Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Ц.Цэрэнбадам
4 цагийн өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаатай ярилцлаа.

-Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудын хөрөнгө, орлого, зарлага гэх мэт санхүүгийн мэдээллийг олон нийтэд ил болгосон нь анхны тохиолдол байх. Улс төрийн намын тухай хуульд заасан намын үйл ажиллагаа, хөрөнгө орлого ил, тод байх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож байна, зөв үү?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 1 дүгээр дугаар сарын 1-ээс мөрдөж байгаа. Энэ хуульд улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, нээлттэй байлгах, улмаар иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар намууд санхүүгийн тайлангаа жил бүр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх бөгөөд  Сонгуулийн ерөнхий хороо үе шаттай хяналт хэрэгжүүлсний дараа олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн гэсэн үг.

Сонгуулийн ерөнхий хороо намуудын 2024 оны санхүүгийн тайланг 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авсан. Хуульд заасны дагуу хараат бус аудитын байгууллагад намуудын санхүүгийн тайланг хүргүүлж, дүгнэлт гаргуулж, үүний дараа Сонгуулийн ерөнхий хороо дараагийн хяналтыг хэрэгжүүлээд, Үндэсний аудитын газарт мөн хүргүүлж, дүгнэлт гаргуулсны дараа Сонгуулийн ерөнхий хороо дүгнэлтүүдэд үндэслэж, намуудын хөрөнгө, орлого, санхүүгийн мэдээллийг эмхэтгэл болгон олон нийтэд мэдээллэж байнгаа юм.

-Улс төрийн намын 2024 оны санхүүгийн тайлангийн эмхэтгэлд бүх намын хөрөнгө, санхүүгийн мэдээлэл байгаа гэсэн үг үү?

-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий. Түүнээс 28 нам Сонгуулийн ерөнхий хороонд үйл ажиллагааны товч тайлан болон 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн.

Тайлангаа ирүүлсэн 28 намын хөрөнгө, орлого, өр авлага, зардлын мэдээллийг дүгнэсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлт нам тус бүрээр, Үндэсний аудитын байгууллагаас ирүүлсэн албан бичиг болон Сонгуулийн ерөнхий хорооноос хэрэгжүүлсэн “Намын 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангийн хяналтын ажлын нэгтгэсэн тайлан” зэрэг маш их мэдээлэл бий. Түүнчлэн Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн дүнгээр нийт сонгогчдын 1 ба түүнээс дээш хувийн санал авсан улс төрийн намд төрөөс олгох санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр дээрх эмхэтгэлд орсон.

-Улсын Их Хуралд суудалтай намуудад санхүүжилтийг ямар тооцооллоор хэрхэн олгож байна вэ. Намууд санхүүжилтээ авчихсан уу?

-Улс төрийн намын тухай хуульд зааснаар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намууд төрөөс шууд болон шууд бус дэмжлэг авах эрхтэй болдог. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр 7 нам, эвсэл төрөөс санхүүжилт авах эрхтэй болсон. Шууд бус дэмжлэгийн тухайд хуралдах байр, танхимаар жилд нэг удаа хангах, МҮОНРТ-ээр улирал тутам 30 минут үйл ажиллагаагаа олон нийтэд мэдээлэх эрхтэй зэрэг шууд бусаар дэмжих зохицуулалт бий. Намууд энэ дэмжлэгээ Сонгуулийн ерөнхий хороонд саналаа ирүүлээд, үүнийхээ дагуу авч байгаа. Шууд дэмжлэг гэдэгт төрөөс олгох санхүүжилтийг ойлгож болно. Төрөөс олгох санхүүжилтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хуульд заасан томъёололын дагуу тооцож, хоёр төрлийн санхүүжилт олгох тухай ойлголт юм. Үүнээс жил бүр олгох санхүүжилт нь сонгогчдын саналын тоо, Улсын Их Хуралд авсан суудлын тоотой уялдаж тооцогддог. Харин дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилт нь тухайн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо хөгжлийн бэрхшээтэй иргэн болон хүйсийн квотоос илүү эмэгтэй нэр дэвшигч өрсөлдүүлсэн тоог мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан томъёолж олгохоор хуульчилсан.

Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан томъёоллоор тооцож 2024 оны 9 дүгээр сард улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээлсэн. Ингэхдээ нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авсан 7 нам, эвсэлд нийт 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох дээд хэмжээг тогтоосон. Намд төрөөс санхүүжилт олгохдоо тухайн намын тухайн жилийн санхүүгийн тайланг хянаж, дүгнэж, мөн тайланд тусгагдсан 4 төрлийн орлогын хэмжээнд үндэслэх хуультай.

Санхүүгийн тайланг нь хөндлөнгийн аудитын байгууллага хянаж дүгнэлт гаргасны дараа Сонгуулийн ерөнхий хороо дүгнэлт гаргадаг. Дүгнэлт гаргасан тайлангаа Үндэсний аудитын газарт хүргүүлдэг. Үндэсний аудитын газар дүгнэлт гаргасны дараа төрөөс олгох санхүүжилтийг эцэслэн тогтоодог. Ингээд Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн намын жилийн эцсийн тайланд нь үндэслээд 2025 оны 5 дугаар сард санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон. Улс төрийн намын тухай хуульд төрийн санхүүжилт авах эрх үүссэн намд төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ нь тухайн намын сонгуульт гишүүний татвар, гишүүний татвар, иргэний өгсөн хандив, хуулийн этгээдийн өгсөн хандив гэсэн 4 төрлийн орлогын нийлбэрийг 2 дахин нэмэгдүүлснээс илүү байж болохгүй гэж заасан. Эдгээр зохицуулалтаас хамаараад намуудын санхүүгийн тайлангийн дүгнэлтэд тулгуурлаад, 4 төрлийн орлогын нийлбэрт үндэслээд улс төрийн нам, эвсэлд 2025 онд төрөөс олгох нийт санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөгөөр тогтоосон. Улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн хэмжээг тогтоосон шийдвэртэй Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ цахим сайт болон дээр дурдсан “Улс төрийн намын 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлан” эмхэтгэлээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Өмнө нь бол зөвхөн Улсын Их Хуралд суудалтай нам л төрийн дэмжлэг авах эрх үүсдэг байсан бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар сонгогчдоос авсан дэмжлэгдээ үндэслэн хуульд заасан томьёоллын дагуу дээр дурдсанаар дэмжлэг авахаар болж байна. Төрөөс үзүүлж буй дээрх дэмжлэг нь намыг дотоод ардчиллалтай болгох, улсын хэмжээний хөтөлбөр боловсруулж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байх, иргэдийн сонгууль улс төрийн боловсролд зориулан хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх, мөн намын бодлогын дотоод институтээ хөгжүүлэхэд зориулах зэргээр зориулалтыг нарийвчлан тодорхой хуульчилж өгсөн онцлогтой юм. Хуульд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан, зарцуулсан эсэхэд үндсэндээ 3 үе шаттай хяналтыг хэрэгжүүлэх бөгөөд зөрчсөн тохиолдолд намыг идэвхгүйд тооцох хүртэлх арга хэмжээ авахаар хуульчилсан онцлогтой.

-Төрөөс олгож байгаа санхүүжилт жил бүр өөрчлөгдөх үү?

-Дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилт сонгуулийн дараа жилд л олгогдоно. Ирэх жил тэр санхүүжилт нь хасагдаад жил тутам авах санхүүжилтээ авна гэсэн үг. Гэхдээ өмнөх жилд авсан санхүүжилтээ хуульд заасны дагуу зарцуулсан эсэхэд аудитын байгууллага хяналт тавина.

Хуульд заасны дагуу сонгогчдод боловсрол олгох, гишүүдээ хөгжүүлэхэд ч юм уу зарцуулаагүй бол дараагийн жилд тэр санхүүжилт хасагдаад л явна гэсэн үг. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад удаа дараа сургалт, мэдээлэл өгч хамтран ажиллаж байгаа.

-Зориулалтын дагуу зарцуулахгүй бол санхүүжилтээ үргэлжлүүлэн авах боломжгүй гэсэн үг үү?

-Зарцуулалтад нь хяналт тавьсны үндсэн дээр дараа жилийн санхүүжилтийн хэмжээг тогтооно. Тодруулбал,  төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх, 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах,15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулна гээд нарийн заагаад өгчихсөн.

-Намуудад төрөөс санхүүжилт олгодог жишиг олон улсад бий юу. Ер нь улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан ил тод болох нь улс төрийн төлөвшилд хэр ач холбогдолтой бол?

-Олон улсад ийм жишиг бий. Улс төрийн намын шинэчилсэн найруулгын тухай  хуулийн үзэл баримтлал нь намуудыг улс төрийн институт болгож хөгжүүлж, төлөвшүүлэх, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах, намын дотоод ардчилалыг дэмжихэд чиглэгдсэн. Санхүүжилт, хандивын мэдээллийг олон нийтийн хяналтад оруулахыг зорьсон. Хууль хэрэгжиж эхэлснээр намын хөрөнгө, орлого зэрэг санхүүгийн мэдээлэл Сонгуулийн ерөнхий хорооны цахим сайт болон эмхэтгэл болж анх удаа олон нийтийн хяналтад орлоо. Цаашид энэ мэдээллийг илүү амар, ойлгомжтой байдлаар авах боломжийг бүрдүүлэх үүднээс цахим систем хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд цахим систем хөгжүүлэхээр олон улсын туршлага судлах, солилцох уулзалтыг Улаанбаатар хотод өнгөрсөн 4 дүгээр сард зохион байгууллаа. Олон улсад хөгжүүлсэн цахим системын туршлагаас харахад иргэн Дорж гэж хайлт хийхэд л Дорж аль, аль намд хэдий хэмжээний хандив өгсөн нь гарч ирэх боломжтой систем ашигладаг юм байна.

Сонгуулийн ерөнхий хороо Ази тивээс анх удаа Нээлттэй Засгийн түншлэл (OGP)-ийн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод нэгдсэн. Сорилтын хүрээнд улс төрийн намын санхүүжилтийн цахим системийг нэн тэргүүнд хөгжүүлэхээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

-Намын санхүүжилт, үйл ажиллагаа ил тод байх хуулийн зохицуулалт анх удаа хэрэгжиж байна. Намууд үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа өгөхөд хэр уриалгахан байна вэ. Нөгөө талаас санхүүгийн тайлангаа гаргахад алдаа дутагдал хэр байв?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүрэгт улс төрийн намын санхүүжилт, түүнд тавих хяналтын болон улс төрийн намын бүтэц зохион байгуулалт, мэдээллийн ил тод байдлыг хангах үндсэн хоёр чиглэлийн нилээдгүй чиг үүргүүд нэмэгдсэн. Энэ чиг үүргийн дагуу хууль батлагдсан цагаас хойш намуудад хуулийн шинэчлэлийг танилцуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор олон удаагийн уузалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Нийтдээ 30-аад намтай тус бүрээр хүлээн авч уулзах, мөн холбогдох байгууллагуудыг оролцуулсан хамтарсан сургалт, арга зүйн мэдээллийг ажлыг зохион байгуулж байгаа. Үүний үр дүнд 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 28 нам ирүүлсэн. Санхүүгийн тайланд Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой мөн Улс төрийн намын хуулийн зарим заалтын зарим хэрэгжилтийг хангаагүй зэрэг алдаа зөрчлүүд байсан. Хяналтын ажлыг хэрэгжүүлсэн 3 шатны байгууллагууд тухай бүр зөвлөмж, дүгнэлтээ өгсөн. Тухайлбал хуулийн хэрэгжилтийг хангах тухайд нийтлэг байдлаар 12 зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хорооноос намуудад өгсөн. Нам бүрт тусгайлан зөвлөмж, дүгнэлтийг өгсөн.

  -Хууль анх удаа хэрэгжиж байна. Намуудын төлөвшил ч харилцан адилгүй байгаа. Санхүүгийн тайлангаа гаргах, үйл ажиллагаагаа ил тод байлгах зэрэг асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо намуудад арга зүйн зөвлөмж, сургалт, мэдээлэл хэр өгч байгаа вэ?

-Улс төрийн намын санхүүжилтийг ил тод байлгах нь намуудын эрх зүйн орчин сайжрах, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болох, үүрэг хүлээдэг, хариуцлагатай нам болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшлэх зэрэг чухал ач холбогдолтой. Иймээс Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны 2 дугаар сард хуулийн хэрэгжилтийг хангах 2 газар байгуулагдаж, 3-4 хүнтэйгээр ажиллаж эхэлсэн. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын мэдээллийг Дээд шүүхээс авч, үүнийхээ дагуу намуудтай холбоо барих, уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг тасралтгүй хийсэн. Одоогийн байдлаар 30 орчим намтай тусгайлсан уулзалт хийж, мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгсөн байна. Хамгийн сүүлд гэхэд л тайлан ирүүлээгүй 9 намтай холбоотой тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар ажилласан. Тухайлбал: утсаар мэдээлэл өгсөн, уулзалт зохион байгуулсан, албан бичиг хүргүүлсэн гэх мэт. Зарим нэг намын хувьд хаяг, утасны дугаар нь өөрчлөгдсөн байсан учраас холбоо барих боломжгүй байна. Гэхдээ байнга холбоо барих, мэдээлэл өгөх ажлыг тасралтгүй хийж л байна.

-Том, жижиг нам гэсэн яриа байдаг. Манай нам тэр бүр сонгуульд оролцдоггүй тайлан гаргаж өгөх шаардлагагүй гэх хандлагатай нам байв уу. Ер нь тайлангаа өгөхгүй намд хариуцлага яригдах уу?

-Сонгуулийн ерөнхий хороо бүх намуудыг ижил түвшинд авч үздэг. Бидний зүгээс дээрх мэдээллийн ажлуудыг хийж, гарын авлагаар хангаж ажилласаны үр дүнд намууд ерөнхийдөө тайлан гаргах, хүргүүлэх ёстой гэдэг ойлголттой болсон гэж бодож байна.

Улс төрийн намын тухай хуульд хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох хуулийн зохицуулалттай.

-Эцэст нь асуухад намын үйл ажиллагаа, санхүүжилт нээлттэй ил тод байснаар улс төрийн нам, сонгогчдод ямар ач холбогдолтой вэ?

-Улс төрийн нам нь Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэгч, бодлогын институт болохын тулд намын зохион байгуулалт, үйл ажиллагаа болон намын санхүүжилт нь хуулийн дагуу шударгаар бүрдэж, мөн санхүүжилт нь ил тод, олон нийтийн хяналтад байх явдал нь улс төрийн намуудын үүрэг, байр суурь, ач холбогдлыг нэмэгдүүлж, улс төрийн намуудын төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Үүний цаана төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэсэн үг.

Ихэнх намуудын үйл ажиллагаа нь сонгуулийн үед идэвхждэг байдал ажиглагддаг. Энэ хуулийн хэрэгжилтээр намууд үйл ажиллагаагаа иргэдэд байнга таниулж, улс төрийн боловсролыг олгох ажлыг хэрэгжүүлж, гишүүд, дэмжигчид болон олон нийтэд ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг тайлбарлаж таниулах ажлыг хэрэгжүүлснээр сонгогчид ч гэсэн улс төр, сонгуулийн боловсролын талаар тодорхой ойлголттой болж, үзэл бодол үнэт зүйлээ ухамсарлаж сонгогчдын итгэл үнэмшил нь зөвхөн сонгууль зохион байгуулагдах хэдхэн хоногийн хугацаанд биш, сонгуулиас сонгууль хүртэлх 4 жилд төлөвших ач холбогдолтой гэж харж байна.  

Улс төрийн намын тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн. Тухайлбал, нам нь сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад хэлбэрээр мөнгө авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөнгөн бус хөрөнгө, эсхүл үйлчилгээ авсан бол хууль бусаар авсан хөрөнгө, орлогыг хурааж хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн Нам нь төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого, хуулиар зөвшөөрсөн бусад орлогоо Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн банкны нэг дансаар хүлээн аваагүй бол тухайн орлогын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, иргэн болон хуулийн этгээдийн хандивыг бэлэн мөнгөөр хүлээн авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хандивын дээд хэмжээг хуульд зааснаас хэтрүүлэн авсан бол тухайн хандивын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх мэт зайлшгүй мэдэж, мөрдөх заалтууд бий. Үүнийг намууд анхаарч ажиллах хэрэгтэй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН бага хурал: Заалнаас Г.Тэмүүлэнг ерөнхий сайдад нэр дэвшүүллээ 1 цагийн өмнө
Элсэлтийн шалгалт лхагва гарагт эхэлнэ 1 цагийн өмнө
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо 2 цагийн өмнө
Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна 4 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг баталгаажууллаа 5 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхэд автомашин унаж, осол гаргажээ 5 цагийн өмнө
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах МАН-ын бага хурал болно 6 цагийн өмнө
Улаанбаатарт 23 градус дулаан байна 6 цагийн өмнө
Энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээг угсарна Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5848 боллоо Өчигдөр
17 настай хүүг хайх ажил үргэлжилж байна Өчигдөр
Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлэв Өчигдөр
Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүрэгт зам хаана Өчигдөр
Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороонд гал гарчээ Өчигдөр
Говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно Өчигдөр
Цахим орчинд нийтлэгдсэн постыг шалгаж хариуцлага тооцжээ 2025/06/07
Хавдрын чиглэлээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа эмнэлэг шатлалын эмнэлэг хүртлэх бүх үе шатыг хянах, хөгжүүлэх тогтолцоог хийж байна 2025/06/07
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ 2025/06/07
​“Талын салхи” фестивальд 2000 гаруй мотоцикл сонирхогч оролцож байна 2025/06/07
Э.Мөнхбаатар бадрангуй чимэг нэмлээ 2025/06/07