МОНГОЛБАНК: Хэрэглээний болон тэтгэврийн зээлийн зохицуулалтад өөрчлөлт оруулна

Ц.Цэрэнбадам
2025/03/07

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:

  1. Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;
  2. Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоох;
  3. Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох зэрэг шийдвэрийг тус тус гаргалаа.

Жилийн инфляц үргэлжлэн нэмэгдэж, 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай гарлаа. Цахилгааны үнийн өсөлт, түүний дам нөлөө болон эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагасан үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байв. Эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэн, нийтийн тээвэр, бусад төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ өсөх зэргээс шалтгаалан инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдэж, энэ онд Төв банкны зорилтоос өндөр байхаар байна. Түүнчлэн энэ оноос хэрэгжихээр хүлээгдэж буй томоохон төслүүд дотоод эх үүсвэрээр санхүүжих тохиолдолд төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид ирэх дарамт нэмэгдэж, инфляцыг эрчимжүүлэх эрсдэлтэй.

Эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай гарахад дотоод эрэлтийн идэвхжилтэй холбоотой худалдаа, үйлчилгээний салбар, түүнийг дагасан бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт голлон нөлөөлөв. Энэ онд хөдөө аж ахуйн салбар сэргэх, зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэж уул уурхайн салбар эрчимжих, төсвийн төлөв суларч, шинэ төслүүдийн бүтээн байгуулалтууд эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх хүлээлттэй байна.

Гадаад орчны хувьд геополитикийн нөхцөл байдал, АНУ-ын худалдаа, татварын бодлоготой холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад эрэлт саарах, гадаад суурь хүү харьцангуй алгуур буурах хүлээлттэй боллоо. Түүнчлэн гангийн эрэлтийн талаарх хүлээлтээс шалтгаалан манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ хүлээлтээс муудаж болзошгүй байна.

Өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад банкны салбарын хэрэглээний зээлийн өсөлт нэмэгдлээ. Энэ нь нэг талаас хэрэглээний импорт болон дотоод эрэлтийг өдөөж, нөгөө талаас өрхийн санхүүгийн эмзэг байдлыг нэмэгдүүлэх, цаашлаад санхүүгийн салбарын тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулахаар байна.

Энэ удаагийн мөнгөний болон макро зохистой бодлогын багц шийдвэр нь инфляцын хүлээлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө үргэлжлэн нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх, инфляцыг 2027 оноос +/-2 нэгж хувийн интервалд 5 хувьд тогтворжуулах Төв банкны зорилттой нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Эх сурвалж: Монголбанк 


30
angry
0
care
2
haha
1
liked
2
love
5
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 49 минутын өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 2 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 4 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 4 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 5 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 6 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 6 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 6 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 7 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 7 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 16 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр