoMongolia”. 
  • Go Mongolia амжилттай хэрэгжсэн олон шалтгаан бий, хоёулаа ч цухас ярилаа. Гэхдээ нэг том шалтгааныг нь нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?
  • Аялал жуулчлалын тухай  хуулиар Ерөнхий сайд нь Монгол Улсыг гадаад улсад сурталчлах Үндэсний хороог ахална гэсэн тогтолцоог  бий болгосон. Энэ нь ажил явуулахад маш чухал шийдвэр болсон. Аялал жуулчлалын салбар нь оролцогч олонтой, салбар бүрийг хамардаг. Бид өмнө нь нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд 5-6 яам дамжиж эцэстээ салбар дундаа асуудал маань замхардаг байсан. Одоо бол хүнд сурталгүй, уялдаа холбоотойгоор нэг дор шууд асуудлаа шийдвэрлээд явах боломжтой болсон.
  • Та түрүүн хэллээ л дээ, Go Mongolia-г хэрэгжүүлэхэд хэд хэдэн яамдын оролцоо бий гэж. Гэхдээ голлож ажилласан нь яам гэж бий байх?
  • “GoMongolia”-г хэрэгжүүлэхэд Соёлын яам, Гадаад харилцаа, Зам тээвэр гэх мэт үндсэн яамд оролцоотой ажилласан ч Соёлын яам бодлого стратеги дээрээ сайн сууж ажилласан. Их хурлын гишүүн Ч.Номин Соёлын сайдаар анх ажиллаж эхлэхдээ бидэнд “Аялал жуулчлалын салбарыг урт хугацаанд хэрэгжих сайн бодлогын баримт бичигтэй болгоод өгчихье, сайдаар ажиллах хугацаандаа миний амлах зүйл энэ” гээд ажлаа эхэлж байсан. Түүний зүгээс салбар хариуцсан сайдын хувьд  гадаадад сурталчлах олон улсын аялал жуулчлалын экспо төсөлд оролцох талбайг томосгож, төсвийг тодорхой хэмжээнд нэмж өгсөн. “Та нар ийм жижигхэн талбайд яаж улс орноо сурталчлах юм бэ. Улс орны нүүр царайтай холбоотой асуудал. Талбайгаа нэг дахин томруул” гээд сурталчилгааны зардал төсвийг ч нэмсэн. Мөн салбарынхны хүсэн хүлээж байсан урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох зургаан хувийн хүүтэй зээл ч Ч.Номинг Соёлын сайдаар ажиллаж байх хугацаанд шийдвэр нь Засгийн газраар гарсан. Мөн аялал жуулчлалын  сургалтын төвийн үйл ажиллагаагаа эхлүүлж, аялал жуулчлалын салбарт хамгийн хэрэгтэй байгаа хүний нөөц бэлтгэдэг сургалтын төвийг ашиглалтад оруулах үед дэмжлэг үзүүлсэн. Ямартаа ч Ч.Номин Соёлын сайдаар ажиллах хугацаандаа аялал жуулчлалын салбарт бодлогын чанартай томоохон ажлуудыг эхлүүлж хамтарч хэрэгжүүлсэн.
  • Ч.Номин Соёлын сайд байхдаа “GоMongolia”-гийн хүрээнд “BBC”, “CNN гэх мэт дэлхийн сувгуудтай хамтран ажиллах, дэлхийн сошиал нөлөөлөгчдийг урьж авчирсан, тэр хэрээрээ ч багагүй дайралт, шүүмжлэлд өртсөн улстөрч. Түүний энэ шийдэл аялал жуулчлалын салбарын өнөөгийн өсөлт, үр дүнд нөлөөлж чадсан уу. Монголыг дэлхийд  сурталчлахад тод мессеж болж чадсан уу?
  • Аялагчдын сэтгэл зүйд тулгуурласан бодлого гарч байж аялал жуулчлал хөгжинө. Бидний хувьд нэгдүгээрт Монголыг хэн сонирхох вэ гэдэг судалгааг хийсэн. Хоёрдугаарт, Монголыг хэн хайлтын систем дээр хайж байна вэ гэдгийг насны бүтцээр нь сонирхсон. Ямар түлхүүр үг ашиглаж байгааг нь ч тандсан. Ингээд харахаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд 50-иас дээш насны орлоготой европ эсвэл япончууд л Монголыг нэлээн өвөрмөц орон гэж үздэг нь тодорхой болсон. Тийм зах зээл дээр манай аялал жуулчлал  борлогддог байсан гэсэн үг. Залуусын хувьд Монголыг хол, үнэ өртөгтэй бас очоод юу хийх нь тодорхойгүй  гэж үздэг учраас төдийлөн сонирхдоггүй гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр аяллын агентууд яг энэ чиглэлд, залууст анхаарч ажиллах хэрэгтэй болж таарна аа даа. Гадны хандалттай суваг, сошиал нөлөөлөгчдөөр Монголоо богино хугацаанд амжилттайгаар  сурталчлуулж, контентоо цацуулах эрэлт өндөр байсан учраас тийм алхмууд хийсэн гэж хардаг.
  • Хөлбөмбөгийн “Fulham” баг Монголыг сурталчилж байсан. Их мөнгө зарцуулсан гэх мэт шүүмжлэл их байлаа.  Тэдэнтэй хамтарсан ажлын үр дүнгийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
  • Хөлбөмбөг бол дэлхий дээрх хамгийн олон үзэгчтэй спорт. Тухайн багийн шууд дамжуулалт буюу эфирийн үзэгчдийн тоо маш өндөр. Хэдэн зуун сая хүн үздэг гэх эдийн засгийн үндэслэлийг тооцохгүйгээр шүүмжлээд байх шиг байгаа юм. Үнэхээр барууны зах зээл дээр гаръя гэж бодож байгаа бол хөлбөмбөгийн фанатуудын анхааралд орох алхам нь зөв шүү дээ. Улс бодлогоо хаана, ямар хугацаанд гаргана гэж тооцоолсон тэр аргачлалаар тооцоолж хийсэн ажил байх. Тухайн үеийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос гаргасан шийдвэр байсан.
  • Дэлхийн мэдээллийн хүчирхэг суваг, олон сая дагагчтай сошиал нөлөөлөгчдөөр улсаа сурталчлуулах ажлыг огт зогсоолгүйгээр үргэлжлүүлэх ёстой юм байна даа. Тэгж байж залуусыг Монгол руугаа татах юм байна?
  • Санал нэг байна. Улс орноо сурталчлах ажиллагаагаа хаяж болохгүй. Жил болгон л идэвхжүүлэх ёстой.
  • Go Mongolia-гаас хойш гадныхны Монголыг гэх сонирхол өссөн эсэхийг аялал жуулчлалын салбарынхан л хамгийн түрүүнд хамгийн тод мэдрэх учиртай. Жишээ нь танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
  • “GoMongolia” хэрэгжсэнээр гадаад орчинд аялалын компаниуд манай улсыг биднийг сонирхоод байгаа нь илт мэдэгдэх болсон. Контент хийдэг, маркетингийн компаниуд, гадны салбар бүхий л том компаниуд Монголыг ажиглаж анзаарч хардаг болсон. Сая гэхэд л  Netflix-ээр “Physical Asia”-д монголчууд оролцсон доо. Бид  санаандгүй  явж байгаад тэр  том компанийн нүдэнд өртсөн юм биш шүү дээ. Манай улсын явуулсан бодлого, өөрсдийгөө харуулах илэрхийлэмж нь олон улсын экспертүүдийн анхааралд өртсөнийг харуулж буйн нэг том кейс.  Монгол Улс залуу аялагчдын тавцан дээр гарч ирье гэж зорьж ажилласан. Тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөөр л байна.

Go Mongolia-гийн хүрээнд Аялал жуулчлалын сургалтын төв нээгдэв. Соёлын сайд асан Ч.Номин 2025 он.


  • Go Mongolia-гийн үр дүнд жуулчдын тоо буурах эрсдэл бий юу?
  • Одоо жуулчдын тоо огцом буухгүй гэж харж байна.
  • GoMongoliaМонголын нэр хүндийг олон улсын хараанд өртүүлж, маш олон  санал тавигдахад нөлөөлсөн гэв үү. Анхааралд өртсөн энэ үедээ ямар бодлого шийдвэрээр ажиллавал жуулчдын тоогоо илүү өсгөх вэ?
  • Одоо цаашаа  “GoMongolia”-г үргэлжлүүлэх эсэхийг яаралтай мэдэж авмаар л байна. Аяллын компаниуд 2026 оны төлөвлөлт төлөвлөгөөнүүдээ хэдийнэ эхэлж, олон улсад сурталчлах ажил эхлэх гэж байна. “Бид энэ концепцийг үргэлжлүүлэх үү” гэдэг нь биднээс илүүтэй олон улсын байгууллагуудын асуултын тэмдэг болж байна.  Дотооддоо маш их шуугьж, элдэв мэдээлэл  цацагдаж байгаа учраас олон улсын экспертүүдийн хараанд өртөж л байгаа. Нэг зүйлийг зориуд онцолмоор байна.  “GoMongolia” брэндийг гаднын экспертүүд ажигладаг болсон нь нэр хүндтэй интернэшнл, Netflix, BBC, CNN, сошиал инфлүүнсерүүд нэр хүндтэй олон газруудаас ирж буй саналаас харагдаж байна. Хамтарсан кино хийх санал ирж байна. Маркетингийн шинэ сувгууд хамтарч ажиллая гэсэн хүсэлтүүдийг бидэнд тавьсаар  байгаа. Өөрөөр хэлбэл  Монгол Улс “Go Mongolia” брэндингээрээ жуулчдыг  татах зорилгодоо хүрч, аялал жуулчлалын сэргэлтээрээ дэлхийд эхний 20-д багтчихлаа. Бид жуулчны тоогоо тоолоод байгаа боловч жуулчдаас орж ирж буй эдийн засгийн үр өгөөж, ажлын байр орон нутгийн эдийн засаг яаж тэлж өсөх  боломжийг статистикээр нарийн тодорхой судалж, гаргаж ирдэггүй. Гадны байгууллагууд манайхыг өсөлттэй гэж тодорхойлчихоод байдаг ч бид өөрсдөө дотооддоо хүлээн зөвшөөрөхгүй улстөржүүлэх гэх мэтээр үгүйсгэдэг тал бий. Энэ бүхэн гадаад ертөнцөд буруу мессэж болж очдогийг ухаж ойлгоосой л гэж хүсч байна даа. Төгсгөлд нь онцлоход, “GoMongolia”-г цаашид урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж байж үр дүн нь жинхэнэ утгаараа, бүрэн дүүрэн гарна. Дөнгөж ажил эхлэнгүүт элдэв дүгнэлт хийж, үр дүн нэхэж, дахиж өөр бодлого руу ороод тогтворгүйтээд байх юм бол цаашдаа бидэнтэй олон улсын байгууллагууд хамтарч ажиллах хүсэлгүй болно. Хэрвээ олон улсын байгууллагууд бидэнтэй хамтарч ажиллах хүсэлгүй болбол бид ямар ч гоё юм хийж, яаж ч хүмүүсийн анхааралд өртөөд нэмэргүй.

                                                                                                                                              Эх сурвалж: “Өдрийн сонин”

 


4
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 3 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 4 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 4 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 5 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 6 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 6 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 7 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 7 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 8 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 9 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 11 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр