Ц.НЯМДОРЖ: ХУЛГАЙЧ БОЛ БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА БАЙХ ЁСТОЙ


УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Сайд нар салбартаа халаа сэлгээ хийдэг. Өнөө томилогдож байгаа сайд нарын зарим нь халаа сэлгээ хийнэ гэдгээ аль хэдийнэ зарлачихаад байгаа. Таны хувьд?

-2012 онд ажлаа өгсөнөөс хойш яамаар ороогүй. Гэхдээ бие холдсон ч сэтгэл холдоогүй. Би хуулийн салбарт 36 дахь ажилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн барилга байшингаа дуусгах гээд үе үеийн Хууль зүйн сайд нартай хамтарч ажиллалаа. Очоод хийх гол ажлынхаа талаар чуулган дээр хэлсэн. Хууль номын дагуу ажиллаж байгаа бол солихоо урьтал болгохгүй. Харин хууль бус үйлдэл байгаа бол засна. Олон жил миний дор ажиллаж байсан хүмүүсээс төрийн хэрэгт янз янзын байдлаар халдаж, зарчимаасаа хазайсан тухай дуулдаж байна. Хэрвээ үнэн бол бага зэргийн хөдөлгөөн хийнэ. Гэхдээ бөөнөөр биш. Зарим нэг өөрчлөлт оруулна. Хэнийг хэзээ гэдгийг хэвлэлийнхэнээс тас нууна.


- Хуулийн салбар 2012 оноос хэр өөрчлөгдсөн бол?

- Сая Ц.Бямбацогт сайд болсоноосоо хойш байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хэдэн том хууль оруулж ирсэн. Би энэ хуулийн ажлын хэсгийг ахласан. Ингэхдээ өөрийн оруулах гэсэн санаагаа бүгдийг нь тусгасан. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль Захиргааны тухай хууль гэх мэт шинэ хуулиуд батлагдсан. Хэрэгжилтийн гол согогууд нь гарч ирэх болоогүй байна. Очингуутаа ажлын хэсэг байгуулж үүнийг судална. Миний хүмүүстэй таардаггүй зарчим бий. Монголын хууль монголдоо таарах ёстой. Гадны хуулийг шууд хуулж тавих нь үр ашиггүй.

- Худалдаа хөгжлийн банк, эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

- Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэхээс өөр арга зам байхгүй. Энэ бол монголын зуун жилийн түүхэнд гарч байгаагүй луйвар мөнөөсөө мөн. Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг. Улсаас мөнгө гаргуулж, цөөхөн хэдэн бүлэг гартаа оруулсан нь үнэн. Тиймээс энэ илт шударга бус явдлыг зогсооно. Хүчин мөхөсдөж магадгүй. Шүүх, прокурорт хамгаалалтаа тавьсан ч байж болзошгүй. Үүнийг би мэдэхийн дээдээр мэдэж байгаа болохоор энэ асуудлаар УИХ болон ард түмэндээ тайлагнана. Хүч хүрдэггүй юм бол шалтгааныг нь бас хэлнэ.


- С.Зориг агсаны хэрэгт шүүхээр шийтгэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн нь тэднийг хэлмэгдсэн гэж үзэж буй. Та ч үүнийг үгүйсгэдэггүй?

- Одоо мөрдөгдөж байгаа хуулиар нууцийн зэрэглэлд байгаа асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж ирж шийдүүлдэг номтой. Яг энэ зарчмаар ажиллана. Захиалагчаа зарла гэдгийг хуулийн байгууллагаас хатуу шаардана. Хугацаа тогтоож өгнө. Уг нь номоороо бол захиалагчаа эхлэж олчихоод дараа нь дараагийн асуудлаа шийддэг. Гэтэл үүнийг эсрэгээр нь хийсэн. Захиалагч нь байхгүй мөртлөө тэдгээр хүмүүсийг захиалгаар хүн хөнөөсөн гэж шийтгэсэн. Энэ бол бүх буруу юмны эхлэл юм. Энэ бол цорын ганц амьд гэрчтэй хэрэг. Гэтэл тэр гэрчийг нь бүтэн жил хорьсоныхоо дараа гэрч ч биш хохирогч ч биш болгосон. Дараа тэр хүний үгээр зурсан гар зургийг үндэслэл болгож, таниулж хэсэг хүмүүсийг шийтгэсэн. Бүх ажиллагааг нууцаар хийсэн. Ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй. Энэ бол хүний амины хэрэг. Баримтаа гаргаж ирээд ийм учраас ингэж шийтгэлээ гэж ярьсан бол би ингэж ярихгүй. Гэтэл үүнийгээ одоо хүртэл нуучихаад, 25 жил хав дарах асуудал үүсээд байгаа болохоор би ингэж хурцатгаж яриад байгаа юм.


