Өнөөдөр /2020.01.27/ Эрүүл мэндийн яам коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэв.
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:
-Коронавирусын тархалтын талаарх 1-р сарын 27-ны байдал. ДЭМБ-ын мэдээгээр өвдсөн хүний тоо 2796, нас барсан хүний тоо 80. БНХАУ-д 2761 тохиолдол, бусад орнуудад 35 тохиолдол бүртгэгдсэн. Нас барсан хүмүүс бүгд БНХАУ-д бүртгэгдсэн. Хятадын Эрүүл мэндийн газрын мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулахад эмчлүүлж байна. Бүрэн эдгэрсэн 49 хүн байна. Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Монгол улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй. 25-нд хийсэн үнэлгээгээр эрсдэлийн зэрэг дундаас өндөрт шилжсэн. Дэлхийн 14 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн. Гарсан байж магадгүй гэсэн 9 орон бүртгэгдсэн.
24-ний Онцгой комиссын шийдвэрээр резидент эмч нарыг бэлэн байлгах, иргэдэд шаардлагатай мэдээллийг хүргэхийг даалгасан. Боловсролын сайдад сургууль, цэцэрлэг, дугуйлан, их дээд сургууль, ПС тоглоомын газруудыг бүрэн хаах арга хэмжээ авахыг даалгасан.
Коронавирустэй хийх тэмцэлд шаардлагатай хөрөнгийг ЗГ-ын нөөц сангаас гаргах даалгаврыг Сангийн сайдад даалгасан. Хилийн боомтуудыг түр хаах асуудлыг 28-ны дотор шийдэхийг ГХ-ны сайд, Хил хамгаалах газрын даргад даалгасан.
Олон нийтийг хамарсан соёл, биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулахгүй, кино үзвэрт 18 наснаас доош хүүхэд оруулахгүй.
Өвдсөн хүүхдээ асарч байгаа төсвийн ажилтнуудад 5 хоног хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох.
Мэдээллийг мэргэжлийн албаны хүнээс авч, найдваргүй эх үүсвэрээс зайлсхийж, тайван байх, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөгөөг дагах хэрэгтэй. Сенсац хөөх шаардлагагүй. Худал мэдээллийг тараасан бол Зөрчлийн хуулиар торгоно. Жишээлбэл, 38 секундын бичлэг гэх мэтийг авах гээхийн ухаанаар хандаарай.
ДЭМБ-ын МУ дах Суурийн төлөөлөгч Сергей Диордица:
-25-нд ДЭМБ ба ЭМЯ нь ХӨСҮТ дээр очиж бэлэн байдалтай нь танилцаад бэлэн байдал сайн байна гэж үнэлсэн. Энэ долоо хоног оношлуураа аваад ажиллаж эхэлнэ. Бүсийн мэргэжилтнүүдтэй видео хурал явуулсан. Одоо гурав дах удаагийн эрсдэлийн үнэлгээ хийгээд хариу арга хэмжээний үйл ажиллагаандаа нарийвчлал оруулаад явж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
-Бид ДЭМБ-аас авсан зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Орон нутагтаа онлайнаар сургалт явуулж байгаа. Мэргэжлийн эмч нарын баг бүрдүүлж, эмч нарт онлайнаар зөвлөгөө өгч байгаа. Шаардлага гарвал газар дээр нь ажиллах зөвлөх эмч нарыг томилсон. Мөн ажлын хэсгүүд байгуулаад ажиллаж байна. ДЭМБ-аас өгч байгаа гол зөвлөгөө бол гараа тогтмол савандаж сайтар угаах. Дараа нь амны хаалт хэрэглэх. Гуравт нь өвчин гарсан улсууд руу зорчихгүй байхыг зөвлөж байгаа юм. Зөвлөгөөг кириллээр бичих хүсэлт байгаа ч хэрэглэгч бүрийн утас кириллээр бичсэн зөвлөмжийн таньж чадахгүй байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Халдварт өвчний дэгдэлт гарахад дэлхийн улс болгонд мэдээллийн нэгдсэн удирдлагыг бий болгодог. Үүний бид хангаж байна. Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах ёстой. Үүн дээр хилийн хяналтын байгууллагууд хамтраад хил дээр маш сайн хяналт тавьж байгаа. Оношилгооны хувьд ДЭМБ-аас өгсөн зөвлөгөөний дагуу бүгдийг хийж байна. Манай 21 үүсгэгчийг тодорхойлдог. 121 байгууллагатай сүлжээгээр холбогдож ажилладаг. Манай оношилгоонд эргэлзэх зүйл байхгүй. Эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн хүртээмжийн байнга хянаж байгаа. Ухань хотод Монголын 31 оюутан байгаа. Энэ тал дээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. ОУ-ын эрүүл мэндийн дүрмээр иргэдээ авах зөвшөөрөл авбал бүх зүйл бэлэн байна. Гэхдээ иргэдээ татах боломж гарвал өвчний нууц үе дуустал ХӨСҮТ дээр тусгаарлана. Энэ хугацаанд иргэний үүргээ гүйцэтгэн хүүхдүүдтэйгээ уулзана гэх мэт хүндрэл гаргахгүй байхыг хүсэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа:
-Эрсдэлийн үнэлгээ гэдэг нь халдварт өвчин МУ-д зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл хэр байна вэ гэдгийг тодорхойлдог үзүүлэлт. Манайд Хятадад өвчин гарсан тухай мэдээ авснаас хойш эрсдэлийн үнэлгээг гурван удаа хийгээд байна. Мөн эрсдэлийн түвшин тус бүрд ямар хариу арга хэмжээ авах талаар тодорхой заасан байдаг үүнийхээ дагуу ажиллаж байна. Бид хилийн нэвтрэх цэгүүдээ бүрэн хянаж байгаа. Хятадын өвчлөл гарсан нутгаар дайрсан зорчигчдоос асуумж авч, буусны дараа нь дулаан хэмжигч төхөөрөмжөөр халууныг нь хэмжих арга хэмжээг авч байна. Онгоцны зорчигчдыг нисэж байхад нь өвдсөн хүн байгаа эсэх талаарх мэдээллийг цаг тухайд нь авч байгаа. Ингэж шалгалт хийгээд 6-7 хүнийг ХӨСҮТ тусгаарлан оношийг тодруулсан. Монгол улсын вирус судлалын лаборатори нь дэлхийн сүлжээнд холбогдсон тул мэдээлэл байнга солилцдог, шинжилгээгээ үргэлж баталгаажуулж байдаг. Манай лаборатори нь томуу, амьсгалын замын цочмог халдвар гээд 20 гаруй төрлийн вирусийг илрүүлэх хүчин чадалтай. Дээр нь манай лаборатори нь Японы Засгийн газар, Японы ХӨСҮТ-ийн дэмжлэгтэйгээр Монголын улсын аймгуудад дөрвөн салбар лаборатори нээн ажиллуулж байна. Орхон, Дархан, Дорнод, Ховд аймгуудад эдгээр лаборатори ажиллаж байна. Тэгэхээр хэлээр сэжигтэй тохиолдол орж ирвэл цаг тухайд нь шинжлэх чадалтай,б боломжтой байгаа гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Ингээд сэжигтэй гэж тусгаарлагдсан хүмүүст шинжилгээ хийхэд томуугийн А ба Б хүрээний вирусүүд илэрсэн. Үүний дараа тухайн илэрсэн вирусийн эсрэг эмчилгээ хийгээд эрүүл болгоод гаргасан байгаа. Манай лабораторийн шинжилгээ баталгаатай, найдвартай гэдгийг давтан хэлье.
Шинэ коронавирус нь шинэ гарч ирсэн тул цаг тухайд нь оношлох асуудал нь дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа зүйл. Өндөр хөгжилтэй орнууд нь оношилгооны эхний тестүүдийг гаргаж байна. Иймд бид Японы Засгийн газартай хамтарч ажилладгийн хувьд энэ тестийг манайд хэрэгтэй байгаа тухай санал тавьсан. Ингээд бидний зүгээс гаргасан хүсэлтийн дагуу өнөө маргаашгүй шинэ коронавирусийг оношилдог оношлуур орж ирэх гэж байна. Япон улс нь манай лабораторийн үйл ажиллагаа чанартай гэдэгт итгэдэг учраас, бидний шинжилгээг лавлан баталгаажуулдаг лабораторийн хувьд ийнхүү бидний оношилгоо хийж чадна гэж үзээд хамгийн сүүлийн үеийн оношлуураа өгөхөөр болж байгаа юм.
Эрсдэлийн түвшин өндөр гэж гарсан учраас бид 24 цагийн тасралтгүй үйл ажиллагааны горимд шилжсэн байгаа. 24 цагийн утас ажиллуулж байна. Сэжигтэй тохиолдол бүр дээр очиж тусламж үзүүлэхэд бэлэн байна. 80086829 гэсэн утас руу хандан өвчний талаарх үнэн бодит мэдээллийг авч өгч байх хэрэгтэй.
Мөн коронавирусын үеэр илэрдэг шинж тэмдгийн талаар Хятадын байгууллагуудаас нэмэлт мэдээлэл авсан. Ингэснээр коронавирусын халдвар авсан үед томуу томуу төст өвчинтэй адил шинж илрэхээс гадна гэдэс ходоодны хямрал, суулгах, зүрх ба уушги, цээжээр өвдөх шинж эхний үед илэрч байгаа гэдгийг хэлье. Иймд Хятад яваад ирсэн хүмүүс ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна