Стратегийн орд эзэмшигчид Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ

Ц.Цэрэнбадам
2025/09/22

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, Ажлын хэсэгт тодорхой чиглэл өглөө.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээд эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

Стратегийн ордуудын өгөөжийг шударгаар хуваарилах, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь энэ уулзалтын зорилго юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн хоёрдугаар хэсэг болон Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж буйд талархал илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд стратегийн ордууд Монголын эдийн засгийн хөдөлгүүр байлаа. Харин одоо ард түмний эрх ашиг, ирээдүйн баталгааг дээдэлж, хамтын хариуцлагыг ухамсарлах цаг ирлээ. Иймд ил тод, нээлттэй, тэгш шударга, хууль дээдэлсэн, харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа чухал. Ингэж байж нийгмийн хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай уул уурхай хөгжинө гэлээ.

Ерөнхий сайд гурван зарчим баримталж буйгаа танилцууллаа.

  • Иргэн бүрд үр өгөөж хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх,
  • Бүтээмжтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай төр, хувийн хэвшлийн түншлэлд хүрэх,
  • Үндэсний баялгийн санг арвижуулж, Монголын ирээдүйг баталгаажуулах нь бидний зорилго гэв.

Ингэхдээ Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тус сангийн хуримтлалыг орон сууцны зээлийн эх үүсвэр болгох боломжийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжиж хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа оролцогчид илэрхийллээ.

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга Г.Батцэнгэл салбараа төлөөлж үг хэллээ. АМНАТ-ийн 65 хувийг Ирээдүйн өв санд цуглуулаад хадгалчиж байгаа юм. Өнөөдөргүй ирээдүй гэж байхгүй. Өнөөдөр иргэдэд энэ сангийн хуваарилалт очих ёстой. АМНАТ бол борлуулалтын орлогоос шууд татдаг хамгийн эрсдэлгүй татвар. Иймд АМНАТ-ийн тодорхой хэсгийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй. Ингэвэл ард иргэд уул уурхайн салбарыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй яриа хэлэлцээ хийх замаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх талаар санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэ асуудлыг ирэх аравдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд С.Бямбацогтод үүрэг болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан.

Үндсэн хуулийн энэ зарчим, үзэл санааг баталгаажуулж Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрд ногдох хувь хэмжээг тогтоох, түүнд хамаарах ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны наймдугаар сард захирамж гаргаж, Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаа явуулж буй болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээ хийж байна.

Ажлын хэсэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлж, хууль ёсны эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Тэгш, шударга, нээлттэй байх зарчим баримтална. Мөн баялаг бүтээгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд аливаа үндэслэл, шаардлагагүйгээр саад бэрхшээл учруулахаас сэргийлж ажиллана гэлээ.


1
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 4 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 4 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 5 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ 22 цагийн өмнө
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ 23 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Хөвсгөл нуур, туул, орхон голд мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн байна Өчигдөр