- 60 тэрбумын асуудлыг яах вэ?

- Тэр хоёр хүний 90 минутын яриа бол эвлүүлэг биш. Өөрсдийнх нь хоолой мөн. Сүүлд өөрсдөө ярьсанаа олны өмнө хүлээсэн шүү дээ. Харин энэ яриа хэрэгжсэн үү үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шалгаад зарлах ёстой. Одоогоор 1400 орчим хүнийг байцаагаад энэ яриа хэрэгжээгүй гэсэн дүгнэлтэд хүрээд хэргийг хаачихаад байгаа юм билээ. Ганцхан л нь үнэн гэж бий. Хэрвээ энэ хэрэгт цагдаагийн байгууллагын хүчийг дайчлах шаардлага гарвал асуудлыг нь шийдэж өгнө. Энэ асуудлын эцсийн үнэнийг ард түмэндээ хэлнэ. Хариуцлага бол янз янзын төрөлтэй байдаг. Би улс төрийн хариуцлагын асуудлыг нам дээр ярьсан. Тэр дагуу НИТХ-ын дарга чөлөөлөгдсөн.


- Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболд бас улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой юу?

- Тэрийг би мэдэхгүй. УИХ-ын дарга хуулиараа өөрөө саналаараа өргөдлөө өгнө эсвэл ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал албан тушаалаас нь огцруулдаг.

- Таниас ард түмэн олон зүйл хүлээж байгаа. 60 тэрбумын, С.Зориг, Эрдэнэтийн хэрэг гээд л. Магадгүй чадахгүй байх вий гэсэн айдас байна уу?

- Би бол эдгээр хэргүүдийг илрүүлнэ гэж яриагүй хүн шүү. Энэ хүмүүсийг зөв шийтгэж үү гэдэгт л анхаарна. Үнэхээр захиалгаар хүн алсан юм бол захиалагчаа зарла гэж байгаа юм. Өөрсдөө захиалагч байгаа гэдгээ мэдэгдчихээд байгаа биздээ тэр хуулийнхан чинь.

- Салбарт хийгдэж байгаа шинэчлэл тухайн сайдынхаа нэрээр овоглогдоод явчихдаг. Тэгэхээр таны үед бодлого ямар байх вэ?

- Сая батлагдсан Эрүүгийн хууль хуучнаасаа зөөлөн гээд яриад байгаа. Миний өөрийн хуульчийн байр суурь бол 2002 оны Эрүүгийн хууль одоо хүртэл хэвээрээ байгаа. Жишээ нь 2002 оны Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг үлдээсэн байдаг. Шинэ Ерөнхийлөгч цаазаар авах ялыг халсан нь буруу байна гээд ажлын хэсэг байгуулчихлаа. 2002 оны Эрүүгийн хуулийг хэдий би бичсэн ч Монголын төр баталсан хууль юм. Аливаа улсын Эрүүгийн хууль гэдэг бол тухайн улсын тусгаар тогтносон байдлыг хамгаалдаг сүүлчийн галт тэрэг байдаг. Тиймдээ ч өнгөрсөн болоод одоо, ирээдүйг тооцсон байх ёстой. Гурван цагийн хэлхээг холбож хууль бичдэг юм. Хүчингийн хэрэг гэхэд л энэ хуулиар хатуу ялтай байлаа. Гэтэл одоо болохоо байлаа гээд л шуугиад эхэлж байгаа биздээ. Гэхдээ нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлээд үзье. Болохгүй бол засъя гэсэн байр суурьтай байна.

- Таны бодлоор цаазын ялыг сэргээх нь зөв үү?

- Ерөнхийлөгч юу хэлэхийг л харна даа. Тэр ажлын хэсгийхэн юу ярихыг сонсоно. Цаазын ял гэдэг чинь явдалтай эд. Сүүлдээ олон хэрэг хүлээдэг хүмүүс гарч ирлээ. С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээн хэрэг хүлээгээд байгаа хүмүүсийн нэг нь бараг 10 гаруй хүн амины хэргийг хуурамчаар хүлээчихсэн. Арав гаруй гээд боддоо. Дандаа худлаа байсан. Архангайд гурван хүний амь хөнөөсөн гээд л баахан явдал чирэгдэл болсон. Дараа нь Эрдэнэтэд нэг хүн хөнөөсөн гэсэн. Тэр нь бас л худлаа болсон. Гэтэл гэртэйгээ шатаж нас барсан дөрвөн хүний амийг хөнөөсөн гээд л бараг баримтгүй шахуу шийтгээд хаячихсан. Үүний цаана юу харагдаж байна гэхээр хүнд ял байхгүй болчихоор хүн нар салхинд гарахын тулд юу ч хийхээс буцдаггүй юм байна. Тийм сэтгэлзүйтэй хүн байдаг л байхгүй юу. Гурав хоног наранд гарч, цадтал хоол идэхийн тулд тэртээ тэргүй ял нэмэгдэхгүйгээс хойш хэдэн ч хэрэг хүлээсэн яадаг юм гэх шийдчихсэн байдалд орчихсон хүн байдаг л байхгүй юу. Тиймээс ийм аюул яваад байх вий дээ гэсэн хар төрөөд байгаа юм. Нөгөө талаас эрүүгийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ. Гурав, дөрвөөр нь хүйс тэмтэрчихээд байж л байна шүү дээ. Би цаазын ялыг халж болно, гэхдээ цаг нь болоогүй байхад халсан гэж үздэг хүн. Гэхдээ Эрүүгийн хуульд ял хөнгөрсөн бол дээр нь нэмж болохгүй гэсэн зарчим бий. Энэ зарчмыг бас хүмүүс яриад л эхэлнэ шүү дээ. Энэ мэт зовлонтой байдалд орчихоод байгаа юм л даа.

- Тэгэхээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн үг үү?

- Би цөөхөнд байхдаа бослого гаргаж, Эрүүгийн хуулийг баахан эсэргүүцэж байсныг санаж байгаа байх. Үүний цаана ирээдүйг харсан юм л байсан юм. Одоо бол хэцүү. Гэхдээ бүр арга ядсан үед сэргээх тохиолдолд байна л даа.

- Та ер нь Ерөнхийлөгчтэй хэр гар нийлж ажиллана гэж бодож байна вэ. Хууль, шүүхийн шинэчлэл гэхээр яах аргагүй Ерөнхийлөгчтэй холбогдож таарна?

-Би ажлаа аваад Ерөнхийлөгч дээр орж бүх зовлонгоо ярина. Жишээ нь Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй холбогдуулж сүүлийн 7,8 жил би нэг л юмыг яриад байгаа шүү дээ. Хүлээж авах, шийдвэр гаргах нь эсэх нь Ерөнхийдөгчийн мэдэх асуудал.
Энэ бол Х.Баттулга, Ц.Нямдорж нарын харьцааны асуудал биш

- Та хоёрын хоорондын харилцаа тийм ч таатай биш шүү дээ. Зөрөлддөг хүмүүс?

- Адармаатай л даа. Гэхдээ ард түмнийхээ сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Урд өмнөхөө мартаад Төрийн тэргүүнийхээ суудалд зөв суугаад хууль хяналтын байгууллагуудын ялзралыг арилгах арга хэмжээ авах юм бол хамтарч ажиллахад бэлэн байна. Энэ бол монголын эрх ашиг болохоос Х.Баттулга, Ц.Нямдорж нарын харьцааны асуудал биш. Монголын эрх ашигт зөв сайнаар нөлөөлж байвал хэнтэй ч хамтарч ажиллахад би бэлэн. Би хэдийгээр АН-ынхантай асар зөрөлддөг ч гэсэн улсын эрх ашиг яригдаж байгаа үед хэнтэй ч хамаагүй ярилцаад ойлголцчихдог. Х.Тэмүүжинд би ажлаа өгч байхдаа бүх зовлонгоо яриад л явж байсан. Дараа нь Х.Тэмүүжинг хүнд байдалд ороход болохгүй бүтэхгүй байгаа хүмүүсийг өрөөндөө дуудаж байгаад та нарын асуудал биш, төрийн асуудал гээд ойлголцоод явж байсан үеүд бий шүү. Зөв юмны төлөө хэнтэй ч хамтарч ажиллана. Харин буруу юм хийвэл хэнтэй нь ч дайнд хамт явахгүй.

- Нам дагасан эдийн засгийн бүлэглэлүүдтэй та яаж тэмцэх вэ?

- Би энэ талаар ерөнхий санаагаа хэлсэн. Үүнийг зогсоох хэрэгтэй. Гэхдээ юуны түрүүнд орон шорон гэхгүй. Эхлээд өөрсдөө болих хэрэгтэй. Эхний ээлжинд энх тайванаар ярина. Тэгээд шийдэгдэхгүй бол хуулиа харж хөдөлнө.

- Таныг хуулийн аргаар хүчирхийлэл үйлдэх гээд байна уу гэх шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс өгч байсан?

