Өрөнд баригдсан Черногор улс

Н.Сумъяасүрэн
2021/06/03

Жижиг улс орнуудын дааж давшгүй их өрөнд оруулдаг нэг зүйл нь асар ихийг амласан дэд бүтцийн янз бүрийн супер төслүүд. Улстөрчид чухам л энэ төслийг хэрэгжүүлчихвэл л цэнгэлийн манлайд хүрч, улс орон баяжна гэж уран үгээр ятгаж сэнхрүүлдэг. Цаасан дээр эдгээр төсөл нь тун ч толигор, ямар ч өөгүй, асар их ашигтай харагддаг учраас ялангуяа янз бүрийн сонгуулийн өмнө олноор гарч ирдэг гэдгийг уншигч та нэг бус удаа харж, сонсож байсан. Гэтэл нарийн тооцоо алсын хараагүй хийгдсэн төслийг хэрэгжүүлэхээр авсан зээл нь нэг мэдэхэд л дааж давшгүй их өр болж хувираад улстөрчдийн бэлэн амлалтыг улс даяараа төлөөд ч дийлэхээргүй болсон байдаг.  

Черногорын хувьд Адриатикийн тэнгисээс Сербийн хил хүртэлх хурдны зам нь ийм супер төсөл болсон. Төсөл нь Хар уулсын тэнгэрт нэг ч хар үүл үгүй байсан 2010-аад онд эхэлжээ. Дөнгөж 2006 онд Сербээс өрх тусгаарлаад байсан Черногор нь жуулчдын хөлд дарагдаад байсан үе юм. Үзэсгэлэнтэй байгальтай, найрсаг хүмүүстэй энэ улсад жуулчид хэдэн мянгаараа ирж, үл хөдлөх хөрөнгө асар өндөр үнээр худалдан аваад ер нь л бүх юм сайхан байв. Энэ үед Черногорын төрийн 10 гаруй жил завсаргүй атгаж суусан нэг намын Мило Жуканович байр сууриа улам бататгах үүднээс ийм супер зам тавьж, аялал жуулчлалыг супер хөгжүүлэхээр болжээ.  

Гэхдээ улсын нэр зүгээр ч нэг Хар уулс гэж өгөөгүй, газар нутгийн дийлэнх нь өндөр уулс тул ийм замын дийлэнх хэсгийг олон арван гүүр, уул нүхэлсэн тоннелиуд эзэлж таарчээ. Мэдээж өндөр уулын нөхцөлд ингэж их гүүр тавьж, уул нүхэлнэ гэдэг маш өндөр зардалтай нь ойлгомжтой. Ийнхүү Бар-Боляре чиглэлийн 170 км зам тавих тендер ялсан Хорватын компани 2,77 тэрбум буюу 1 км замыг 16 сая еврогоор барихаар төсөв гаргажээ. Гэвч энэ компанид тэгж их мөнгө байгаагүй тул  төслийг Хятадын China Road and Bridge Corporation (CRBC) компанид шилжүүлэн өгснөөр өрийн аян эхэлж. Хятадын компани нь зам тавихдаа Хятадын Экспорт-Импортын банкнаас бас зээл авсанд гайхах зүйлгүй биз.  

Ингээд 2015 онд замын ажил сүр дуулиантай эхэлжээ. Барих явцад зөвхөн нийслэл Подгорицагаас Колашин нэртэй жижиг хот хүртэлх 41 км урт хэсэгт гэхэд л 45 гүүр, 32 тоннель ухсан гэхээр ямар ажил шаардсан зам байсан нь төсөөлөгдөж байгаа байх. Уг нь цаасан дээр бол машин замыг дөрвөн жилийн дотор барьж дуусгаад замын төлбөрөөс мөнгө олж, тэндээсээ банкны өрөө төлөх ёстой байсан. Гэвч амьдрал гэдэг цаасан дээрхээс яагаад ч тэс өөр байв. Нийслэлээс гарсан 41 км замын 800 мянган еврогоор барьж, 2019 онд дуусгана гэж байсан ч хугацаандаа багтаагүйн дэр өртөг нь өссөөр 1,3 тэрбум евро болж орхив.  

Явцын дунд захиалагч Черногорын тал нь зардлыг дээд зэргээр багасгахаар шийдэж. Хятадын компани ч захиалагчийн хүсэлтийг ёсоор болгож, хамгийн бага зардлаар замыг барьж дуусгаж. Гэтэл барьж дууссаны дараа шинэ зам нь ус зайлуулах хоолойгүй, гэрэлтүүлэггүй, туслах замуудыг их замтай холбох холбоос зангилаагүй баригдсан байж таарчээ. Ийм замыг бүрэн бас аюулгүй ашиглах боломжгүй тул бөөн хэрүүл маргаан дэгдэж, дутуу бүгдийг нөхөж барих шинэ гэрээ байгуулж, нэмж багагүй мөнгө санхүү зарцуулсан байна. Хамгийн гол нь замын барилгын ажлыг эхлүүлсэн Засгийн газар нь супер төслийн мөнгө санхүүтэй холбоотой бүх мэдээллийг дээд зэргээр нууцалж орхисон тул юу болоод байгааг цөөн хэдэн хүн л мэдэж байж. Улмаар Хятадын банкнаас авсан зээлээ эргэн төлөх болтол супер төслийг эхлүүлсэн Мило Жукановичийн Засгийн газар огцорч, шинэ Ерөнхий сайд Здравко Кривокапичийн Засгийн газар гэв гэнэт асар их өрийн асуудалтай тулгарсан байна.  

Нууцлаад байсан гэрээг нарийн судлаад үзтэл Хятадын банк нь эргэн төлөлт удааширсан нөхцөлд үндсэн өрийг эргүүлэн төлөхийг шаардах эрхтэйгээр байгуулсан байж таарав. Гэрээний нөхцөл ёсоор Черногор нь үндсэн өрийг төлж дийлэнхгүй болбол төрийн өмч эсвэл газар нутгаасаа өгнө гээд баталчихсан байж. Дээр нь супер төсөлтэй холбоотой маргаан гарвал Хятадын нутагт явагдах арбитрын шүүхээр маргааныг хэлэлцэнэ гээд заачихсан.  

Тэртээ тэргүй алга дарам газар нутагтай Черногорын хувьд газар нутгаасаа тасалж өгнө гэдэг байж боломгүй мэт боловч нэгэнт гэрээнд тэгээд заачихсан болохоор бултах газаргүй болж. Улмаар Черногорын шинэ Засгийн газар нь Европын холбоонд хандаж Хятадад төлөх 1 тэрбум еврогийн өрийг нь өмнөөс нь төлөөд дарамтаас ангижруулах санал тавьсан байх юм. Европын холбоо хариуд нь гуравдагч улсаас их зээл авдаг түншийнхээ өмнөөс өр төлдөг газар биш гэсэн хариу өгч.  

Ингээд Черногор хадан завсар хавчуулагдсан халиуны зулзага болж хувирав. Улс даяр Хятад өрөндөө Черногороос ямар газар нутгийг нь авах талаар элдэв цуу тарж эхэлсэнд гайхах зүйлгүй. Черногорыг ганц тэжээдэг, жуулчдын үзэх гэж ирдэг Адриатикийн тэнгисийн дагуух эргийн газраа ч алдаж магадгүй тухай яригдаад эхэлсэн байна.

Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятад нь алс хэтдээ Черногорын төрийн өмчит Бар тэнгисийн боомтыг өрөндөө нэхэж магадгүй юм байна. Үүнээс гадна 93 хувийн гүйцэтгэлтэй байгаа супер замаа 100 жилийн концессын гэрээгээр өгөх эсвэл Бар-Белград чиглэлийн төмөр замыг Хятадын мэдэлд өгөх бас нэг хувилбар байгаа аж.  

Эднээс Бар боомтыг Хятадад өгч таарах хувилбар нь хамгийн их магадлалтай байгаа юм байна. Яагаад гэвэл Хятад нь үүнээс адил төстэй нөхцөлд Грекийн Пирей боомтыг, Шри-Ланкад Хамбантот боомтыг авч байсан. Одоохондоо Бар боомт нь дэд бүтэцтэй холбогдоогүй байгаа ч Хятадын компаниуд Сербийн нутгаар тавьж байгаа замын төслүүд дуусахаар ач холбогдол нь эрс өөрчлөгдөх нь гарцаагүй гэдэгт судлаачид санал нэгтэй байна.  

Энэхүү Бар боомт нь ХХ зуунаа эхээр баригдсан ч Дэлхийн хоёрдугаар дайны үеэр устгагдаж, Йосиф Броз Титогийн Югославын үед 1965 онд дахин барьсан. Одоогоор жилдээ 5 сая тонн барааны эргэлттэй байгаа.  

Бар боомтын Хятад авахтай холбоотой геополитикийн өөр нэг тоглолтын хувилбар ч бас байгааг судлаачид онцолсон байна. Тэр нь Бар боомтыг Серби улс Хятадаас худалдаж авах хувилбар. Орос ба Хятадын Европ дах цор ганц найдвартай түнш Серб нь далайд гарцгүй гэдгээс болж нэлээд шаналдаг. Иймд бэлэн боомтыг элдэв асуудалгүйгээр худалдаж авах боломж гарч байгааг Серб нь ашиглах бүрэн боломжтой. Ингэвэл Хятад нь “Торгоны зам” төслийн хүрээнд ачаагаар Грек дэх өөрийн боомтоор дамжуулах Серб хүргэж цаашаа Европын холбоо руу оруулах боломжтой болох юм. Ингээд зогсохгүй хэрүүлийн алим болоод байгаа боомтыг Бээжин нь Сербид зарснаар энэ улсын №1 холбоотон, түнш болж, бүс нутаг дах нөлөөгөө улам батжуулах боломжтой гэгдэж байна.  

Харин хөөрхий Черногорын хувьд улс төрийн ашиг хонжоо хөөсөн улстөрчдийнхөө тавьсан өрийг төлөхөөс өөр ямар ч аргагүй. Гол нь гэрээнд заагдсан нөхцөл ёсоор Хятадын нутаг дээр урт удаан үргэлжлэх арбитрын шүүхээр орж, нэр хүндээ бараг заргалдаж байж өрөө өгөх үү эсвэл харилцан ашигтайгаар боомтоор шилжүүлснээр өрөө тэглэх үү гэдгийн нэгийг нь сонгох үлдээд байгаа аж.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 12 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 13 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 13 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 15 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 15 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 15 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 15 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 17 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 17 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 18 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 18 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 19 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна 21 цагийн өмнө
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна 21 цагийн өмнө
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ Өчигдөр
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав Өчигдөр
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр