МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ


"Элэгний С вирус ба хавсарсан халдварууд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний VI чуулганд оролцогчдод

Эрхэм хүндэт эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид,

Гадаадын зочид оо,

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье.

Манай улсад элэгний өвчлөлийн үндсэн шалтгаан болох хепатит В, С вирусийн тархалт их, элэгний хатуурал, архаг үрэвсэл, хорт хавдрын давтамж харьцангуй өндөр, 100 мянган хүнд ноогдох элэгний өвчлөлөөр дэлхийн дунджаас 7-8 дахин их байгаа. Манайд өдөр бүр 5-6 хүн элэгний өвчнөөр энэ хорвоог орхиж байна. Энэ бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал.

Монгол Улсын Засгийн газраас элэгний өвчлөлийг бууруулах, эмчилгээний үр дүнтэй аргыг нэвтрүүлэх, ард иргэддээ элэгний эмчилгээ, оношилгоог хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Архаг хепатит С вирусийн халдварыг эмчлэх өндөр технологийн үр дүнтэй эмийг өөрийн орны эмийн бүртгэлд түргэн шуурхай бүртгэн авч, улмаар нэлээд хөнгөлөлттэй үнээр авч эхэлсэн нь чухал ач холбогдолтой алхам болсныг сайшаан хэлмээр байна. Монгол Улс дэлхийн анагаах ухааны энэхүү ололт амжилтыг хамгийн түрүүнд хүртэж байгаа улс орнуудын нэг билээ. Монгол Улс элэгний өвчинтэй тэмцэж буй төрийн бодлого, арга хэмжээ, олж буй үр дүнгээрээ дэлхийд загвар орон болох боломжтой. Үүнд Та бүхний энэхүү чуулган багагүй дэмжлэг болно хэмээн найдаж байна.

Цаашид орчин цагийн анагаах ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн элэгний өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд сүүлийн үеийн техник технологи, арга аргачлалыг чадамгай ашиглан үр дүнг сайжруулах, анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, энэ үйл ажиллагаанд салбар дундын болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Үндэсний хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр бидний сэтгэлийг зовоосон В, С вирусын тархалтыг ойрын 5-6 жилд нэлээд бууруулах боломжтой гэж бодож байна.

Элэг бол хүний биеийн хорыг шүүдэг том лаборатори эрхтэн гэдгийг Та бүхэн сайн мэднэ. Монголчууд элэг, зүрх, бөөр, уушги, дэлүүг 5 цул хэмээн ярьдаг. Энэ таван цулаас хамгийн хурдан нөхөн сэргэдэг эрхтэн бол элэг билээ. Донорын эрүүл элэгний 70 хүртэл хувийг тайрч аваад өвчтөнд шилжүүлэхэд үлдсэн 30 хувь нь үүргээ гүйцэтгэсээр л байдаг. Үүргээ гүйцэтгээд зогсохгүй өөрөө богино хугацаанд өсөж төлжөөд, босоод ирдэг гайхамшигтай эрхтэн юм. Хүний биеийн өөр ямар ч эрхтэн ингэтлээ өсөж төлжиж, хэвэндээ орж чаддаггүй гэсэн. Гар, хөлийг тайрлаа л бол гүйцээ, ургахгүй. Зүрх, бөөрийг тайрах ч арга байхгүй, тэд өсөж ургадаггүй. Элэг бол үнэхээр сайн эрхтэн мөн. Тиймээс элгээ хайрлая, хүмүүс ээ, сайн эрхтнээ сайтар судалъя, эрдэмтэн, мэргэд ээ.

Олон улсын хэмжээний энэхүү чуулганд оролцож буй Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

Төрийн ордон, Улаанбаатар хот

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18