- Хулгай хийчихээд тэрэнд нь хариуцлага тооцох гэхээр хүчирхийллээ гэж шүүмжилж байгаа бол буянаараа болог. Хулгайч бол байх ёстой газраа байх ёстой. Үүний тулд чинь шүүх цагдаа, төр гэдэг юм байгаа биздээ. Төр гэдэг чинь ядарсаныг тэтгэж, даварсаныг дардаг механизм шүү дээ. Би ганцхан зүйл хэлье. Надад нэмж өчнөөн нэр хаяг зүүх байх. Би тэрийг чинь зүүгээд сурчихсан. Би өвөрмонголын бөхүүдийн хадаг шиг чимэг зүүлттэй хүн шүү дээ. Хуулийн байгууддага хувийн болоод бүлэглэлийн ашиг сонирхолоор хүн айлгадгийг болиулна. Сүүлийн үед ийм явдал илт газар авч байна. Өнөөдөр хэн нэгэн хүний суудал асуудал яригдаад эхэлмэгц шууд хэвлэлийн бага хурал зарлаж байна шүүдээ. Ингэж хууль хүчний байгууллага улс төрчдийн гар хөл болж, хуульд биш төрд шургалсан этгээдүүдэд үнэнч байж мөрдөсөө, цолоо нэмж, албан тушаал ахидаг явдлыг таслан зогсооно гэдгийг хэлье.

-Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа гүйцэтгэх ажиллагаанд өртөж байсан. Магадгүй таныг тагнаж чагнахгүй гэсэн баталгаа байхгүй?

-Би Х.Тэмүүжинд хэлээд явж байсан хүн шүү дээ. Хууль зүйн сайд хүн хоногийн 24 цагт гүйцэтгэх ажиллагаанд өртдөг, хянуулаад явж байдаг юм аа гэж. Одоо ч гэсэн намайг мөрдсөөр байгаа. Гэхдээ би энэ гүйцэтгэх ажиллагаанд чинь амьдраад сурчихсан хүн. Байнгын хяналтанд амьдардаг хүн. Өнгөрсөн жил гэхэд л Эрдэнэтийн асуудал ярьснаас хойш намайг тувтан тойрсон шүү дээ. Би тойрч явж байсан хүмүүсийг Ерөнхий сайд дээр оруулаад улаан нүүрээр нь тулгуулж, над дээр ажиллаж байна гэдгийг нь хэлж л байсан. Энэ бол шинэ юм биш. Би чинь тагнуулах, хойноосоо нэр хоч зүүх, дагуул тавиулах явдлыг чинь тоодоггүй юм.

- Үүнийг зохицуулах боломжгүй юу?

- Зохицуулж болно. Дарга нар ашиглахаа больчихвол өөрсдөө больчихно. Би цагдаагийнханд ганцхан зүйл хэлнэ. Улс төрийн зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулаад үзээрэй. Мөрдөс, албан тушаал, ажил чинь ч байхгүй болно шүү гэж. Манай ТЕГ гадаад тагнуул, сөрөг тагнуул гэж хоёрхон л ажил хийдэг газар, одоогийн мөрдөж байгаа хуулиар. Тэрнээс улс төрийн тагнуул хийдэг газар биш юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлд хэн хэн багтав? 2 цагийн өмнө
Н.Учрал: Нэг сарын дотор 1XBET-ээр 16.6 сая ам.доллар гарчихлаа. Тиймээс хугацаа алдмааргүй байна 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна 3 цагийн өмнө
JCI Эко салбар байгууллагын “Залуу Ой” төсөл 8 дахь жилдээ 3 цагийн өмнө
Улаан нуурын экосистемийг сэргээх “Цагаан бургастай-Онги усан цогцолбор” төсөл хөдөлж эхэллээ 6 цагийн өмнө
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 6 цагийн өмнө
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана 6 цагийн өмнө
Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ 7 цагийн өмнө
Г.Лувсанжамц: Нийслэлийг 14 хот болгож задлах асуудалд төвлөрөх бус, дэд бүтцийг тэлэхэд анхаарах ёстой 7 цагийн өмнө
Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ нөгөөдөр хэлэлцэнэ 7 цагийн өмнө
П.Сайнзориг: Хотыг хувааж тоглох гээд байгаа зүйл байхгүй 8 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ө.Шижир, Тавантолгойн орд газартай холбоотой баримт мэдээллийг цувралаар хүргэнэ 8 цагийн өмнө
Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо 9 цагийн өмнө
Өөрчлөлтийн төлөө нэгдэж байна 9 цагийн өмнө
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна 9 цагийн өмнө
Танилц: Зуны 3 сар цаг агаар ямар байх вэ 10 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна 10 цагийн өмнө
Ахмадууд: Төр ахмадууддаа харгис хандаж байна. Тэтгэвэрийн зээл олгож, хүүг нь бууруулах хэрэгтэй 11 цагийн өмнө
А.Алтанзул: Боксын спортоороо тууштай хичээллэнэ. 2032 оны олимпыг зорьж байна 11 цагийн өмнө