УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл: Үндсэн хуульд Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Энэ нь хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Гурван бүлэг, есөн зүйл бүхий энэ хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.
Хуулийн үйлчлэх хүрээг хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тодорхойлж, хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-2017 онд Бүртгэлийн багц хууль батлагдаж олон мэдээлэл ил болгох хууль болсон. Үүн дотроос газрын мэдээллийг ил болгохгүй байгаа. 1 сая гаруй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн мэдээллийг Газрын албаныхан оруулахгүй байгаа. Засгийн газар, яам нь шахаад байдаг боловч ил болгодоггүй. Яагаад газрын албаныхан мэдээллийг оруулахгүй дөрвөн жил хууль зөрчиж байна вэ. Хэрэв мэдээллийг ил болговол газрын албаны мафи ил болох гээд байгаа юм уу. Зарим хүн 80 гаруй газар хотын А бүсэд авчихаад зарж байдаг. Энэ сүлжээ нь илрэх гээд байдаг учраас мэдээллийг оруулахгүй байгаа юм уу.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Энэ хуулийн гол үзэл баримтлал нь авлига, албан тушаалын асуудал хамгийн яригддаг газрын мэдээлэлтэй холбоотой асуудлыг хариуцагч буюу төр нь ил болгох хуулийг энэ хуулиар бий болгоно. Газрын мэдээллийг хүн бүхэнд нээлттэй болгоно гэсэн үг. Газрын албадууд шинээр олгосон газар бүрийн мэдээллийг дундын мэдээллийн санд оруулж, улсын бүртгэлийн дугаар өгөөд газар олголт явагдаж байгаа. Өмнөх буюу 1990 оноос өмнө олгогдсон бүх газрын мэдээллийг ил болгох талаар ажлын хэсэг мэдээлэл өгнө.
Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
-Гурван жилийн өмнө бүртгэлийн багц хуулийг баталсан. Энэ хуулиар маш олон шинэчлэл хийсэн. Үүний нэг нь газрын хаягийн сан, үл хөдлөхийн хаягийн мэдээллийн санд нээлттэй байна гэж зааж өгсөн. Үүний дагуу Засгийн газар ажлуудаа үе шаттай хийж байгаа. Газар эзэмших, ашиглах мэдээлэл нээлттэй байна. Таван төрлийн 67 чиглэлийн мэдээллийг нээлттэй болгоно. Улсын бүртгэлийн байгууллага, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар системээ хөгжүүлээд явж байна. Удахгүй ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Нийтийн мэдээллийн тухай хууль гэдэг нэршилтэй би санал нэгдэхгүй байгаа. Нийтийн мэдээллийн хууль гэж нэрлээд зохицуулалт хийх гэхээр цахим орчин дахь мэдээллийг зохицуулах гээд байгаа юм шиг ойлголт төрүүлээд байна. Уг нь энэ бол төрийн цахим харилцааны буюу цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн мэдээллүүдийг хоорондоо солилцох хууль гэж ойлгоод байгаа. Энэ хууль дээр Цахим хөгжлийн үндэсний хороо гэж бүтэц нэмэхээр оруулж ирсэн. Цахим хөгжил яриад, цахим шилжилт хийе гэхээр хүн орон тоогоо нэмдэг, шинэ бүтэц бий болгодог болчихлоо. Цахим хөгжлийн үндэсний хороо гэдэг юмыг хуульчилж яах гээд байгаа юм бэ. Намар яамтай болно гэж ярьж байгаа. Гэтэл одоо агентлаг байгуулаад хэн нь хэнийгээ удирдах гээд байгаа юм бэ. Цахимаар үзүүлэх гэж байгаа e Mongolia платформ амжилттай хэрэгжээд явж байна. Төрийн хүнд суртлыг бууруулах зорилготой. Гэтэл дахиад энэ хууль дээр мэдээлэл өгөх байр , цаг аваад хүн ирдэг нөгөө л нэг чирэгдэл чинь дахиад явах гээд байна. Цааснаасаа цахим руу шилжинэ гэж байж юун мэдээлэл авах төв байгуулах зэрэг зардал гаргахаар болчихов.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
