ЭРСДЭЛ БА БОЛОМЖ ЭРСДЭЛ
Цар тахлын дараах үеийн эрсдлийг ерөнхийд нь гадаад ба дотоод хүчин зүйлийн эрсдэл гэж хуваан авч үзье. Дотоод хүчин зүйлийн эрсдэлд бид бүхэн зохицуулалт хийх эрх нь нээлттэй бий. Харин гадаад хүчин зүйлийн эрсдэл нь биднээс хамаарахгүй. Энэ нь дэлхийн эдийн засгийн саармагжилт, БНХАУ-н түүхий эдийн хэрэглээ буурч байгаа хүчин зүйлүүд юм.
Цар тахлын идэвхижилттэй зэрэгцэн Монголын ЗГ онцгой байдал зарлаж, хил гаалиа хаасан. Аюулт өвчнийг оруулахгүй барьж чадсан гэж үнэлэгдэж байгаа ч импортын олон нэр төрлийн барааны хомсдолыг үүсгэж, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг түдгэлзүүлж, экспортоо нэн хязгаарлан, валютын орлогоо хаасан. Нэг уут цементний үнэ Цайз зах дээр 16 000 – 18 000 төгрөг, хөдөө суманд 25 000 төгрөгнөөс дээш гарсан нь импортын барааны хомсдол үүссэнийг нэн тодорхой илэрхийлээд зогсохгүй дотоодын цементний үйлдвэр эрэлтээ хангаж хүрэлцдэггүйг илчилж орхив. Энэ бол импортын бараанууд хомсдолд орж буйг харуулсан гол төлөөлөл. Яаралтай анхаарах ёстой дохио.
Хил хааснаар олон төрлийн уул уурхайн түүхий эдийн экспорт хязгаарлагдав. Оюутолгой хэдийгээр хилийн хориггүйгээр зэсээ гаргаж байгаа ч БНХАУ-н зүгээс таталт нь багассан ба энэ нь цар тахалтай холбоотой тэдний дотоодын үйлдвэрлэл саармагжсан нь ойлгомжтой. Нүүрс, төмрийн хүдэр, жоншны экспорт өмнөх оныхоос илт буурав. 2020 онд түүхий эдийн экспорт өмнөх оныхоос 1,6 тэрбум доллараар буурч 6.06 тэрбум болно хэмээсэн Төв банкны прогноз одоо биеллээ олж байна. Экспорт буурахад валютын орлого буурч эдийн засаг хүндэрнэ. Хөрөнгө оруулагчид шийдвэрээ хойшлуулж, хөдөлмөрийн зах зээл хямарч байна. Эдгээр нь макро эдийн засагт хамаатай.
Гэтэл микро түвшинд жижиг дунд үйлдвэрлэл, бичил үйлчилгээ, бөөний болон жижиглэн худалдаа, өдрийн цалинтай ажлаар өрхийн амжиргаагаа залгуулдаг маш олон мянган бичил бизнесмен, хөдөлмөр эрхлэгчдийн орлого хорио цээртэй холбоотой зогсоод байна. Тэдгээр өрх айл, иргэд өөрсдийн гар дээрх бэлэн мөнгө, материалын нөөц, хуримтлалаараа амьдарч, өр шир тавьж өдөр хоногийг аргацааж байна. Тэд ийм байдлаар удаан тэсэхгүй. Энэ бол хамгийн том эрсдэл нь. Нэн даруй хөдөлмөрлөх боломжийг нь нээхгүй бол архаг ядуурал, өвчлөл, нийгмийн ноцтой хямралд түлхэнэ. Тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх юм.
ТЭСВЭРЛЭХ, ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР
Хамгийн өргөн хэрэглээний стратегийн хүнсний гол бүтээгдэхүүн мах, гурил, хүнсний ногооны хомсдол үүссэнгүй. Энэ нь манай орны уламжлалт МАА-н үйлдвэрлэлтэй холбоотой. 2011 онд Японы Фукушимад атомын цахилгаан станцын дэлбэрэлт болсны дараа тэр мужаас гарсан үхрийн махыг буцаан татахад зэргэлдээх мужуудад үхрийн махны эрэлт огцом нэмэгдэж байсан. Голлох хүнсний бараа бүтээгдэхүүн хомсдолд орох эрсдэлгүй байсан нь хүнсний нөөцийн аюулгүй байдлын нөөц чамлахааргүй байгаа нь ажиглагдлаа. Эрэлтээс давсан нөөцүүд ч бий. Энэ бол давуу тал юм.
Мөн нөгөөтэйгүүр хүн ам цөөн, нягтаршил бага, аймгийн төв, сум суурингууд нь хоорондоо алслагдсан зайтай орших газар зүйн онцлог нь цар тахал түргэн халдварлах боломжыг, олон хүнд зэрэг хүртэх нөхцөлгүй болгож байна. Энэ нь гамшгийн аюуд эрсдэл бага, өртөмтгий бишийг харууллаа. Удаан хугацааны хорио цээрт олон нийтийн зүгээс гарах эсэргүүцэл, бухимдал бага байгаа нь цар тахлын үеийн гамшгийн нөхцөлд дасан зохицож байгааг харуулж байна.
БОЛОМЖ
Хил хаалттай байснаар дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэн.
Мөн түүнчлэн цар тахлыг дотооддоо тархварлан дэгдэх нөхцлөөс урьдчилан сэргийлж чадсан дэглэмээрээ гадаадын аялагчдын сонирхлыг багагүй татаж жуулчдын сонирхол, хандалт ихэссэнийг БОАЖЯ-аас мэдээллээ. Цар тахлын дараа аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг улс төдийгүй, цар тахлын нөхцөлд ч орон нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дор бүрнээ орлогоо нэмэгдүүлэх боломж байна.
СОРИЛТ БА АСУУЛТ
Эдгээр асуултуудад үр дүнтэй хариулт өгч чадах шийдлийг олж амжилттай хэрэгжүүлбэл манай улс цар тахлын дараа ч, цар тахлын нөхцөлд ч өрсөлдөх чадвар нь сайжирна.
ШИНЭ НӨХЦӨЛД БЭЛТГЭХ
Хөдөлөмрийн зах зээлд зайнаас ажиллах, боловсролын харилцаа цахимд суурилах, онлайн худалдаа хөгжих, хувь хүн ба гэр бүлүүд нийгмээс хөндий харьцангуй бие даасан нэгж хэлбэрт дасан зохицох шинэ нөхцөл байдлууд нэгэнт үүсч байгаа нь ажиглагдаж байна.
Энэ үед олон талт түншлэл, салбар хоорондын уялдааг хангаж эрүүл мэнд нийгмийн хамгаалалд чиглэсэн бизнес өсөн нэмэгдэхийг шинжээчид хэлж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт ихсэнэ гэж мэдэгдсэн ба бүрэн бус хөдөлмөр эрхлэлт нь онлайн болон зайнаас ажиллах нөхцөлд суурилах юм. Энэ нь мэдээллийн технологи болон программ хангамжийн салбарыг бүхэлд нь хамрах боломжтой. Гэрээсээ хийх боломжтой ажлууд юм. Энэ чиглэлд холбогдох бизнес эрхлэгчид анхаарлаа хандуулах бизээ.
Крымийн хойгийн хямралын үеэр умард хөрш ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Энэ хоригт Европ, АНУ-с ОХУ-руу импортолдог 30 000 нэр төрлийн бараа багтсан. Улс төр, эдийн засгийн хаалттай энэ үед ОХУ дотоодын үйлдвэрлэлээ богино хугацаанд сэргээж дээрх 30 000 нэр төрлийн бүтээгдэхүүнийг одоо өөрсдөө үйлдвэрлэн эрэлтээ хангаад зогсохгүй, зарим бүтээгдэхүүний илүүдлийг валют болгохоор гадагш экспортлоход бэлэн болоод байна. ОХУ-н улс төр, эдийн засгийн энэхүү хаалттай хүнд нөхцөлтэй харьцуулахад Монгол улс харьцангуй давуу, гадаад зах зээлд хориг саадгүй эрх чөлөөтэй байгаа юм.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага COVID19-н үеийн болон түүний дараах шинэ нөхцөлд хэрхэн бэлдэх талаар Засгийн газрууд болон компаниуд, старт-апууд, ажил олгогчдод дараах зөвлөмжийг өгч байна.
Монгол улс бол хөрөнгө оруулалтын шинэ орчин нээх таатай бүс юм. Өмнөд талдаа нэг тэрбум гаруй хүн амтай дэлхийн хамгийн том хэрэглэгч хөрштэй, цаашлаад Ази хэмээх өлсгөлөн зах зээл дэргэд байна. Технологийн компаниуд, автомашин үйлдвэрлэгчид салбар үйлдвэрээ нээх газар хайж байна. Энэ компаниудын өмнө төлбөргүй газар, татваргүй зах зээлийг санал болгож хөрөнгө оруулалтын диваажин, үйлдвэрлэлийн арал бий болгоё. Харин тэр үйлдвэрт нь иргэдээ ажиллуулъя, тэд бүхэнд түүхий эдээ заръя, эндээс валютын орлого олъё.
Хүн ба материаллаг биетийн алсын шилжилт хөдөлгөөн - үйлдвэрлэл, түүхий эдийн тээвэрлэлт, эдгээр хэлхээ нь хөдөлмөр ба цаг хугацаа орон зайг туулах шинж чанараараа их хүч хөдөлмөр, зардал, хурд хугацаа шаарддаг. Энэ хэрээрээ эрсдэл асуудал дагуулж байдаг. Жишээ нь нүүрс олборлох, тээвэрлэх, дахин дамжуулахад хөдөлмөр, хугацаа, ихээхэн зардал орно. Байгаль орчин хохирно.
Харин материаллаг бус, бодит биетийн хөдөлгөөн үгүй, материаллаг нөөц шаардахгүй, хил хязгаар орон зайд цаг хугацаагаар баригдахгүй валютын урсгалыг татах бизнес- ашгийн шинэ бүс хүчтэй хөгжин тэлж байна. Энэ бол программ хангамжийн үйлдвэрлэл, цахим технологийн хөгжүүлэлт.
Япон, Энэтхэгт сургууль төгсөж ирсэн залуус Зүүн өмнөд азийн компаниудын мэдээллийн технологийн зөвлөх, контент үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг хийж байна. Тэд эндээсээ захиалгаа аваад, эндээ үйлдвэрлэлээ хийгээд, бүтээгдэхүүнээ интернэтээр дамжуулан худалдан борлуулж байна. Далайд гарцгүй гэж шалтаг хэлэх хэрэггүй. Газар зүйн саад байхгүй, улс төрийн нөлөө хамааралгүй.
Энэ зүгт анхаарлаа хандуулж хурдацтай эрэл хайгуул хийе. Монгол улс эл зах зээлээс жилдээ 6 тэрбум доллар олдог болоход нүүрсний бүх уурхайг, хилийн боомтуудтай хамт хаасан ч ажрахгүй.
Ц.ЧОЙЖАМЦ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна