ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүд

О.Шүрэнцэцэг
2022/09/14

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үндэсний хороодын бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын ажлын албаны орон тоог баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах гурван Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тоог баталлаа.

-Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална. Хилийн боомтын захиргааны дарга нарийн бичгийн дарга нь байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг хариуцна.

-Түгжрэл болон агаарын бохирдол бууруулах зохицуулалтын асуудал хариуцах Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй, Ажлын алба нь зургаан орон тоотой байна. Үндэсний хороог Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга ахална. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хорооны нарийн бичгийн дарга байна.    

-Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо 14 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга ахална. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга нарийн бичгийн дарга нь байна. Тус хороо нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжил, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хариуцна.

Импортын цементийн гаалийн албан татварыг “тэглэлээ”

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг  O хувь болголоо.  

“Мак цемент” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 335 мянга, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 350 мянга, “Цемент шохой” ТӨХК-ийн үнэ 238 мянган төгрөг байгаа ч барилгын салбарын ажиллах хугацаа богино, барилга угсралт, зам тээвэр зэрэг бүх салбарын ажлууд ихсэж байгаа зэргээс шалтгаалан зах зээл дээр худалдаалагдаж буй нэг тн цементийн үнэ 600 мянган төгрөг хүртэл өссөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт болоод байна. Иймд Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор Цементийн гаалийн албан татварыг түр “тэглэх” шийдвэр гаргалаа. Тогтоолын хугацаа 2022 оныг дуустал үргэлжилнэ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа байгууллагууд нь “Буянт-Ухаа” инновацийн төвд ажиллана

Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсэгт “Буянт-Ухаа” инновацийн төв байгуулахаар шийдвэрлэлээ. Тус төвд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудыг нүүлгэн, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотойгоор байрны дэд бүтэц, засвар, үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын төсөвт суулган шийдвэрлэх, байр, талбайн өмчлөлийн асуудлыг судалж танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.  

Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсгийг түшиглэн, мэдээлэл, технологийн үндэсний паркийн үйл ажиллагааг өргөжүүлж, Монголын цахиурын хөндий, мэдээлэл технологийн чөлөөт бүс бий болгоно гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал онцоллоо.

Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болголоо.

Засгийн газраас төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх замаар салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлнэ гэж үзэж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цаашид Засгийн газар хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дээр төрийн оролцоо, хүнд суртлыг үе шаттай бууруулахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэлээ.



4
angry
0
care
4
haha
6
liked
2
love
6
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт нойтон цас орно 43 минутын өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 16 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 17 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 20 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 21 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 22 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 22 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 23 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21