XVII жарны Хөх Луу жилийн Цагаан сарын мэндчилгээ

М.Төгөлдөр
2024/02/10

Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье.

 Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монгол түмэн буурал жилээ үдэж, буянтай жилээ угтаж байна. Хатуу өвөл харьж, урин хавар айсуй.

Улиран одож буй “усан” туулай жил монголчууд бидэнд өгөөж, хишгээ харамгүй хайрлалаа. Улс оронд ужгирсан гажуудлыг засах улс төрийн томоохон өөрчлөлтүүдийг Улсын Их Хурал хуульчлан баталлаа.

Улсын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч, монголчууд бид Шинэ тогтолцоо, Шинэ сэргэлт, Шинээр цэгцрэх хөдөлгөөний гараан дээр байна.  

Энэ бол Монгол Улсын Их Хурлаас “ард түмэн засаглах” эрхийг хангахын төлөөх шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, засаглалын тогтолцоонд хийсэн эрхзүйн шинэчлэл, авлига луйвар, худал хуурмагийн эсрэг ард нийтээрээ хамтран тэмцсэний бодит үр дүн юм.

“Нүүрсний сонсгол”, нээлттэй хэлэлцүүлгүүдээр “ард түмний мэдэх эрх” хангагдаж, томоохон хулгай луйврууд илчлэгдэхийн хэрээр Монголчууд нийтээрээ хэрсүүжиж, зөв өөрчлөлт, шинэ маргаашийн төлөө дуу хоолойгоо улам хүчтэй нэгтгэж, парламентын ардчиллаа төлөвшүүлж байна.

Ингэж нэгэн зүгт нэгдэж чадсаны үр дүнд Монгол Улсыг хэрэн сүлжсэн авлигын систем нуран унаж, тэр хэмжээгээр улсын эдийн засаг сэргэж байна. Энэ бол том өөрчлөлт, цоо шинэ хэм хэмжээ, тэс өөр хандлага тогтож, улс орон бүхэлдээ хувьсан өөрчлөгдөж буй их хөдөлгөөний эхлэл юм.

Энэ хөдөлгөөн одоохондоо эмх замбараагүй үйл хөдлөл мэт санагдаж болох ч эцсийн дүндээ нийт нийгмээрээ ЭМХЭРЧ ЦЭГЦРЭХ ЖАМ ЁСНЫ ЗӨВ ХӨДӨЛГӨӨН гарцаагүй мөн.

Боломжийг нь хулгайлдаг, булаадаг, буурай хөгжлөө болж байна гэж итгүүлдэг, халамжаар дөрлөж, хулгайгаар мөлждөг хуурмаг явдлыг ард түмэн одоо маш сайн  мэддэг болсон. Хэн нь эх оронч, хэн нь дүр эсгэгч вэ гэдгийг ч андуурахаа байсан. Худал мэдээ, тархи угаалт, цахим сүлжээн дэх “амьгүй албатууд”-ыг сайн танидаг болсон. Улс орноо авлига, хулгайгаар дээрэмдэж, “амьгүй албат”-уудынхаа ард нуугддаг цаг үе өнгөрсөн.

Ирээдүй өөр болж байгааг монголчууд сэрж, мэдэрч байна. Шинэ эргэлтийн цаг “ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН”-өөр түрж байгааг ч анзаарч байна.

Бид ирэх хаврын чуулганаар бүсчилсэн хөгжлийн боломжуудаа бүрэн дайчлан ашиглан, хөдөө аж ахуйгаа сэргээн хөгжүүлж, ухдаг шар алтыг ургадаг цагаан алт болгож хувиргах, Монгол хүн Монголынхоо баялгийн жинхэнэ эзэн нь байх Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална. Түүнчлэн хүн бүрийн хөдөлмөрийг дэмжих иргэндээ ээлтэй татварын цогц реформыг хийх шаардлагатай байна. Ингэснээр чинээлэг дундаж давхарга бий болно. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай шинэ орчин бүрдэнэ.

Монгол хүн бүр Монгол газар шорооныхоо эзэн нь болж, хөрөнгөтөн үндэстэн болох боломж бий. Ийм зорилгын хүрээнд хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн салбарт шилжин очиж ажиллах нийслэлийн иргэн бүрт газар эзэмшүүлэх  санаачлагыг дэвшүүлж хэлэлцэхээр төлөвлөж байна.

“Буян хурайлсан амин нутгаа бурхдаас ч хамгаалдаг” түүхэн уламжлалтай монгол хүн монгол газартаа эзэн нь байж, үр шимийг нь хүртэж, ажил хөдөлмөр эрхлэн, аятай таатай амьдрах боломжийг олгох нь ЗӨВ  НҮҮДЭЛ, ШИЙДЭЛ  мөн.

Монголчуудын хөгжил дэвшлийн төлөөх цэгцрэх хөдөлгөөнийг хязгаарласан санаатай, санамсаргүй олон хүлээс нэг мөр тайлагдаж, Монгол Улс сэргэн мандах, үсрэнгүй хөгжих шинэ замдаа эргэлт буцалтгүй орж байна. Луу жил үүний эхлэл нь байна  гэсэн бэлгэ дэмбэрлийн сайхан үгээр Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний ерөөл мялаалгаа өргөе.

Дэлхий даяар болон Монгол эх орныхоо дөрвөн зүгт амьдран суугаа Улаан залаат, Хөх монголчууд минь урган гарч буй Хөх луу жилдээ улам бадран хөгжиж, тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдэж, хангай дэлхийгээ хайрлаж, төр, ард түмэндээ хүндлэгдэж, золбоо хийморь, амжилт бахархал, баяр жаргалаар дүүрэн байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 15 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 15 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 17 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр