Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөр гуайг “Ардын жүжигчин” цолоор шагнуулахаар нэр дэвшүүлээд байна

Б.Хонгорзул
2025/11/19

2025 онд Монголын урлагийн салбарт олон арван жил үр бүтээлтэй ажилласан хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөр гуайг “Ардын жүжигчин” цолоор шагнуулахаар Дундговь аймгийн Засаг дарга албан тоот хүргүүлээд байна.
Д.Баттөмөр гуай 1942 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Их, Бага Хонгорын дэргэдэх Хонхорын бууцанд төрсөн бөгөөд монголын нийтийн дууны алтлаг үеийг бүтээлээ. Тэрбээр 60-аад оноос эхлэн “Намуун үдэш”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг бүтээлээрээ олонд танигдсан бол 70-аад онд “Миний нутгийн бараа”, “Дуу минь дуу минь”, “Сайн нөхрийн ерөөл”, “Цэцэгт цэнхэр алчуур”, 80-аад онд “Би хаана төрөө вэ”, “Есөн эрдэнийн орон”, “Дорнын цагаан сар”, 90-ээд онд “Бодлын цагаан хун”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Долоон бурхан” зэрэг дуунуудаа зохиосон нь Монголын дууны урлагийн сан хөмрөгт байнгын үнэт өв болж үлдсэн юм.
1960 онд АДБЧ-д “Их хуур”-ын хөгжимчнөөр ажлын гараагаа эхэлж, мэргэжлийн боловсролгүй ч авьяас, зүтгэлээрээ анхны ая, дуунуудаа туурвиж эхэлсэн бөгөөд улмаар оройгоор аравдугаар анги төгсөөд ЗХУ-ын Улан-Үдэ хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн Хөгжмийн удирдаачийн ангид 1968–1972 онд суралцаж төгссөн байна.
Тэрээр 1962 онд Финлянд улсад болсон Дэлхийн залуучууд, оюутны их наадамд хамт олноороо оролцож Алтан медаль хүртсэн бөгөөд Унгар, Польш, Чех, Болгар, Румын зэрэг оронд Монгол Улсын соёл, урлагийг сурталчилж байв.
Сургуулиа төгссөний дараа Соёлын яамны томилолтоор Сүхбаатар, Ховд, Орхон зэрэг аймаг болон Улаанбаатар хотын соёл, боловсролын байгууллагуудад хөгжим, найрал хөгжим, удирдаачийн чиглэлээр багшилж, олон зуун шавь бэлтгэсэн байна. Мөн Дундговь, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Архангай, Дорноговь аймаг, тэргүүтэй улс орон даяар уран бүтээлийн тоглолтуудаа хүргэжээ.
Түүний хөдөлмөр, авьяас, бүтээлийг төрөөс шат дараатай үнэлж 1982 онд “Соёлын тэргүүний ажилтан”, 1986 онд “Алтан намар” хөгжмийн наадмын шагнал, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны нэрэмжит шагнал, 1991 онд “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагнал, 1993 онд “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнасан байдаг.
Монголын хөгжмийн урлагт хагас зуун жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрийг нь үнэлж, “Ардын жүжигчин” цолоор шагнуулахаар нэр дэвшүүлээд байна.


1
angry
2
care
0
haha
6
liked
7
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18