-Нэршлийн хувьд төрийн байгууллагуудаас гадна эргээд улс төрийн нам, МҮОНРТВ мөн төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нийтийн мэдээллийн хариуцагч болж энэ хуулиар орж байгаа. Энэ утгаараа эдгээрийн харилцааг зохицуулж энэ нэршилж орсон. Иргэдэд мөн мэдээллийг биечлэн авах сонголтыг олгож байгаа. Үүнийг бид хуулиар нээлттэй оруулах ёстой. Засгийн газрын тухай хуульд заасан журмын дагуу яам байгуулсан тохиолдолд үндэсний хороог татан буулгаад явах байх. Өнөөдрийн түвшинд энэ хороо Ерөнхий сайдын дэргэд ажилладаг, дэд бүтцийг холбох, тал талд гарч байгаа үр ашиггүй зардлыг бууруулах ач холбогдолтой.засгийн газрын бүтцэд өөрчлөлт ороод шинээр яам байгуулахад давхардсан бүтэц байх шаардлагагүй гэдэг таны хэлсэнтэй санал нийлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Маш чухал хуулийг хэлэлцэж байна. Би 10 жилийн өмнө Төрийн байгууллагын байнгын хорооны дарга байхдаа Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг батлуулж байсан. Харамсалтай нь энэ хуулийг сайн хэрэгжүүлж амжаагүй байтал Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж Шилэн дансны хууль болгож өөрчлөөд хаа, гуяыг нь салгаад ашиглачихсан. Одоо энэ хуулийн нэр агуулгыг өөрчлөх гэж орж ирж байна. Гэхдээ хариуцлагын тал дээр нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах солилцох боломжтой мэдээллийг хүн хуулийн этгээдээс шаардахгүй байх гээд зарчим болгосон байна.Энэ зарчмаасаа гадна заалт. Үүнийг шаардаж байгаа бол ажлаас нь халах хэрэгтэй. Төрийн албаны болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулна гэжээ. Гэтэл зарим байгууллагад Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт байхгүй. Хоёрдугаарт, Монголд мэдээллийн хулгай, паразт байдал төрд байгаа хамгийн том эмгэнэл болсон. Нийтийн мэдээллийн хүрээнд олж авсан мэдээллийг хувийн болон бизнесийн зорилгоор маш их ашиглаж байна. Ардчиллын амин сүнс дарангуйлалгүй нийгэмд нийтийн мэдээлэл иргэдийг хүчирхэгжүүлж байдаг хамгийн гол зэвсэг, хамгаалалт. Энэ хуулийг бид чанарын шинэ шатанд гаргаж чадвал дараагийн том хууль болох Хувь хүний нууцыг хамгаалах, хадгалах гэсэн хуулийг бид хийж чадвал дарангуйлалтай нийгэм бий болохгүй. Ардчиллыг хамгаалах хамгийн том дархлаа нь иргэд байдаг. Иргэдэд мэдээлэл авах эрх чөлөө нь байж эрх зүйн, эрх зүйт төрийн асуудал яригдана. Мэдээллийг нууцлах, мэдээллийг зүй бусаар ашиглахтай тэмцэнэ гэдэг нь бид ардчиллын төлөө тэмцэж байгаа хэлбэр.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Ж.Сүхбаатар гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Энэ бол зүгээр нэг төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах тухай асуудал биш шүү. Энэ бол үндсэндээ Монгол Улс цаашдаа дарангуйлалгүй нийгэм тогтох хөрс суурь бэхжих үү гэдэгтэй холбоотой асуудал. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилтийг бид сайн дүгнэх шаардлагатай. Хэрэгжилт тун хангалтгүй байгаа. Миний бодлоор энэ хуулийн хэрэгжилтид нөлөөлсөн хүчин зүйл бол Төрийн нууцын тухай хууль мөн Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна