Монголын Зохиолчдын хороо мөхлийн ирмэгт байна

О.Шүрэнцэцэг
2020/01/23

Монголын зохиолчдын эвлэл энэ онд 90 нас хүрлээ. Хүнээр бол хэдийн таягаа гартаа тулчихсан алхаа гишгээ нь өөрийнх байхаа больсон үе. Харах нүд, хазах шүдгүй болтлоо доройтоод хүний эрхэнд орсон байх нас. Азаар Монголын утга зохиолын ертөнцөд 1929 оны тэр нэг жавар тачигнасан өвлийн дунд сарын эхэн буюу нэгдүгээр сарын 9-нд мандсан нар өдгөө жин үдийнх шиг хурц, төөнөсөн их илчтэй байна. 

Их зохиолч Д.Нацаг­дорж, С.Буяннэмэх нарын ханыг нь шийрлэсэн уран зохиолчдын бүлгэм хожмоо Монголын сэхээтнүүдийг төрүүлдэг оюун санааны өргөө болтлоо томорчээ. Энэ л эгнээнээс Монголын оюун санааны их мастер Б.Ринчен, Ц.Дамдин­сүрэн нар төрж гарсан бол Б.Явуухулан, Д.Намдаг, Ц.Гайтав, Ш.Дулмаа, Ш.Гаадамба, Д.Батбаяр, С.Удвал, Л.Түдэв, Б.Лхагвасүрэн, Д.Пүрэвдорж, П.Бадарч, Ш.Сүрэнжав, Д.Мягмар, М.Цэдэндорж, А.Зандраабайдий, О.Дашбалбар нарын суутнууд төрснийг жагсаавал уртаас урт дараалал бий болохоос гадна сонины ганц нүүр сох дутна. 
Энэ хүмүүс бол Монголчууд бор эсгийнийхээ доор ч босоо амьдарч байсны гэрчүүд. 90 жил бидний тархийг мэрж идэх “талхтай” байлгасан мастерууд. Манжийн дарлалаас гараад тусгаар улс байгуулж асан он цагаас эхтэй хөмөрсөн тогоог сөхөж цэлийтэл нар тусгасан дээд төрөлтнүүд. Монголын Зохиолчдын хороо гэж намхан ногоон байшин бол энэ мастеруудын цуглаж бодлогоо ярьдаг, Монголын уран зохиолын ноён оргил мөн хэмээн сэтэрт адуу шиг бүтээлтэйгээ дархлуулдаг өргөө байв. Гэтэл өдгөө өнгө нь гундуухан, өөрийн гэсэн бүхнээ түрээслэгчдэд дэлгэж хана, туурганаасаа эхлээд нурж байна. Бүтээлийн санаа буцалж, Монголын уран зохиол сонгодог хэлбэрээ олж байсан онц цагийн халуун үеийг санан бэтгэрсэн мэт дүнсийх нь гол зурна. СУИС-тай залгаа дүнхийсэн ази хоолны рестораны сүрд дарагдан навтасхийх Монголын Зохиолчдын хороо өдгөө яг л 90 настан шиг эцэж туйлджээ.  Монголын дууны урлагт нэг шүлэг нэмэгдэх үү, хасагдах уу гэх хатуу эрхийг ёсчлон үг өгүүлбэр, үзэл санаа болгоныг нь шүүн тунгааж,  чандлан шүүмжилж, өлгийддөг дэг ёс өдгөө алдагдаад өнө удав. Хэн дуртай нь ном бүтээж хүссэн нь шүлэг бичиж, зузаан том роман туурвидаг болов. Хүүхэд багачууд ямар утга, найруулгатай дуу амандаа хүлхэж хэрхэн хүмүүжиж байгаа нь хэнд ч хамаагүй болов. Хосуудын хурим, хүүхдийн сэвлэгний найрын дуу, магтаалгүй шахуу болтлоо уламжлалт утга зохиол задгайрав. Яруу тунгалаг, утга гүн үгс хараал, зүхлийн дуудлагатай ижилсэж ондоошив. Үүний учир шалтгаан нь тун ч тодорхой байна. 
Монголын зохиолчдын хороо гэх гурван давхар байшин өдгөө нэгдүгээр давхраасаа эхлээд түрээслэгчдийн оромж болсонтой шууд холбоотой гэчихвэл нэг их буруудахгүй болов уу. Байхгүй юмгүй энэ газарт өмгөөлөл, хууль зүйн тусламж үзүүлдэг байгууллагаас гадна дуу бичлэгийн студи, хөгжмийн сургалт, G-TIME.KZ төслийн багийнхан, “Монита Ленте”, “Талын хүч”, “Дээдсийн илч”, “Кампомон” зэрэг компани, гоо сайхны салон, уран бүтээлчдийн урлангууд ажиллаж байна. 

МОНГОЛЫН ТӨРД ҮНДЭСТНИЙ УРАН ЗОХИОЛЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАЙНА УУ

Яагаад ч юм ингэж асуумаар санагддаг аа. Оюун санааны чигээ алдсан монголчуудад үндэстний уран зохиолыг хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлого, алсын хараа байна уу. Цаг төр үймж асан тэртээ 90 жилийн түүхийг сөхөж үзвэл төр цэгцрэх, бодлого тодорхой болох, хаана, юунд хүрэх боломжийг хайдаг “Алтан гадас” нь зохиолчид байжээ гэж харагддаг. Тухайлбал, 1920 онд С.Буяннэмэхийн “Таван мөнгө хүрэхгүй үнээр түмэн ардаа худалдсан халхын хаад ноёд” хэмээн бичсэн үзэл санааны шинэчлэл, иргэний зоримог дуу хоолой ард түмнийг сэхээрэх, сэрээхэд түлхүүр болсон байдаг. Тухайн цаг үеийн буглаа, идээ бээрийг шахахад дээрх мөртүүд хүчтэй нөлөө үзүүлж уран зохиолд элэгтэй хүмүүсийг нэгдэн нийлэх шалтгаан болж өнөөгийн Монголын зохиолчдын хороог үүсэх нөхцөл болсныг тэмдэглэснийг олж үзлээ. Мөн Монголын анхны шүлгийн мөрт хэмээн эх сурвалжид тэмдэглэжээ.
Харин өдгөө бидэнд цаг үеийнхээ алдааг энэ мэт санаж сэрэх  “Алтан гадас” алга. Монголын төр сүүлийн хорин жил утга зохиолд баримтлах бодлогоо санаатай, санамсаргүй алдагдуулж ирсний “ач”-аар энэ цагийн зохиолчид нэгэн дээвэр доор цуглах нөхцөлгүй болсон нь гашуун үнэн. Учир нь цугладаг газар нь эзэнтэй болсон. Ийм л ядмагхан цаг ирсэн учраас утга зохиолд элэгтэй, шинэ үеийнхэн очих газаргүй, суух сандалгүй болцгоов. Тэдний биенээ олж уулздаг, бараа бараагаа хардаг, зохиол, бүтээл, шинэ санаагаа ярьдаг газар нь уушийн газар, паб болж хувирсан.
Тэгэхээр Монголын зохиолч­дын хороо мэргэжлийн урлагийн байгууллага мөн үү гэсэн асуулт өөрийн эрхгүй ургадаг. Мөн бол төрийн бодлого, дэмжлэг байх ёстой. Гэтэл төрийн бодлого, зохицуулалт алга. Угтаа бол утга зохиолын салбараар шат хийж улс төрд гарсан гишүүд, төрийн бодлогын зөвлөхүүд олон бий. Одоо ч хэд хэдэн зохиолч төрд байна. Гэтэл үе үеийн луугарууд төрөн гарсан гундуухан гурван давхар байшингийнхаа “нүүрийг угаах” сэтгэлгүй ажиллаж байна. Оюун санааны охь ундарсан Монголын зохиолчдын хороог төр авъя, төсөв, бодлогоор дэмжье. Сэвхийтэл өөд нь татах халуун сэтгэл үгүйлэгдэж байна.  
Ардчиллаас өмнө буюу 1990-ээд он хүртэл төр, засгийн ивээлд зохиолчид хийж бүтээснээ зохих ёсоор нь үнэлүүлдэг, нийгмийн элитүүд эндээс л төрөн гардаг байв. Харин эах зээл гэх шуурганд Монголын утга зохиолын салбар живж ТББ болтлоо хөлөө алдсан байдаг. Тодруулбал, Монголын зохиолчдын хороо улсаас санхүүждэг байснаа больж байр, орон гэрээ түрээслэж амь зуухаас аргагүй болтлоо газардсан нь үнэн юм аа. Өдгөө үндсэн дөрвөн ажилтантай, Удирдах зөвлөл нь 15 хүний бүрэлдэхүүнтэй, яруу найраг, үргэлжилсэн үг, орчуулга, хүүхдийн зохиол гэх мэт төрөл зүйлээсээ хамаарсан долоон төвтэй болжээ. Албан ёсны 1170-аад гишүүнтэй гэдэг. Энэ тоо нь их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэхээ тоолоод шүү дээ. Үүнээс өдгөө ч зохиол бүтээлээ туурвиад амьдарч байгаа 700-гаад хүн бий гэдэг. Тогтмол үйл ажиллагаандаа оролцдог 300 гаруй хүнийг шууд болон шууд бус байдлаар ажилтай байлгахын тулд 20-иод өрөөгөө сарын 200-700 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа нь хэзээ мөдгүй хөл алдан унах гэж буй утсан дээрх циркчнийг санагдуулна. “Түрээсээ 100 хувь авбал сард таван сая гаруй төгрөг цуглардаг. Цалингийн фонд нь гурван сая гаруй төгрөг болно. Өвлийн цагт цахилгааны төлбөр гэж сая саяар нь өгдөг” хэмээн үе үеийн дарга нар асуудлаа ярьдаг ч хорооны   орлого нь зарлагаа нөхөж чадахгүй элгээрээ мөлхсөөр энэ цагийг үзэв. Тэгэхээр цаашид Төрийн бус байгууллагын статустайгаар 100 жилээ үзнэ гэвэл өнөөдрийн гурван давхар ногоон байшингийн туурин дээр түүх ярих л хэрэгтэй болох нь ээ. 
Утга зохиолд элэгтэй хүн бүр чадлынхаа хэрээр нэг тоосго өрж, гэр гэрээсээ ширхэг хадаас авчирч тус өргөөг босгож байсан гэх яриа бий. Ард түмний оюун санааны галт бамбарууд асан дүрэлзсэн энэ өргөөг үлээгээд ч үнс  нь босохгүй шүдэнз зураад ч дөл нь дүрэлзэхгүй болтол нь бөхөөх учир шалтгаан байна уу.

Үргэлжлэл бий...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тамхины хорыг бууруулахад тусламж хэрэгтэй 2 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 6 цагийн өмнө
Ногоон бүсийн 51 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ 6 цагийн өмнө
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 6 цагийн өмнө
Б.Найдалаа: Ерөнхий сайд ч бай, хэн ч бай орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой 7 цагийн өмнө
Объектын гал түймрийн 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна 9 цагийн өмнө
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ 9 цагийн өмнө
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга санаатайгаар "Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг унагаалаа 9 цагийн өмнө
Э.Батшугар гишүүний өргөн барьсан хуулийн төсөл батлагдаж ‘хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 11 цагийн өмнө
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн 2025” болно 11 цагийн өмнө
Улаанбурхан халдварт өвчнөөр 1964 хүн өвдөөд байна 11 цагийн өмнө
​Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно 12 цагийн өмнө
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна Өчигдөр
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой Өчигдөр
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн Өчигдөр
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа Өчигдөр
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр