Д.Баярболд: Таргалалт Монголд тулгамдсан асуудал болж байна

О.Шүрэнцэцэг
2023/03/02

Жил бүрийн өдийд томоохон тэмдэглэлт баярууд дуусахтай зэрэгцэн хүн бүр дор бүрнээ турж, эрүүл жиндээ хүрэх зорилго тавьдаг. Баяраар идсэн их хэмжээний хоол унд илүүдэл жин болж бидний биед “тухалдаг” тул арга ч үгүй юм. Сүүлийн жилүүдэд хүн амын дундах таргалалт нэмэгдэж, үүнтэй холбоотой өвчлөл хэвийн үзэгдэл болж буйг судалгаа, тоо баримтаас харж болно.

Монголчуудын жингийн илүүдэл нийгмийн эрүүл мэндийн хэмжээнд ямар сөрөг үр дагавартай буй талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой ярилцлаа.

-Манай улсын хүн амын хэчнээн хувь нь илүүдэл жинтэй байна вэ?

-За үндэсний хэмжээнд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар 15-69 насны хүн амын 49 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, үүнээс 18.5 хувь нь таргалалттай байгааг тогтоосон. Насны бүлэг ахих тусам илүүдэл жин ба таргалалт нэмэгдэж байна. Тухайлбал 15-24 насны бүлэгтэй харьцуулахад 25-34 насанд таргалалт 2- 2.5 дахин нэмэгдэж байгаа нь өндөр хувь хэмжээ юм. Залуучууд 25 хүрээд эрчимтэй жин нэмж байна гэсэн үг шүү дээ. Харин 35-69 насны 10 хүн тутмын зургаа нь илүүдэл жин ба таргалалттай байгаа юм. Энэ бол маш өндөр тоо.

Бүсэлхийн тойргийн дундаж хэмжээ эрэгтэйчүүдийнх 87.3 сантиметр, эмэгтэйчүүдийнх 85.7 сантиметр байна. Эндээс харахад нийт хүн амын талаас илүү нь, эрэгтэйчүүдийн 41.9 хувь, эмэгтэйчүүдийн 64.2 хувь нь төвийн таргалалттай байна. Гэтэл бүсэлхийн таргалалт гэдэг бол эрүүл мэнд доройтох, олон төрлийн өвчин үүсэх томоохон шалтгаан.

За тэгээд нялхас, хүүхэд, өсвөр үеийнхний дунд таргалалтын тархалт нэмэгдэж, нэн даруй шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болж хувирч байна.

6-11 НАСНЫХНЫ ТАРГАЛАЛТ 10 ДАХИН НЭМЭГДСЭН

-Хүүхдүүдийн таргалалтын хувь хэмжээ ямар байгаа бол?

-2017 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V дугаар судалгаагаар 6-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын хувь 28.6 болж, өмнөх судалгааны дүнгээс 10 дахин нэмэгдсэн тоо гарсан.

Хоёр хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхэд тутмын дөрөв нь чихэрлэг хүнс буюу зайрмаг, вафли, торт, чихрийг өдөр бүр хэрэглэж байна. Ингээд харвал бид хүүхдийнхээ эрүүл хооллолт, жингийн асуудалд ямар хайнга хандаж буй нь ажиглагдана. Хүн амын эрүүл мэндийн статистик мэдээллээс харахад хоол боловсруулах тогтолцооны эмгэгээр өвчлөгсдийн 13.1 хувийг мөн л өсвөр үеийнхэн эзэлж байна. Таргалалт бол томчуудын өвчин биш, хүүхдүүд ч эрчимтэй өртөж байна.

-Таргалснаас үүдэж ямар өвчин тусах эрсдэл байна вэ?

-Бодисын солилцоо алдагдах хам шинжээс авхуулаад хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин, цусны даралт болоод холестериний хэмжээ ихсэх, зүрх судасны эмгэг, багтраа, нойрон дунд амьсгал тасалдах зэрэг олон өвчний эрсдэл үүсгэдэг. Мөн зарим төрлийн хорт хавдар, булчин-араг ясны эмгэг зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар цаг бусаар нас барах, хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг чимээгүй аюул юм.

Харин нийгмийн үр дагаврын хувьд ялгаварлан гадуурхагдах, өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Бид сүүлийн 30-аад жилд хүн амын дундах цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдрын шалтгаант нас баралтаар тогтмол эхний байранд бичигдэж байна. Эдгээрт ч мөн илүүдэл жин, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь дам байдлаар нөлөөлж буйг дурдах хэрэгтэй.

-Хүн амын дунд таргалалт их байна гэлээ. Гэтэл бид хүнсний шим тэжээлийн хомсдолтой гэж зарим судалгаанд дурджээ. Энэ юу гэсэн үг вэ?

Нэгдүгээрт, хүүхэд эхийн хэвлийд байхдаа буюу ураг байхдаа, бага насандаа хоол тэжээлийн дуталд өртөж, өсөлтийн хоцролттой болох нь насанд хүрсэн хойноо илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хоёрдугаарт, манай улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд далд өлсгөлөн буюу аминдэм, эрдсийн дутал өндөр, нийгмийн эрүүл мэндийн тулгамдан асуудал хэвээр байна. Энэ нь хоногт хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, хооллолтын чанар тааруу, тэжээллэг буюу аминдэм, эрдсээр баялаг хүнсний хэрэглээ хангалтгүй байгаатай холбоотой. Хоол хүнсээрээ авах аминдэм, эрдсийн хэрэглээ хангалтгүй атлаа илчлэг ихтэй, тэжээллэг чанар багатай, хэт боловсруулсан, тос, давс, чихрийн агууламж өндөртэй хоол, хүнс хэрэглэх нь хооллолтын зохистой харьцааг алдагдуулж, таргалалтад хүргэх шалтгаан болж байна.

Бичил тэжээлийн дутал нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохын зэрэгцээ нийгэм, эдийн засаг, ядуурал, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Тиймээс уялдаа холбоотой, олон талт цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

-Эрүүл бус жин гэдэгт зөвхөн таргалалт орохгүй байх. Хэт туранхай хүмүүс мөн л жингийн эрүүл байдалдаа анхаарах хэрэгтэй юу?

-Ер нь биеийн жингийн индексээ зөв тооцож сурах нь тун хэрэгтэй. Хүний биеийн жин индексээсээ бага байвал туранхай буюу дутуу жинтэй байна гэсэн үг шүү дээ. Хэвийн жингийн хязгаараас доош байх нь бас эрүүл мэндийн эрсдэлийг үүсгэж байдаг.

Мөн л бодисын солилцооны алдагдал, яс тулгуур эрхтний эмгэг, эрдэс бодисын дутагдал үүсэж улмаар өвчин эмгэг үүсгэх нөхцөл болдог. Тураалтай байх нь ямар нэгэн өвчний улмаас болон хоол хүнсээрээ шим тэжээлээ бүрэн авахгүй байгаатай холбоотой байж болно.

Ийм учраас хүн эрүүл, урт наслахын тулд эрүүл, хэвийн жингээ л барих ёстой. Таргалж, турвал өвчин үүснэ, цаг бусаар нас барах шалтгаан ч болж болно. Хэвийн жин гэдэг бол зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн. Үүнийг л хэвшүүлчихвэл монголчууд эрүүл мэндийн олон төрлийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадах юм шүү дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 8 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 10 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21