Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо

Б. Пагамдулам
2025/11/13

Улсын Их Хурлын чуулганы (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох тухай асуудлуудыг дараалан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай хэлэлцүүлгээс авсан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын таван хоногийн завсарлага дууссан тул тус бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлын цаана хууль хоорондын нийцлийг хангах, Монгол Улсын Үндсэн хуультай бусад хуулиудыг нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах зэрэг системийн ажлууд хүлээгдэж байгааг онцлоод, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлууд нээлттэй байгаа гэж үзэж буй зарчмын байр суурь дээрээ хэвээр байгаа гэдгийг мэдэгдлээ.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяад хариуцлага хүлээлгэж Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Үүний дараа Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн, парламентад ажилласан байдал, боловсрол мэдлэг туршлага зэргийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлж буйг өгүүлээд, түүний товч намтрыг дурдсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 1965 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн, автын инженер, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар, 2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллажээ. Ж.Бат-Эрдэнэ 2016, 2020 онд Булган аймгийн, 2024 онд Хойд бүсийн иргэдийн итгэлийг хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон бөгөөд 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар, 2024-2025 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2025 оны зургаадугаар сараас Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажилласан туршлагатай юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ намын бүлгийнхээ гишүүдийн 100 хувийн дэмжлэг авсныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.0 хувь нь дэмжсэнээр “Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тогтоолыг уншиж танилцуулан, шинээр сонгогдсон дэд даргыг суудалд нь урив.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргаар сонгосонтой холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, энэ хооронд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.

Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэж, ил санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд үг хэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйлийг сорьсон өдрүүд өнгөрч буйг сануулан, Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдож, улмаар хууль тогтоох байгууллагыг тодорхой хугацаанд тэргүүлэхээр болж буй Ж.Бат-Эрдэнэ гишүүнд хандан парламентын нэр хүнд, хууль тогтоогчдын ёс зүйг өндөржүүлж, ард иргэдийн итгэл, засгийн эрх барих эрхийг хангаж, парламентат ёсны дархлааг хамгаалахыг захив.

“Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” тогтоолын төслийг баталъя гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 79.0 хувь нь дэмжлээ. Тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын даргын албан үүргийг гүйцэтгэж байхыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд даалгасан байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 6 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 6 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 9 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 23 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр