Ноолуурын дуудлага худалдааг зүүн аймгаас эхлүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/03/21

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн Арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн менежер Р.Ариунбатаас ноолуурын дуудлага худалдааны талаар тодрууллаа.

-Хөдөө аж ахуйн биржээс орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Хөдөө аж ахуйн бирж нь ноолуурын дуудлага худалдааг тодорхой аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ 3 дугаар сарын сүүлээр зүүн бүсийн аймгуудаас эхлэн зохион байгуулна. Ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулснаар малчид, хоршоод ноолуураа зах зээлийн бодит үнэ ханшаар борлуулах, худалдан авагч нарт нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.  Бид аймгийн төвүүд болон зарим сумдад дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган бэлтгэл ажлаа хангаад байна. Одоо дуудлага худалдаанд оролцох худалдан авагчдын бүртгэлийг эхлүүлээд байна. 

-Дуудлага худалдаа ямар зарчмаар явагдах вэ?

-“Англи дуудлага худалдаа” буюу нэг худалдагч, олон худалдан авагч гэсэн зарчмаар явагдана. Худалдагч тал зарах барааны хэмжээ, төрөл ангилал, доод үнийн захиалга өгөх бөгөөд үнэ хаялцах зарчмаар буюу хамгийн өндөр үнээр захиалга биелнэ. Үнэ, хугацаа гэсэн дарааллыг мөрдөж, төлбөр тооцоог захиалгад өгсөн үнийн саналаар гүйцэтгэнэ.

-Аль аль аймгуудад, хэзээ зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Ноолуур хамгийн түрүүнд гардаг зүүн бүсийн аймгуудад дуудлага худалдаа хийхэд бэлэн болоод байна. Дорнод аймагт 3 дугаар сарын 27,29,31-нд, Хэнтий аймагт 3 дугаар сарын 27,28,29,30,31-нд, Сүхбаатар аймагт 4 дүгээр сарын 3,5,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. Тухайн аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар болон аймгийн Засаг даргын тамгын газруудтай зөвшилцөн хугацааг товлож гаргасан. Нэг аймагт дунжаар 5 хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулна.  

-Дуудлага худалдаанд хэн оролцох боломжтой вэ. Оролцогчдод ямар нэгэн шаардлага, шалгуур тавигдах уу? 

-Дуудлага худалдаанд сонирхсон бүх этгээд оролцож болно. Малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бүх хүмүүс нээлттэй оролцох боломжтой. Дуудлага худалдаа нь Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны  журмын дагуу явагдана.  Худалдан авагч этгээд нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн 1 сая төгрөгийн дэнчинг биржийн клирингийн дансанд  байршуулж, баталгаажуулалт хийнэ. Энэ нь төлбөр тооцооны болон дуудлага худалдааг санаатайгаар амжилтгүй болгох зэрэг эрсдэл үүсэхээс хамгаалж байгаа. Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ нь 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс 1 цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай. Нэг айл өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршиж, хамтарч оролцох боломжтой. Оролцогч талуудын бүртгэлийг 3 дугаар сарын 20-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны (https://cloud.mce.mn/register.aspx) системээр бүртгэж эхлээд байна.

-Дуудлага худалдаанд малчид, хоршоод оролцсоноор зах зээлийн боломжит үнээр ноолуураа борлуулах боломжтой юу?  

-Малчид, хоршоод бэлтгэсэн ноолуураа авчрахдаа харьяа орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авах бөгөөд үүнийг дуудлага худалдааны системд бүртгэлжүүлнэ. Ингэснээр тухайн ноолуур нь аль бүс нутгаас гаралтайг гэрчилнэ.  Худалдаанд оролцогч малчид, хоршоод ноолуурын доод үнээрээ захиалга хийх ба худалдан авах сонирхол бүхий үйлдвэр, бусад худалдан авагч нар тухайн үнээс дээш дуудаж өрсөлдөх учраас үнэ ханшийн хувьд зах зээлийн бодит үнээр борлуулах боломж бүрдэнэ гэж харж байгаа.  

-Худалдан авагчдад ямар давуу талтай вэ. Худалдан авагчид нь үндэсний үйлдвэрүүд байх уу?-Дуудлага худалдаанд гарал үүсэл нь тодорхой, чанартай түүхий эд нэг цэгт төвлөрснөөр худалдан авагч талд цаг хугацаа, түүхий эд цуглуулах зардал хэмнэх давуу талтай.  Үндэсний үйлдвэрүүд болон ноолуурын худалдаа эрхлэгч бүх этгээд Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ гарган оролцох боломжтой.

-Бусад аймгуудад дуудлага худалдааг хэзээ зохион байгуулах вэ? 

-Төв, говийн болон баруун бүсийн зарим аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тухайн бүс нутгийн ноолуурын гарц болон цаг агаарын байдал зэргийг харгалзан орон нутгийн төр захиргааны байгууллагатай зөвшилцөн хугацааг товлон нийтэд мэдээлэл хүргэнэ. 

-Дуудлага худалдаа зохион байгуулсны үр ашиг юу байх вэ?  

-Цаашид сум, орон нутаг бүр өөр өөрсдийн ноолуурыг төвлөрүүлэн дуудлага худалдаагаар боломжит үнэ ханшаар зарах боломжуудыг нээж өгч байна. Мөн худалдан авагч, үйлдвэрлэгчид нэг газраас төвлөрсөн ноолуурыг худалдан авснаар цаг хугацаа, санхүүгийн зардал хэмнэх, өөрөөр хэлбэл сум, баг бүрээр явж ноолуураа цуглуулах зардлыг хэмнэж, дуудлага худалдаанд оролцон шууд худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч болон гаднын худалдан авагчид дэлхийн аль ч улс орноос цахимаар шууд оролцох боломжтой болж байна. Энэхүү дуудлага худалдааг жил бүр зохион байгуулснаар цаашдаа худалдагч болон худалдан авагч нарт томоохон ач холбогдолтой, үр ашигтай үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.

 

 


4
angry
1
care
0
haha
0
liked
3
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 4 цагийн өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой 5 цагийн өмнө
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо 7 цагийн өмнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ 7 цагийн өмнө
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана 9 цагийн өмнө
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ 9 цагийн өмнө
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй 10 цагийн өмнө
Баянзүрх захад үхрийн мах 31,000 төгрөгт хүрчээ 10 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 10 цагийн өмнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ 10 цагийн өмнө
Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна 10 цагийн өмнө
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт +4 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 20 цагийн өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа Өчигдөр
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Өчигдөр
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн Өчигдөр
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина Өчигдөр
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр