Хятадад төрийн дарамтад орсон тэрбумтнууд нь буяны үйлсэд таван тэрбумыг хандивлажээ

Н.Сумъяасүрэн
2021/08/27

БНХАУ-д тэрбум ба түүнээс дээш долларын хөрөнгөтэй долоон хүн буяны үйлсэд таван тэрбум доллар хандивласан тухай “Bloomberg” мэдээлжээ. Ийм мэдээ сонсоод коммунист намаар удирдуулсан капиталист орны тэрбумтнууд нийгмийн өмнө хариуцлагаа ухамсарлаж эхэлж байгаа юм байна гэж бодож болох. Харин ажиглагчид хятад тэрбумтнуудын энэхүү гэнэтийн өгөөмөр  зан нь Хятад хүн амын дундах баян ядуугийн ялгааг эрс багасгах зорилго бүхий “бүгд нийтээр цэцэглэн хөгжих” аяныг Си Жинпин зарлахтай яг таг давхцаж байгаа юм байна. Энэ сарын 17-нд Хятадын Засгийн газар баячууд ба томоохон хувийн компаниудыг нийгэмд илүүтэй өгөөжтэй байхыг хөхүүлэн сайшаах замаар тэдний хэт орлогыг зохистойгоор танаж байх ёстой гэж мэдэгдсэн. 

Баячуудыг илүү өгөөмөр болгож, хөрөнгө чинээ тааруу бусдадаа, Засгийн газартаа дэмжлэг тусламжийн гар сунгах аян нь иргэдийн ёс суртахууны үүрэг ба нийгмийн хүлээлт дээр тулгуурлана гэж Хятадын сонин хэвлэлүүд тунхаглаад байгаа. Өөрөөр хэлбэл улс орон, бусад ард иргэддээ сайн дураар хөрөнгө мөнгөөр туслахгүй байгаа баячуудыг ёс суртахуунгүй, нийгмийн ерөнхий хүлээлт, хандлагыг үл тоосон хувиа хичээгч гэж буруутган зохих арга хэмжээ авах үндэслэл гарч ирж байгаа хэрэг зарим шинжээч онцолсон байна.  

Энэхүү хэт орлогыг зохистойгоор танах аян үнэхээр өгөөжтэй яваа юм байна. Зөвхөн энэ оны эхний хагас жилийн дотор баячуудын зүгээс улсдаа тусламж болгож өргөсөн хандивын хэмжээ нь нийт 2020 оны турш цугласан хандиваас даруй 27 тэрбум юаниар давж гараад байгаа аж.  

Тухайлбал, олны танил чинээлэг хүмүүс, баян компаниуд нь Хэнань мужид болсон үерийн үр дагаврыг арилгахад 600 сая доллар нүд ирмэхийн зуур цуглаан хандивласан. Технологийн нүсэр том компаниуд нь одоогийн болон ирээдүйн орлогоосоо буяны үйлсэд хандив өргөхөөр амлаад байна. Жишээлэхэд, манай залуусын сайн мэдэх “Tencent” компани өөрийн боловсруулсан нийгмийн халамжийн хөтөлбөрт даруй 15 тэрбум доллар зарцуулахаар болсон бол “Pinduoduo” компани фермерүүдийг дэмжихэд 1,5 тэрбум доллар хандивласан байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Чэнь Лэй нь “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх нь манай улсын хувьд анхнаасаа л нэн тэргүүний зорилт байж ирсэн. Хөдөө аж ахуй нь хүн өрийн өдөр тутмын амьдралтай холбоотой ч тоон технологи нэвтэрсэн байдлаараа хангалтгүй байна. Бид аль болох олон фермерүүдийг хамруулж, тэдний амьдрал ба гол зогоож байгаа арга хэрэгслийг нь сайжруулах дээр хамтран ажиллахыг хүсэж байна” гэжээ. 

Хятадын Хөдөлмөрийн нөөц ба нийгмийн халамжийн яамнаас өнгөрсөн сард баталсан төлөвлөгөө ёсоор 2021-2025 онуудад үргэлжлэх 14 дүгээр таван жилийн хугацаанд техникийн мэргэжилтнүүд ба нарийн мэргэжлийн ажилчид бэлдэхэд онцгой анхаарахтай зэрэгцээд баялаг хуваарилах тогтолцоог боловсронгуй болгож, хөдөлмөрийн зах зээлд илүү хүнлэг бөгөөд илүү тогтвортой харилцааг бий болгох аж. Үүний тулд эхний ээлжид Хятадын зүүн нутгийн эдийн засгийн гол хөдөлгөгч гэгддэг Чжэцзян мужийг бүх нийтийн хөгжил цэцэглэлтийг олон нийтэд таниулах бүс нутаг болгон зарлажээ. Үүний тулд мужийн удирдлагын өмнө нь нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээг 2025 он гэхэд дундаж хөгжилтэй орнуудын хэмжээнд хүргэж, 2035 он гэхэд үндсэндээ бүх нийтийн жигд хөгжилд хүрэх зорилго тавьжээ. Үүний тулд баялаг хуваарилах тогтолцоог илүү боловсронгуй болгоход онцгой анхаарах юм байна. Баячууд, том компаниудын нийгэмд өргөх хандивыг нэмэгдүүлж, тэднийг жирийн ажилтан ажилчдадаа илүү өндөр цалин, илүү таатай орчин, илүү тогтвортой ажлын байраар хангадаг болгож нийгмийн хариуцлагыг өсгөх замаар энэ мужийг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл Чжэцзян мужийг бүх нийтийн хөгжил цэцэглэлтэй нутаг болгоход шаардлагатай хөрөнгө боломжийг баячууд, том компаниуд гаргана.  

Си тэргүүлэгчийн тунхагласан шинэ аян нь Өрнөдийн зах зээлд тун өвөрмөц байдлаар нөлөөлөөд эхэлсэн байна. Тодруулбал, баячуудад зориулсан тансаг хэрэглээний түвшний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг Өрнөдийн компаниудын хувьцаа дунджаар 5 хувиар огцом унажээ. Жишээлэхэд, Richemont -5,6%, Kering -5,3%, LVMH -4,2%, Swatch -3,6%, Burberry -2,7%, Hermes -2,2% хувиар унасан бол “Prada”-ийн хувьцаа шууд 10 хувиар хямдарсан байна.  

Тансаг хэрэглээний барааны худалдан авалтын дэлхийн зах зээлийн 30 хувийг Хятад дангаар эзэлж, нэгдүгээрт ордог, энэхүү эзлэх хувь нь янз бүрийн хямралын үл тоон жил бүр тогтвортой өссөөр ирсэнд хамаг учир байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Тэр бүү хэл зарим хямралтай жилүүдэд үнэт эдлэл, люкс ангиллын машин, бизнес онгоц, завь, үнэтэй брэнд хувцасны борлуулалт Хятад бүр өсөж байжээ.

Харьцуулахад, Япон нь энэ сегментийн ердөө 8 хувийг эзэлдэг, АНУ, 23 хувийг, Европ 20 хувийг эзэлдэг байх жишээтэй. Иймд хөрөнгө оруулагчид ч энэ салбарт жил бүр тогтвортой их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр иржээ.  

Гэтэл Си тэргүүлэгч Хятад дах баян ядуугийн ялгааг багасгаж бүх нийтийн хөгжил цэцэглэлд хүрэхийн тулд баячуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай зарламагц тансаг хэрэглээний бараа үйлдвэрлэгчдийн хувьцаа  ийнхүү огцом унажээ. Уг нь тансаг хэрэглээний барааны дэлхийн зах зээлд Хятадын эзлэх хувь 1-2 жилийн дотор 35 эсвэл түүнээс дээш болж өснө гэж тооцож байсан аж. Гэтэл Коммунист намын зүгээс баячууд, том компаниудыг илүү гарсан мөнгийг нийгмийн хариуцлагыг өсгөх нэрээр танаад ирэхээр тансаг бараа бүтээгдэхүүнд зарцуулах мөнгө хамгийн эхэнд хасагдах нь ойлгомжтой.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ 2 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 2 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ 16 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ 18 цагийн өмнө
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна 19 цагийн өмнө
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ 19 цагийн өмнө
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай 20 цагийн өмнө
Шүүх: Харваанд сургасан морьдыг зохион байгуулалттайгаар хулгайлсан гэж үзлээ 20 цагийн өмнө
Ардчилсан нам ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүллээ 21 цагийн өмнө
10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
“Талын Монгол” амтыг жуулчид Зүрхэндээ шингээж, Цүнхэндээ хийж авч явж байна 23 цагийн өмнө
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо Өчигдөр
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! Өчигдөр
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ Өчигдөр
"20 жилийн настай БОРДЮР" Өчигдөр
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ Өчигдөр
Улаанбаатарт 27 градус дулаан байна Өчигдөр