ЗТХ-ийн сайд Л.Халтар Цогтцэцийгээс Чойр хүртэлх замыг там болгож орхив

Ш.АДЪЯАМАА
2021/09/03

Дуунд мөнхөрсөн Шанхын говь өнөөдөр элгээ зүсүүлсэн мэт үй түмэн салаа замд хэрчигдээд байна. Хэдхэн жилийн өмнө хөндөгдөөгүй онгон тагш байсан энэ нутагт өнгөрөгч тавдугаар сараас хойш өдөрт 100 орчим хүнд даацын машин тэнгэрт тулсан тоос босгон давхилдаж, хүн, мал, байгаль дэлхий халаглан ёолж байна. Цар тахлын улмаас Цагаан хадны боомт хаагдахад Эрдэнэс Тавантолгой, Тавантолгойн нүүрсийг Цогтцэцийгээс Чойр хүртэлх 407 км замаар тээвэрлэх болсноос хойш хэдхэн сарын дотор энд хүн амьдрах аргагүй болж эхнээсээ уушигны өвчинд ээрэгдэн, эх нутгаасаа шахагдахад хүрээд байна.

Эмзэг хөрстэй говь нутагт дор хаяж арваад салаа зам үүсч, зарим газраар Ханги Мандлын зам, төмөр, Цогтцэций-Чойрын там болсон шороон зам гээд гурван зам 10-20 кмд ойролцоо бэлчээрийг хэрчиж мал байтугай хүн гатлахад ч хэцүү болоод байгаа. Олон машин зэрэг давхихад улаан түйрэн тэнгэрт тулан өдрийн цагаар ч малчид бие биеээ харж чадахгүй шахам болж, эрүүл мал үлдээгүй. Идшинд гаргасан малын уушиг устан цэврүүтээд дотор гэдсийг нь идэх ямар ч боломжгүй, мал олноороо хээл хаядаг, цаашилбал хүмүүсийн эрүүл ахуйд хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй  ч эхнээсээ уушигны өвчинд нэрвэгдэж эхлээд байгаа аж.

“Эцсийн эцэст байгалийн баялагтайгаасаа болж, сайхан амьдрах нь бүү хэл харин ч эрүүл мэндээ алдаж, баялгийн хишгийг бусад нь хүртэж, хараал зовлонг яг нутгийн уугуул иргэд бид хүртэж байна. Бараг л баялаггүй байсан бол дээр байж” гэж малчид цөхрөн ярьж байна.


Бид өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь, Дундговь, Дорноговь гурван аймгийг хамарсан 407 км зам дагуух нөхцөл байдал туйлын хүнд байгаа учраас  манай сурвалжлах бага газар дээр нь очиж сурвалжлага хийсэн билээ. Асуудал зөвхөн жолооч тээвэрчдийн бус цаашилбал холбогдох албад, яам Засгийн газрын хэмжээнд яригдах болоод байгаа учраас бидний сурвалжлага үүгээр өндөрлөхгүй, цаашид мөн баримт мэдээлэл, талуудын байр суурийг үргэлжлүүлэн хүргэх болно. 


Анх энэхүү замд 500 машин тээвэр хийнэ гэсэн ч албан бус мэдээллээр 3000-4000 машин, өдөртөө ойролцоогоор 100 машин тээвэр хийдэг гэсэн тоо байна. Малчдын хувьд жолооч нарыг салаа зам үүсгэж, бэлчээр талхилдаг, хогоо хаядаг, тэр бүү хэл мал амьтан дайраад хэн нь мэдэгдэхгүй алга болдог гэсэн гомдол хэлж буй. Малчдыг шаардлага тавихад “ална, тална даа” хүрч муудалцдаг. Бүр нэг жолооч малчин айлтай муудалцаад худагт нь шатахуун хийж, хүн мал уух аргагүй болгож байсан гэсэн яриа байна. Өөрөөр хэлбэл үндсэндээ малчид, жолооч нарын хооронд байнгын маргаан дажин дэгддэг гэсэн үг.

Нөхцөл байдлыг газар дээр нь харахад ч гэсэн там болсон жолооч нар шүдээ зуун тээврээ хийж, эвдрэл гэмтэлгүй, эрүүл мэнд гэртээ ирэхийг залбирдаг. Харамсалтай нь жолооч нар рейс хийх болгондоо эвдрэл гэмтэлгүй ирнэ гэсэн тохиолдол үгүй. Чухам л ар гэрээ тэжээх, ихэнх нь банкныхаа өр зээлийг төлөх гэж шүдээ зуун зүтгэдэг. Замд сүлжээ байхгүй учраас машин эвдрэх, шаварт суух, жолооч нарын хэлснээр зам цөмхрөхөд хэн нэгэн туслахыг хүлээн 5,6 ч хонодог. Үхлийн хөндий гэж нэршсэн газар 21 хоног сууж байсан тохиолдол бий гэнэ. “Үхлийн хөндий” гэж жолооч нарын өөрсдийнх нь өгсөн нэр бөгөөд энэ хэсэгт зам маш эвдрэлтэй учраас машин шаварт сууж, элсэнд цөмөрдөг, заримдаа хөндийгөөр нэг эвдэрсэн, шигдсэн машинууд байдаг гэнэ. Жолооч нар энэ хөндийг амь мэнд, машин бүтэн туулчих юм сан гэж үнэн сэтгэлээсээ залбирдаг аж. 


Тэгвэл Цогтцэций Чойрын 400 гаруй км замыг хоёр зам арчлалтын компани хариуцдаг. Жолооч нар ч, малчид ч тэднийг хангалтгүй ажилладаг гэж байгаа юм. Бидний олсон мэдээллээр бол зам засах мөнгө гэж сард 150 сая орчим төгрөг төсөвлөдөг ч хаанаа ч хүрдэггүй гэнэ. Биднийг зам арчлалтын " Арцат шанх" компанид очиход наймдугаар сарын 21-нд орох ёстой санхүүжилт одоо хүртэл ороогүйгээс машин техник нь шатахуунгүй болж, ажил зогссон байдалтай байлаа.


Нөгөө л олс томж дээс хийж, найзыгаа аварна гэдэг шиг үлгэр. Тэгвэл хэн энэ замын арчлалтыг хариуцах ёстой юм бэ? Энд мөнгө бол байхгүй биш гэж жолооч нар батлан ярьж байгаа. “Баян зам” хэмээх ТББ чамлахааргүй их мөнгийг тээврийн компани болон жолооч нараас татан төвлөрүүлдэг. Албан бусаар 8 тэрбум төгрөг хурааж авсан гэх боловч яг одоогоор албан тоо бидэнд алга. Мэдээж хэрэг хэд төгрөг, хаанаас хэнд татан төвлөрүүлсэн, түүнийгээ хэрхэн зарцуулсан тухай тодорхой байх ёстой, олон нийтийн эрх ашгийг төлөө ажиллаж байгаа ТББ л юм бол. Мэдээж хэрэг, бид ч цаашдаа энэ талаар эрэн сурвалжилж, холбогдох албаныхнаас тодруулна. Гэхдээ л өнөөдрийн байдлаар байдал оньсого шиг, зам бол там, жолооч нар зовлонгоо үүрэгсэд, малчид бол бүр эх нутагтаа мөртлөө тонн нүүрсний дайтай ч үнэлдэхгүй арай чүү амьдарч байна вэ? Яагаад вэ? Тэдний төлөө хэн дуугарах ёстой вэ?


Өмнөговь аймгийн "Хан Цэц Гурвансайхан" ТББ-ынхан хүчтэй эсэргүүцэл үзүүлснээр Цогтцэций Чойрын нүүрсний тээврийг наймдугаар сарын 14-нөөс зогсоож чадсан. 

Гэтэл яг өнөөдөр “Баян зам” ТББ тээвэрлэлтийг дахин эхлүүлэхээр тээвэрлэгч компаниудад албан бичиг ирүүлсэн байна. Л.Халтар сайд аа, таны эрх олгосон "Баян зам" ТББ малчид, олон нийт эсэргүүцэж тэмцсээр зогсоолгосон там болсон замаараа дахиад тээвэр хийх гэж байна. Ингэхдээ тэд өмнө нь машины нэг бүрийн тонн тутмаас 5 мянган төгрөг буюу нэг машинаас 400-800 мянган төгрөг авдаг байснаа 11 мянган төгрөг болгож байгаа бөгөөд есдүгээр сарын 3-ны дотор энэ мөнгөө тушаа гэж шахжээ. Өөрөөр хэлбэл, машин тутмаас 880 мянгаас 1,1 сая төгрөг авна гэсэн үг. Зөвхөн нэг удаагийн тээвэрт шүү дээ. Өмнө нь хэдэн тэрбумаар нь мөнгө аваад замаа засаагүй тэд ийн дахин хоёр нугалсан мөнгө нэхэх болсон нь цаанаа улс төрийн маш том сонирхол, дэмжлэг байгаагийн илэрхийлэл болов уу.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 9 минутын өмнө
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ 25 минутын өмнө
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ 1 цагийн өмнө
П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж тэгш боломж олгоно 1 цагийн өмнө
Багануур-Улаанбаатар чиглэлд 10 мянган төгрөгийн төлбөртэй автобус явж эхэллээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг унтраахаар ажиллаж байна 2 цагийн өмнө
​ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна 3 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 3 цагийн өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 3 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 4 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 5 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 5 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 5 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 21 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 22 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 23 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив Өчигдөр