Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг

Б.Нямсүрэн
6 цагийн өмнө

Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн "Хөвсгөлийн хүчтэн" бөхийн дэвжээ  Ардын хувьсгалын 104 жилийн ойн наадмын бэлтгэлээ Сүүж уулын ойролцоох  Гурван даваа амралтын газар базааж байна. Тэдний бэлтгэлийг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан Л.Нямбаяр удирдаж байна. Наадмын бэлтгэлд Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Даваа-Очир тэргүүтэй 50 гаруй бөх наадмын бэлтгэлээ базааж байгаа юм. 


Улсын начин Б.Даваа-Очир "Бидний бэлтгэл жигдэрсэн, хүч бяр ихтэй байна. Наадам болоход 10 хоног үлджээ. Дэвжээний бөхчүүд маань улс, аймаг, сумын наадмын дэвжээг зорино. Миний хувьд бэлтгэл сайн хангагдсан, хаврын заал танхимын барилдаануудад алгасахгүй зодоглосон. Энэ жил зорилго тавиад сайн барилдахыг хичээнэ. Би 16 насандаа ах нараа дагаад наадмын бэлтгэлд гардаг байсан. Үүний адил дүү нар маань зорилго, мөрөөдөлдөө хөтлөгдөөд наадмын бэлтгэлд гарч байгаа. Энэ хэд маань Хөвсгөл нутгийн залгамж халаа шүү дээ. Төрийн наадамд Өсөх идэр начин Ч.Батчулуун ахыг сайн барилдана гэж бодож байна. Мөн иртэй, бяртай, уран барилдаантай аймгийн арслангууд бий. Тухайлбал, аймгийн арслан П.Хүрэлбаатар, Цэрэн тэргүүтэй залуу бөхчүүдийг одтой наадна гэж бодож байна. Ардын хувьсгалын   104 жилийн ойдоо Хөвсгөл түмнээ баярлуулсан сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна. бөхчүүд бэртэл гэмтэлгүй байгаасай. Халтирах бол байдаг зүйл. Хамгийн хэцүү нь барилдаанаа гаргаж чадахгүй бэртэх. Бүх бөхчүүд бэртэл гэмтэлгүй, олон сайхан залуусын хөдөлмөрийг дүгнэсэн сайхан наадам болох байх" гэлээ. 


Аймгийн арслан Л.Нямбаяр "Энд бэлтгэл хийж байгаа бүх бөхчүүд улсын наадамд зодоглохгүй. Улс, аймаг, сумын наадамд зодоглоно. Улсын наадамд 10 гаруй бөх барилдана. Аймаг, сумын наадамд барилдах бөхчүүд арай эрт бэлтгэлээсээ бууна. Улсад барилдах бөхчүүд наадмын урд өдөр бэлтгэлээсээ буугаад хот руу орно. Бөхчүүд жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Наадмын бэлтгэл дээрээ мэхээ давтах, барилдах техникээ боловсруулна. хөдөлмөрөө наадмаараа үнэлүүлэх гэж байгаа юм. Тэд өөрт тохирсон арга барилаараа бэлтгэлээ хийж барилдана. Би улсын том цолонд хүрээгүй ч гэсэн ах нар, найзуудтайгаа олон жил бэлтгэл хийж, хөдөлмөрлөсөн. Тэднээсээ туршлага хуримтлуулсан. Тиймээс өөрийн сурсан зүйлээ ирээдүй үедээ зөвлөж, сургаж байна" гэв. 


Улсын харцага Г.Ганхуяг "Бусад аймгуудын хувьд улс төрчдийнх нь зорилго болж бөхчүүдээ дэмжиж байна. Манай нутгийн бөхчүүд дэмжлэг багатай. Сүүлийн үед бөхөд сэтгэлтэй хүмүүс гарч ирсэн байна. н.Цогт-Эрдэнэ ах дэвжээний тэргүүнээр ажиллаж байгаа. Нутгийнхаа нэрийг гаргахын төлөө хичээж байгаа ахаараа бахархаж явдаг. Дэвжээний дэд тэргүүн А.Давааням начин Японд сургууль төгссөн боловсролтой хүн байгаа. Мөн жүдо бөхөөр олон жил амжилттай барилдсан. 40 нас хүртлээ өндөр амжилтууд гаргасан. Манай нутгийн дэвжээг сэтгэлтэй, туршлагатай, боловсролтой хүн удирдаж байгаа учраас Хөвсгөлийн бөхчүүд сайжрах нь аргагүй. Дүү нараа харахад урамтай сайхан байна. Сайжирч байгаа харагдлаа. Наадмаар олон цолтон төрөхдөө ихэрлэх байх. Нэр заагаад тийм цол авна гэж ярих дэмий юм билээ. Шинэ цол авсныхаа дараа баяртайгаар уулзъя" гэв. 


"Нар хур тэгширсэн сайхан өдөр Хөвсгөлийн хүчтэн дэвжээний наадмын сорилго болж байна. Олон сайхан бөхчүүд зодоглож байна даа. Бэлтгэл жигдэрчээ. Олон залуус бөх болох замаа нээж байгаа. Төрийн наадмаар Б.Батчулуун начин сайн барилдаж, нутгийн нэрээ гаргах байх. Монгол түмнийхээ итгэлийг хүлээсэн аймгийн арслангууд улсын цолонд хүрэх болов уу. Сумын цолтнууд аймгийн цолоор энгэрээ мялаана гэдэгт найдаж байна. Манай дэвжээ анх байгуулагдахдаа олуулаа байсан. 1958 оны улсын  наадамд шөвгийн найман бөхийн тав нь Хөвсгөлийнх байсан гэдэг. 1990-ээд  оны үед хэсэг завсарласан. Ингээд 2000 оноос Г.Ганхуяг, Элбэг, Мөнхбаатар нар улсын цол хүртсэн. Анх Сүүж ууланд бүгдээрээ бэлтгэлд гарч байсан. Тухайн үед олуулаа бэлтгэлээ базаасан. 2007 онд Монгол Улсын заан С.Хүрэлбаатар багш, Тэс группийн захирал Батхуяг, Мөнхжаргал, Цогт-Эрдэнэ бид хэд ярилцаад ирээдүйгээ бэлдэхээр хамтарсан. Галтаас Цогт-Эрдэнэ ах олон хүүхдүүд авч ирж бөхийн спортод оруулсан. Бөхийн ард олон хүний хөдөлмөр байдаг. Олуулаа байсан үе өнөөдөр сэргэж байгаад баяртай байна. Л.Нямбаяр энэ жилийн бэлтгэлийн багшаар ажиллаж байна. Улсын начин Давааням дэвжээний гүйцэтгэх захирал хийж байгаа юм. Цаашид олон залуус төрж байгаад баярладаг. Монгол бөх их сайхан. Нутгийн түмний итгэл сэтгэл байна. Нутгийн уул ус нь бөхөө дагаж наадмын дэвжээнд ирдэг. Бөх хүн нутгийн уул ус, түмнийхээ ноён нуруу болж явдаг даа. Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг. Сайхан цаг ирж байна" гэлээ. 


Аймгийн арслан Э.Баасанжав "2025 оны улсын наадмын бэлтгэлээ "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний хамт олонтойгоо базааж байна. Өдөрт бид гурван бэлтгэл хийж байсан, одоо хоёр болсон. Долоон сар гараад наадам дөхөхөөр бэлтгэл багасна. Бэлтгэл 100 хувь сайхан хангагдсан. Би 2018 онд аймгийн арслан болсон, үүнээс хойш улсын наадамдаа зодоглож байна. Энэ жилийн Бүх цэргийн наадамд амжилттай барилдсан үзүүрлэсэн. Уг нь түрүүлэх зорилготой барилдсан. Бэлтгэл дажгүй сайхан байгаа. Бүх цэргийн наадамд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Мөнхбаатар түрүүлж, хурц бадрангуй чимэг нэмсэн. Бид хоёр өмнө нь Их шавь дэвжээ дээр нэлээн хэдэн жил хамт бэлтгэл хийсэн. Мөн наадмын бэлтгэлд хамт гарч байсан. Тиймээс нэгнийхээ барилдааны арга техникийг мэднэ. Би хэдэн мэх бодож гараад хийсэн ч өвдөг шороодсон. Цэргийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг улсын цол авна гэж бэлгэшээдэг. Улсын наадамдаа бодсон санаснаа хийгээд сайхан барилдана. 


Жүдо бөхийн ОУХМ, сумын заан Д.Төмөрхүлэг "Би Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ дээрээ Ч.Батчулуун найзынхаа бэлтгэлийг хангахаар гарсан. Өөрийн мэддэг, чаддаг зүйлээ зааж зөвлөхийг хичээж байна. Миний хувьд үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очиж барилддаг. Би Сүүж уултай ойрхон клубийн хамт олонтойгоо бэлтгэлд гарсан байгаа. Ойрхон учраас сорилго наадамд ирж барилдаж байна. Өмнө жил улс, сумынхаа наадамд барилдсан. Их спортын тамирчид үндэсний бөхөөр барилдсанаар илүү амжилт гаргах боломжтой. Тамирчин бүр өөрийн гэсэн арга барил, сахилга бат, багш нарын зааж зөвлөсөн зүйлийн дагуу барилддаг. Тамирчны сэтгэл зүй, хариуцлагаас амжилт хамаарна. Хэн сайн бэлтгэл хийнэ тэр бөх сайн барилдана" гэсэн юм. 


А.Арман "16 насандаа үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Тухайн үед Япон улс руу явж дөрвөн жил сурсан. Сургуулиа төгсөж ирээд нутгийнхаа бөхийн гал дээр үндэсний бөхийнхөө бэлтгэлийг хийж байна. Японд байхдаа сүмогоор бэлтгэлээ сайн хийсэн. үндэсний бөхөөр бэлтгэл хийхэд ялгаатай байдал ажиглагдахгүй байна. Далбаа шуудаг өмсөхөд барьц, байрлал хэцүү байлаа. Үндэсний бөхийн хөгжил жилээс жилд нэмэгдэж байна. Ахаа хүндлэх, цол эрэмбэ дараагаа барихыг суралцаж явна. зэрэг унаад түрүүлж гүйх асуудал байхгүй жудагтай байхыг ойлгодог. залуу бөхчүүд маань ч сайхан барилдаж байна" гэв


Н.Мөнгөн-Эрдэнэ "Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат. Өсвөрийн залуу бөх, одоо 16 настай. Хөвсгөлийн хүчтэн дэвжээний наадмын бэлтгэлд гурав дахь жилдээ гарч байна. Өнгөрсөн жил улсын их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдаж 32-т үлдэж өвдөг шороодсон. Энэ амжилтаа  наадмаар ахиулах зорилго тавьсан. Сумынхаа Улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан П.Хүрэлбаатар  аймгийн начин н.Өлзийсайхан ах нараасаа суралцаж байна. Бөх хүн ах захаа мэддэг, жудагтай байх ёстой гэж боддог. Ирээдүйн зорилго улсын цол хүртэх" гэсэн юм. 



0
angry
0
care
1
haha
1
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 5 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 6 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 8 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 8 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 10 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 10 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 11 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 14 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 14 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 14 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 15 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 16 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 16 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр