Экспортын орлогын 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарынхан өнгөрсөн 7 хоногт чууллаа. “Уул уурхайн долоон хоног 2022” арга хэмжээний дөрөв, тав дахь өдөр “Оюутолгой” компанийн “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн ” болсон юм.
Оюутолгойд ханган нийлүүлэлт хийх хүсэлтээ 1600 гаруй компани илэрхийлжээ. Энэ онд 722 компанитай хамтран ажилласнаас тус үзэсгэлэнд 100 компани оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцууллаа. “Оюутолгой” компанийн хийсэн худалдан авалтын 10 төгрөг тутмын 9 нь Монголдоо үлддэг гэсэн судалгаа гарчээ.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер:
/Бидний 800 ханган нийлүүлэгчийн 600 нь үндэсний компани бөгөөд 10 ам.доллар тутмын 9 нь дотоодын компаниудад зарцуулагдаж байна. Манай ханган нийлүүлэгчдийн сүлжээнд 40,000 гаран хүмүүс ажилладаг/
Оюутолгойн “Ханган нийлүүлэгч” хэрхэн ажилладаг вэ?
Өмнөговь аймгийн “Хасудбат” компанийнхан “ХАСУД” нэртэй брэнд гаргаж, үнэгүй болоод байгаа хонь, ямааны арьсаар уул уурхайд ашигладаг хамгаалалтын бээлий, бүс, хувцас үйлдвэрлэж “Оюутолгой” компанид нийлүүлж байна. “ХАСУД” брэндийг үүсгэгч Б.Ганбат анх 2010 онд ердөө хоёр оёдлын машинтай тус компанийн ханган нийлүүлэгч болж байсан байна. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” компани үргэлж дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд өнөөдөр 40 ажилтантай, хоёр ч туслан гүйцэтгэгч компанитай нийт 100 -аад хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна гэсэн юм. Тус компанийн жилийн борлуулалтын орлого 1,3-1,5 тэрбум төгрөг болсон одоо хөл дээрээ бүрэн тогтсон гэж компанийн захирал Б.Ганбат онцолсон юм.
“Ханбогд Тээвэр Ложистик” ХХК 2017 оноос Оюутолгойн уурхайн талбайгаас БНХАУ-ын Хуа Фанг боомт хүртэл зэсийн баяжмал тээвэрлэлтийг тасралтгүй хариуцлагатай хийсээр иржээ. Тус компани өнгөрсөн хугацаанд орон нутгийн ард иргэдийг урт хугацаанд ажлын байраар хангасаар иржээ. Мөн Ханбогд, Баян Овоо, Манлай сумын иргэд өмчөө түрээслээх хэлбэрээр ашиг хүртэн өрхийн бодит орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангаджээ.“Ора металл” ХХК нь 2004 онд анх удаа Монголдоо ган бөмбөлөг үйлдвэрлэн Оюутолгойн хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. Одоо 150 гаруй хүнийг ажлын бараар ханган жилд 7000 тонн сайн чанарын элэгдэлд тэсвэртэй хүдэр нунтаглах тээрмийн бөөрөнцөг үйлдвэрлэн ажиллаж байна.
Оюутолгойгоос гарсан хог хаягдлыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгодог сүлжээ бий болжээ
“Ханбогд вейст менежмент” компани олон улсын жишигт нийцсэн хог хаягдлын менежментийг сайжруулан жишиг компани болно гэсэн зорилго тавин ажилладаг байна. Тус компани Оюутолгойн хог хаягдлыг ангилан ялгаж хамтран ажилладаг 12 компани тус бүрд хэрэгтэй бүтээгдэхүүнийг нь ханган нийлүүлдэг гэлээ. “Оюутолгой” компанийн гал тогооноос гарсан хог хаягдлыг ургамлын бордоо, гарын болон ахуйн хэрэглээний саван болгон хувиргаж байна. Канаан Ланд ХХК хүнсний тосны хог хаягдлыг боловсруулан саван үйлдвэрлэдэг. Энэ компани нийгмийн эмзэг бүлэгт хамаардаг гучаад хүнийг ажлын байраар ханган бүтээлч үйлдвэрлэл явуулдгаараа бахархаж байна. Оюутолгойгоос гарсан хог хаягдлыг ангилан ялгах боловсруулах ажлыг гар нийлэн хийдэг үндэсний аж ахуй нэгжүүдийн нэг нь “Мон пити ойл” ХХК хаягдал тосноос дизель түлш , мазут гарган авдаг байна. Хуванцар савны хог хаягдлыг “Элемент медикал” компанид нийлүүлж уг компани хуванцрыг дахин боловсруулж аюултай хог хаягдлын хуванцар сав хийх, түүхий эд боловсруулах, мөн аюултай хог хаягдлын устгал, тээвэрлэлтийг хийдэг гэлээ. Харин “Үлэмж хүдэр” компани аккумляторыг дахин боловсруулж тугалга гаргажээ. “Цэцүүх трейд” компани Оюутолгойгоос гарч байгаа аюултай хуванцар савны хог хаягдлыг саармагжуулан дахин боловсруулалт хийж хуванцар савны түүхий эд бэлтгэдэг байна.
Хэрхэн “Ханган нийлүүлэгч” болох вэ?
Оюутолгойн ханган нийлүүлэгч болохын тулд https://www.ot.mn/ вэб сайтад нэвтрэн орж "Нийлүүлэгчийн мэдээллийн нэгдсэн сан" д бүртгүүлэх шаардлагатай юм байна. Тус компанид бараа үйлчилгээ нийлүүлэх хүсэл сонирхолтой ААН, шууд хандаж хялбар бүртгүүлэх боломжтойгоор зохион байгуулагдсан байна. Та өөрийн компанийн нийлүүлж чадах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, холбогдох хаяг, санхүүгийн чадавх, хүний нөөцийн чадавх зэрэг ерөнхий мэдээллүүдийн асуулт бүхий талбаруудад оруулснаар бүртгэгдэх юм.
“Оюутолгой” кампани худалдан авалт хийхдээ дээрх бүртгэлд хамрагдсан аж ахуй нэгжүүдийн дунд тендер зарлан сонгон шалгаруулалт хийн гэрээ байгуулдаг байна. Оюутолгойн ханган нийлүүлэгчдэд зориулсан арилжааны банкны зээлийн үйлчилгээ хүртэл бий болжээ. Тус компанийн ханган нийлүүлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг жилийн 13-15 хувийн хүүтэйгээр түргэн шуурхай олгодог арилжааны банк-ууд тус үзэсгэлэн яармагт мөн оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байсан юм.
2010-2021 онд Өмнөговь аймгаас авсан худалдан авалтад нийт 888 сая ам.доллар зарцуулжээ
“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгарч ирсэн. 2010-2021 онд тус компани борлуулалтын орлогынхоо 20-35 хувийг татвар хураамжид төлжээ. Мөн дотоодын ханган нийлүүлэгчдээр дамжуулан НӨАТ-т 1.9 их наяд төгрөг, АМНАТ-т 1.3 их наяд төгрөгийг тус тус төлсөн байна. 2021 онд нийт 864 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 540 нь үндэсний компани байжээ. 2010-2021 оны хооронд үндэсний худалдан авалтад нийт 4.1 тэрбум ам.доллар зарцуулжээ. Өмнөговь аймгаас худалдан авалт жил бүр нэмэгдэж, 2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол түүнээс хойш тууштай өсөж, 2021 онд 216 сая ам.доллар болж өссөн түүхэн дээд амжилт тогтоожээ. Ингэснээр 2010-2021 оны хооронд Өмнөговь аймгаас авсан худалдан авалтад нийт 888 сая ам.доллар зарцуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна