Б.Пунсалмаа: Төсвийн зарлагыг 4 их наядаар нэмэгдүүлснээ Сангийн яамныхан тайлбарлах ёстой

Л.Бямбажав
2024/10/04

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагаас 2025 оны төсвийн төсөл, Төсвийн хүрээний мэдэгдлийн талаар тодрууллаа.

-Та 2025 оны төсөвт нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Ямар учраас тэр вэ?

 -Энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцүүлж батлахдаа Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 31.3 их наяд төгрөг байхаар баталжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт зарлага нь 31.3 их наядаас хэтрэхгүй шүү гээд хуульчилчихсан. Сангийн яам энэ хүрээнд 2025 оны төсвийг оруулж ирэх ёстой. Гэтэл 35.7 их наяд төгрөг болгож, дөрвөн их наядаар нэмэгдүүлж оруулж ирж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл бол 2-3 жилдээ хөдлөхгүй байх ёстой чухал бодлогын баримт бичиг. 2-3-хан сар болоод л дураараа өөрчлөөд байж болдог “зарлагын баримт” биш шүү дээ. Өнгөрсөн жилийн төсөв дээр ч ийм үзэгдэл гарсан. 2023 онд 22.9 их наяд байхаар баталсан зарлага нь тодотголоор 30.4 хувь болж өссөн байсан. Засгийн газар ингэж зардлаа дураараа хяналтгүй өсгөж байгаад эдийн засагч хүний хувьд, хувийн хэвшлийн төлөөллийн хувьд сэтгэл дундуур байна.

 -Энэ замбараагүй байдлыг хэрхэн зогсоох вэ?

-УИХ-аас Сангийн яаманд тавих хяналтаа чангатгах ёстой. Ямар ч бодлого байхгүй. Нэг л их савласан, их наяд их наядаар нь зарлагаа нэмэгдүүлсэн хүмүүс л байх юм. Бодит байдал дээр иргэдийн амьдрал сайжраад байгаа юм алга. Нэг л том төсөв баталж, том төсөл ярьж хөөсөрсөн л улс боллоо. Одоо хөрсөндөө бууж эдийн засгаа эрүүлжүүлж, хүндээ хүрсэн бодитой ажлууд хийх хэрэгтэй байна.

 -Энэ жил 70 орчим сая тонн нүүрс олборлох бол ирэх онд 80 сая тонн нүүрс олборлохоор төсөвт тусгасан байна лээ. Энэ нь Засгийн газарт зарлагаа нэмэгдүүлэх бололцоо олгосон юм болов уу?

 -Манай улсын экспортоос олж байгаа 10 доллар тутмын зургаа нь нүүрсний экспортоос орж ирдэг. Өөрөөр хэлбэл, төсөв бүрдүүлдэг гол стратегийн бүтээгдэхүүн. 2025 оны төсөвт 83.3 сая тонн нүүрс олборлож, 129 доллараар зарна гэж тооцоолсон байна лээ. Сангийн сайд танилцуулахдаа бүр 105 доллараар зарахаар төсөөлсөн гэж байсан. Гэтэл урд хөршийн гангийн үйлдвэрлэл жил ирэх тусам буурч, үүнийг дагаад коксжих нүүрсний эрэлт, үнэ буурсаар л байгаа. Энэ жил нүүрсний экспорт, тээвэр хэд хэдэн удаа зогсонги байдалд орж төсвийн орлого бүрдүүлэлтэд эрсдэл учирсан шүү дээ. Хэрэв нүүрсний экспортод сорил тулгарах юм бол энэ бүх төсөл, данс тооцоо, зарлага хоосон цаас болж хувирна.


-Таны бодлоор энэ байдлыг хэрхэн засч залруулах вэ?

-Нэгдүгээрт, газрын баялгаас олсон бүх мөнгөө зах зээл рүү нийлүүлэхээ зогсоох ёстой. Манайх сүүлийн 10 жил, миний тооцоолсноор 73 тэрбум долларын экспорт, үүнээс хамгийн сүүлд 2023 онд 15 тэрбум долларын экспорт хийсэн. Энэ бүх мөнгөө төсвөөр дамжуулаад зах зээл рүүгээ цутгачихсан. Бусад улсуудыг харахаар байгалийн баялгаас олсон бүх мөнгөө зах зээл рүүгээ оруулдаггүй. Жишээ нь Норвеги улс байгалийн баялгаас олсон нийт орлогынхоо маш бага хувь буюу 2-3 хувийг л оруулдаг. Ингэснээр үнийн өсөлт, инфляцыг зохист хэмжээнд барьж чаддаг. 

Манайх Баялгийн сан гэж байгуулж байгаад бүх мөнгөө зах зээл рүү, тэр дундаа байшин барилга руу оруулах гэж байгаа нь эрсдэлтэй. Тухайлбал, 2025 оны төсөвт Хөгжлийн сангаас 500 тэрбумыг орон сууц барихад зориулна гэнэ. 

Дараа нь АМНАТ-ын зургаан их наяд, Уул уурхайн аж ахуйн нэгжийн орлогоос, татвараас өчнөөн мөнгө цутгахаар төсөвлөсөн харагдана лээ. Энэ нь тэртээ тэргүй их хөөсрөлттэй явж байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг улам хөөсрүүлэх нь тодорхой. Ингэж бүгдийг нь зах зээл рүү цутгавал инфляци хэт өснө шүү. Дор хаяж 20 хувийг нь хуримтлал болгож авч үлдээд Норвегийн тэтгэврийн сан шиг ашигтай төслүүдэд хөрөнгө оруулж арвижуулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед цалин тэтгэвэр нэмэгдээд байгаа ч амьдрал дээшлэхгүй юмны үнэ өндөр байна гээд иргэд гомдоллоод байгаа нь ердөө л энэ буруу бодлоготой холбоотой. Энэ бодлогоо засч залруулах нь бүү хэл улам их мөнгө эдийн засаг руу цутгахаар төлөвлөж байгаа нь эдийн засгаа нураах бодлого шүү. Өнгөрсөн жил Монгол банкны тэргүүн дэд ерөнхйилөгч Энхтайван “буруу бодлого явуулснаар инфляциар дамжуулж дөрвөн их наяд төгрөгийг бид алдсан” гэж мэдэгдсэн шүү дээ. Энэ чинь нэг өрхөд дор хаяж дөрвөн сая төгрөгийн дарамт нэмж байна шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа юм. Өнгөрсөн онд бид үнийн өсөлтөөс шалтгаалж 4 их наядыг алдахдаа 30 их наядын төсөв зарцуулсан. Энэ жил 35 их наядыг зарцуулж байгаа бол хэдэн их наядыг салхинд хийсгэх бол.


3
angry
0
care
0
haha
10
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 23 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 44 минутын өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 15 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 15 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 16 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 22 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 22 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25