Х. Ганхуяг: Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлнэ

Ц.Цэрэнбадам
2025/12/11

11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

Хүйтний эрч эрс чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбоотой Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК ын дарга Х.Ганхуяг Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж 21 аймгийн удирдлага холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийж үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанаар өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээллээ.
Монгол улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Х.Ганхуяг ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшаан, зудын өндөр эрсдэлтэй нөхцөлд 1 дүгээр сараас шаардлагатай хангалтыг хүргэхээр бэлтгэж буйгаа мэдээлэв. Мөн өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, 1 дүгээр сарын 10–20-ны хооронд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байна гэв. Баруун бүсийн аймгуудын түлш, шатахууны нийлүүлэлт өнөөдрөөс хэвийн болсон бөгөөд бусад аймагт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийхийг үүрэг болголоо.

УОК-ын нарийн бичгийн дарга Л.Баярхүү мэдээлэхдээ улсын хэмжээнд шатахууны импорт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгжийн түгээлт, зохион байгуулалтаас болж хүндрэл үүсэж байгааг онцлон Улсын онцгой комисс болон Шадар сайдын түвшинд анхаарал хандуулан, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Улсын нөөцийн газартай хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал мэдээлэхдээ, ирэх өвөл–хаврын бэлчээрийн даац улсын нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй, 40 гаруй хувьд хэтэрсэн байгааг онцлов. Урьдчилсан тооцооноос үзэхэд малын өвөлжилт нийт нутгийн 4%-д нэн их, 17%-д их, 33%-д дунд, 25%-д бага зэрэг хүндрэлтэй, харин 21%-д хүндрэлгүй байх төлөвтэй байна. Энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай, бусад нутгаар ОЖД-ын орчим цаг агаар ажиглагдах төлөвтэй бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэв.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуй, генетик, нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан аймаг, сумдын түвшинд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлд нийт 16.37 тэрбум төгрөг зарцуулж, улсын хэмжээнд 1.4 сая тонн хадлан, 6.8 мянган тонн сүрэл, 72.5 мянган тонн ногоон тэжээл болон бусад шаардлагатай тэжээл, давс, хужрыг бэлтгэн нөөцөлснийг мэдээлэв.


2025–2026 онд улсын хэмжээнд 211.6 мянган малчин өрхийн 60.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар бөгөөд үүнээс 16.6 мянган өрхийн 5.7 сая толгой мал отроор өвөлжих төлөвтэй байна. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын хүрээнд хонин толгойд шилжүүлснээр 2025 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 4.2 сая мал эдийн засгийн эргэлтэд орсон гэж мэдээллээ.

Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллахын зэрэгцээ малчдад төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх, сурагчдын аюулгүй байдлыг хангаж хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, цас, шуурга, хүйтрэлтэй үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг ханган, отор, өвөлжилт хүндрэх айл өрхийн судалгааг гарган үйлчилгээ шуурхай үзүүлэх, төв суурин газрын иргэдийг дулаан, эрчим хүч, түлшээр тасралтгүй хангах, зам даваа хаагдсан тохиолдолд нээх бэлэн байдлыг бүрдүүлэх, зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, мөн мал өвөлжилтийн эрсдэл өндөр бүс нутагт онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд авто зам хаах зохицуулалтыг мөрдөж, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүргийг өглөө.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр