Бизнест ямар эрсдэл тохиож болзошгүй вэ?

М.Төгөлдөр
2020/09/25

ОУ-ын судалгааны байгууллагууд энэ жил дэлхийн эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарч, дэлхий нийтийг хамарсан аж үйлдвэрийн уналт зогсох хандлагатай болно гэж үзэж байсан. Тухайлбал өнгөрсөн онд 2.9 хувийн өсөлттэй байсан дэлхийн эдийн засаг энд онд 3.3 хувийн өсөлт үзүүлнэ гэж төсөөлж байсан юм. Дэлхийн эдийн засагт үүсч болох эрсдэлийг ОУ-ын судалгааны байгууллагууд их гүрнүүдийн худалдааны тарифын маргаан болон геополитикийн шилжилт байж болох ч, эдийн засгийн өсөлт тогтворжиж, тэр дундаа  эдийн засгийн гол хөдөлгүүр нь, Ази тив рүү чиглэхийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Хубэй мужийн Вүхань хотод гарсан шинэ төрлийн Корона вирусийн тархалтаас болж дэлхийн эдийн засаг төсөөлж байснаас буурсан. Учир нь давагдашгүй хүчин зүйл болох байгалийн аливаа гамшиг нь дуусах хугацаа, гарч болох эрсдэл, түүнээс учирсан хохиролыг тооцож болохуйц байдаг бол энэ удаагийн COVID-19 вирусийн тархалтын зогсох хугацаа болон эдийн засагт учирч болох хохиролыг тооцох ямар ч боломжгүй, цаашид хэр зэрэг удаан үргэлжилж, дэлхийн эдийн засагт ямар хэмжээний хохирол үзүүлэх нь, өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар байгаа юм.

Бид ойрын ирээдүйд юу болох тухай гэхээсээ илүү маргааш юу болохыг ч төсөөлж, тааварлашгүй цаг үед амьдарч байна. “Дэлхийн эдийн засгийн 50 дахь чуулган” 1 сарын 22-23нд Швейцарын Давос хотод болоход дэлхийн 50 гаруй улс орнуудын төрийн тэргүүнүүд, дэлхийн эдийн засагт нөлөө бүхий компаниудын 2000 орчим төлөөлөгчид чуулахдаа уг вирусийн тархалт дэлхийн эдийн засагт эрсдэл үүсгэж болзошгүй тухайд хэн ч анхаарлаа хандуулаагүй байдаг. Гэтэл өнөөдөр энэ нь бүс нутгийн асуудал байхаа больж нөхцөл  байдал маш хурдацтай өөрчлөгдөж, уг вирус дэлхийн бүх оронд тархаж ДЭМБ-аас COVID-19 вирусийн тархалтыг “Пандамик” буюу “Цар тахал” гэж зарласан. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү цар тахлаас үүссэн эдийн засгийн уналт нь 2008 оны санхүүгийн хямралаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан уналтаас ч их байх болно гэж үзсээр байгаа. Анх 1918 оны 1 дүгээр сараас 1920 оны 12 дугаар сар хүртэл бараг 3 жил үргэлжилсэн “Spanish flu” буюу Испани ханиад нь дэлхийн хүн амын дөрөвний нэгийг буюу 500 сая хүнийг халдварлуулж, 50 сая хүний амийг авч одсон байдаг. Зарим судлаачид хүн амын эрүүл мэнд амь насанд заналхийлсэн тархалтын хурд өндөртэй COVID-19 вирус буюу үүссэн нөхцөл байдлыг 100 жилийн давтамжтайгаар болж байна гэж дүгнэсэн нь бий. 100 жилийн өмнөх энэхүү тахлын дараагаар дэлхийн улс орнуудын эдийн засаг эрчимтэй унаж 1929 оны “Great depration” буюу их уналттай залгаж байсныг хүн төрөлхтөний шинэ түүх ийн гэрчилж байна. Түүгээр ч зогсохгүй маш олон бэрхшээлтэй нэгэн зэрэг нүүр тулж байгаагүй юм байна гэдгийг олон улс орнуудын удирдагчид, шийдвэр гаргагчид хүлээн зөвшөөрсөн. Харин эдийн засагч, судлаачид эдийн засгийн энэхүү уналтыг “Дипрэшиний цуурай сонсогдож байна, энэ бол  «Хар хун» гэх үзэгдэл юм” гэж анхааруулж байсан.

Ийнхүү дэлхий нийт нэг том гүрнээс ихээхэн хамааралтай байснаа ч ухаарч, олж харж чадлаа. БНХАУ-ын эдийн засаг саарч, импортоо хумьсан нь дэлхийн зах зээл дээрхи эрдэс бүтээгдэхүүний үнэ унаж, хөрөнгийн зах зээл савалгаанд ороход хамгийн том нөлөө үзүүлсэн юм. Дэлхийн том улс орнуудын эдийн засаг хүн ам ихтэй, худалдан авах чадвар сайтай байдгаас үүдэн тэр болгон шоконд автдаггүй. Нэг үгээр хэлвэл гадаад орчноос харьцангуй бага хамаардаг учир энэ шуурганд төдийлөн хохирол амсаагүй байж болох ч  гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай манайх шиг нээлттэй, жижиг эдийн засагтай улсад ихээхэн хүнд тусч байгаа. Бид үүнийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд болон бензин, машин механизм, эм тариа гэх мэт ихэнхи бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортолдогоос харж болно. Харин цөөн тооны бүтээгдэхүүн болох нүүрс, зэс зэрэг уул уурхай, эрдсийн бүтээгдэхүүнийг экспортлодог тулдаа төсвөө бүрдүүлсэн болоод явж байна.

Манай улс энэ жил эдийн засгийн өсөлтөө 6 хувьтай байхаар өөдрөгөөр төсөөлж төсвийн орлогыг өмнөх оноос 16.6 хувиар өснө гэж анх тооцож байсан. Сангийн яам төсвийн орлогын гүйцэтгэлд учирч болох эрсдэлийг “Эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл байх болно” хэмээн үзэж дэлхийн зах зээл дээрхи нүүрс, зэсийн үнийг унах байдлаар, төмрийн хүдэр болон алтны үнийг өсөх байдлаар төсөөлж, тогтворжуулалтын санд 125 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Төсвийн орлогыг 12,3 их наядаар /тэнцвэржүүлсэн орлого 11,8 их наяд/ төсвийн зарлагыг 13,9 их наяд төгрөг байхаар баталсан. Гэтэл уг вирусээс болж экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ буурахад хүрч,  нүүрсний экспорт хэсэг хугацаанд зогсож, өнөөдөр төсвийн алдагдал 5 их наядад хүрчихээд байна.

Төсвийн орлогын төлөвлөгөө тасалдана гэдэг нь эдийн засагт тулгарах хамгийн том эрсдэл. Гэтэл бид сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үргэлж 2 орчим их наяд төгрөгөөр давуулан баталсаар ирсэн. Харин эдийн засагчид төсвийг зоригтойгоор танах тухай вирусийн тархалт эхэлсэн цагаас эхлэн хэлж, ярьсаар байсан ч ЗГ үүнд арга хэмжээ авалгүй удсаар төсөвт энэ сард тодотгол хийхдээ илүү хохиролтой тодотголыг хийсэн байдаг. Энэ бүгд нь улс төрийн оноо авах гэсэн, сонгуульд зориулсан үйл явц байсан нь тодорхой харагддаг.  

Энэ хугацаанд Засгийн газраас авсан арга хэмжээнүүдийг бүхэлд нь харах юм бол эдийн засгийг эрчимжүүлэх гэхээс илүү эдийн засгийг хамгаалахад чиглэгдэж байсан нь харагддаг. Хэдийгээр маш эртнээс хөл хорио тогтоож эхэлсэний үр дүнд вирусийн голомтоос буюу хөрш улсаасаа уг вирусийг орж ирүүлэхгүй байж чадсан ч, бусад орноос зөөвөрлөгдөн орж ирсээр байгаа. Энэ хугацаанд эрүүл мэндээ аврах гэж хичээхдээ эдийн засгаа орхигдуулсан нь нууц биш. Сангийн сайд нь маш олон удаа төсөвт тодотгол хийх шаардлагагүй, бидэнд даваад гарах нөөц бий гэж байсан ч хэлж байсан V хэлбэрийн огцом уналт, сэргэлт нь ёроол нь үл мэдэгдэх түвшинд хүрсэн байна.

МУ-ын эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд 3 удаа хямарсан талаар ОУВС тодорхойлсон байдаг. 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал, 2013-2014 оны дэлхийн зах зээл дээрхи түүхий эдийн үнийн уналт, 2016 оны төсвийн хямрал зэргийн нөлөөгөөр хямарч байсан түүх бидэнд бий. Эндээс анхаарч үзвэл сонгуулийн жилд төсвийн хямралд өртдөг мөчлөг харагдаж байна. Харин энэ удаад төсвийн хямрал дээр вирусээс үүдсэн эдийн засгийн уналт нэмэгдэж байгаа нь ирээдүйд хүндхэн жилүүд биднийг угтаж байгааг илтгэж байна.   

Энэ хугацаанд хөл хорио тогтоосны улмаас эдийн засагт маш өндөр эрсдэл үүсэж байгааг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, “Stimulus package/bill” буюу “Эдийн засгийг дэмжих багц” гэх төлөвлөгөө гарган хөдөлмөрийн болон санхүүгийнхээ зах зээлээ хамгаалах, үйлдвэрлэл үйлчилгээний газруудаа болон ЖДҮ эрхлэгчдээ хохирол багатайгаар даван туулахад нь туслах маш олон төрлийн арга хэмжээнүүдийг дэс дараатай, хурдтайгаар авч хэрэгжүүлж байсан юм. Дэлхийн эдийн засгийг тодорхойлогч том гүрнүүд  ДНБ-хээ 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг эхний ээлжинд гаргасан. Үүнд АНУ, Англи, Япон, Өмнөд Солонгос гээд олон улс орон энэ арга хэмжээг хурдацтай хэрэгжүүлсэн. АНУ 2 их наяд долларыг зах зээл дээр гаргахаар төлөвлөж, Парламентийн дээд танхим нь баталж, иргэдийн гар дээр шууд очих зарчимтайгаар нэг удаа бүх иргэддээ 1200 доллар, хүүхдэд 500 доллар, 500 тэрбум долларыг томоохон компаниудад, 367 тэрбум долларыг жижиг бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр өгсөн. Ажлаа алдсан хүмүүст мөнгө өгөхөөс өөр арга зам бидэнд үлдсэнгүй гэдгийг нөлөө бүхий улс төрчид нь удаа дараа мэдэгдэж байсан юм.

Гэтэл манай улсын хувьд хөл хорио тогтоож эхэлсэн цагаас л эдийн засагчид авч болох арга хэмжээнүүдийн тухай ЗГ-т санал болгож байсан ч авч хэлэлцэлгүй явсаар дээрхитэй ижил арга хэмжээнүүдийг удаашралтайгаар авч хэрэгжүүлсэн байдаг. Тухайн үед МХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хөл хорио тогтоосны улмаас 260 мянган хүн ажлын байраа алдаж, 25 мянган аж ахуйн нэгжүүд дампуурч хаалгаа барих дээрээ тулж байгааг анхааруулж, сануулсаар байсныг энд дурьдах нь зүйтэй. Бид тэгвэл нэгэнт бий болсон эдийн засгийн уналтаас  3 үе шаттайгаар давж гарах төлөвлөгөө боловсруулж болно. Урт болон дунд хугацаанд бодлогын хүүг шат дараатай бууруулах, дунд болон богино хугацаанд ХАА-н үйлдвэрлэл түүний дотор, газар тариалан эрхлэгчдийг бодитой дэмжих, богино хугацаандаа ажиллах хүчээ нэмэгдүүлэх, одоо байгаа хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэй. Хөл хорионы үед ЗГ-аас эдийн засгийг эрчимжүүлэх талаар авсан арга хэмжээнүүд нь төдийлөн оновчтой зөв байсангүй.

300 тэрбум төгрөгийг 3%-ийн хүүтэйгээр ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд олгож тэд малчдын гар дээрээс нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр заавал худалдаж авах тухай ЗГ мэдэгдсэн. Малчдаас гадна тариалан эрхлэгчдээ дэмжих зорилгоор бас л 150 тэрбум төгрөгийг 3-5%-ийн хүүтэйгээр олгоно гэж 4 дүгээр сарын 2-ны өдөр харъяа яамны сайд нь мэдэгдсэн байдаг. Энэ мөнгө болон  ХАА-г дэмжих сан, тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн мөнгө,  ХХАХҮЯ-н дээр байгаа 25 сая долларын өртөгтэй 9.9 мянган га талбайг услах усалгааны систем болон 10 сая евро долларын үнэ өртөг бүхий  газар тариалангийн тоног төхөөрөмжтэй гээд бодит дэмжлэг болж чадах боломж байсан ч амжилтыг эс олсон.

Тэгвэл бидэнд өнөөдөр дотоодын үйлвэрлэл, газар тариалангийн үйлвэрлэлээ цаг алдахгүй дэмжихээс өөр аргагүй байдал бий болсон байна. Бид мах, гурилтайгаа байхад хүнсний хомсдолд орохгүй тухай бүгд ярьдаг. Гэтэл өнөөдөр хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, төрийн дэмжлэг ямар байгаа тухай ярих цаг нь болсон байна. Газар тариалангийн салбар хүнсний хэрэгцээг хангадаг хамгийн чухал салбар. Манай улсын төсвийн орлогын гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбар биднээс үл шалтгаалан уналтанд орж, төсөв тасалдаж байгааг өнөөдрийн нөхцөл байдлаас бид  харж, мэдэрч байна. Тиймээс дан ганц уул уурхай гэлтгүй ХАА-н салбараа тэр тусмаа газар тариалангийн салбараа өөд татахаас өөр аргагүй байдалд орчихлоо. Өнөөдрийн байдлаар манай улс газар тариалангийн хэлбэрээр ашиглаж болох 1.3 сая га газартай байна. Үүнийхээ 840.0 га газрыг буюу 65%-ийг газар тариаланд ашиглаж байгаа гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн онд нэгэн жарныг туулсан газар тариалангийн салбарын түүхийг өгүүлэх “Атар газар эзэмшсэний 60 жилийн ой” тохиосон. Харин үүний дараа буюу улсын төсөв батлагдсанаас хойш МУ-ын Ерөнхий Сайд “Атар-4” аяныг зарлаж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл төсөвт уг аяныг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор ямар нэгэн нэмэгдэл зардал төсөвлөгдөөгүй гэж ойлгогдож байгаа. Манай улсын жилийн нийт гурилын хэрэгцээнд 350.0 тн улаан буудай шаардлагатай гэж үздэг. Өнгөрсөн оны хувьд 410.0 тн улаанбуудай хурааж авснаас 65-70 хувь нь гурил үйлдвэрлэлд, үлдсэн нь спирт рүү шилжсэн байна. ААН-үүд дараа оныхоо үрийг нөөцөлж, тэжээл рүү мөн бага хэмжээгээр шилжсэн гэж үзвэл энэ тооцоогоор харахад гурил үйлдвэрлэлд 247.0 тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдсэн байх юм. Тиймээс 55-60 орчим мянган тонн улаанбуудай дутна гэж үзэж оны төгсгөлд гурил үйлдвэрлэгчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж 60.0 тн улаан буудайг импортлох шийдвэр ч гарч байсан.

ХХААХҮЯамны газрын дарга нь энэ жил бид 360.0 га талбайд тариалах тухайгаа мэдэгдсэн байдаг. Ингэхдээ “25 сая ам доллараар 9 мянга гаруй га талбайг усжуулах боломжтой. Нэг мянган га талбайн усжуулалтын тоног төхөөрөмжийн үнэ нь 2.5 сая гаруй ам доллар. Газар дээрхи байгууламжийн төхөөрөмжийг 7 тэрбум төгрөгөөр төр худалдаж авсан” тухай ярьдаг.  Гэтэл хувиараа усжуулалтын тоног төхөөрөмж оруулдаг компаниуд үүнээс хэд дахин хямдаар усжуулалтын тоног төхөөрөмжийг тариаланчдад санал болгодог. Хэрвээ үнэхээр бид өөрсдийн дотоод нөөцөө ашиглаж уул уурхай, эрдэс бүтээгдэхүүний экспортоос өөрөөр дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлье гэж байгаа бол төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, га-ын ургацыг 20 центнерт хүргэн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох хэмжээнд ч хүрч болох юм.

Мөн макро эдийн засгийн түвшинд интервеншин хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа тухай мэргэжилтнүүд хэлдэг. Хамгийн том худалдагч, худалдан авагч бол засгийн газар. ЗГ татвар цуглуулж, түүнийгээ үрдэг гэж энгийн үгээр хэлж болно. Тэгэхээр ЗГ иргэд аж ахуйн нэгжтэй эн тэнцүү зах зээлийн харилцаанд оролцогч гэсэн үг юм. Харин үүнийг Төв банк буюу бидний нэршлээр “Монгол банк” зохицуулах үүрэгтэй. “Монгол банк” худалдан авагч, худалдагчаас өөр учир ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ МӨНГӨ БОЛОН КРЕДИТИЙН ХЭМЖЭЭГ УДИРДДАГ. Үүнийгээ 2 замаар хийдэг. Энэ нь нэгдүгээрт бодлогын хүүнд өөрчлөлт оруулах, хоёрдугаарт мөнгө хэвлэх замаар уг процесс явагддаг. Ийм учраас “Монгол Банк” макро эдийн засагт нөлөөлж чадах хамгийн том нөлөө бүхий ГОЛ ТОГЛОГЧ юм. Монгол банкнаас авсан арга хэмжээнээс шалтгаалж эдийн засгийн тэлэлт, агшилтын чиг хандлага тодорхойлогдоно. Зээлийн хүү өндөр байвал зээлдэгч нар зээл авахыг хүсдэггүй. Харин цар тахлын энэ үед мөнгөний оновчтой бодлого баримталж бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээлийг санал болгож боломж бидэнд бий гэж найдаж байна.

Гэхдээ бид зах зээл дээр зээлдэгч, зээлдүүлэгч 2 яг адилхан байдалтай байгааг анхаарч үзэх нь зүйтэй.  ЭДИЙН ЗАСАГ ӨӨРӨӨ НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ БОЛСОН ч байж болох юм.

Эхэнд дурьдсанчлан бид эрүүл мэнддээ хэт анхаарч эдийн засгаа орхигдуулсан тал бий гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. Мөнгөгүйгээр эрүүл мэндийн салбараа тэтгэж чадахгүй, мөнгөгүйгээр вирусээс урьдчилан сэргийлж чадахгүй, цалин орлогогүйгээр бүр ч чадахгүй, дархлаагаа дэмжих хоол хүнсгүйгээр амьд явах боломжгүй.

Дэлхий өнөөдөр даярчлагдаж байгаа тухай ярьж, энд бид уусч байсан ч дангаарчлалыг хэсэгтээ сонгох нь дотоод нөөцөө ашиглах асар том боломжийг бий болгож байна. Тогтвортой хөгжил, жигд хөгжил, аль нэг улс орнуудын хүч хүрэхгүй байгаа том төслүүдийг хамтарч хийх, хамтарсан дэд бүтэцтэй болох, байгаль орчин эх дэлхий ногоон байгууламж гэх үгнүүд ямар их үнэ цэнэтэй, бид ямар их өөр хоорондоо хамааралтай болсон, дэлхий гэх нэг гэрт амьдарч 7 тэрбум хүн нэг агаараар амьсгалж байгаагаа улам бүр мэдэрсэн, бид аюулт өвчний өмнө тэгш эрхтэй байдаг гэдгийг ойлгуулж, бид бие биенээсээ ямар их хамааралтай болохыг мэдэрсэн өдөр хоногууд өнгөрсөөр байна. Хэдийгээр глобалчлалыг буцааж болохгүй ч гэсэн, энэ удаагийн “ХАР ХУН” гэх үйл явцаас улс орнууд ямар нэг хэлбэрээр дохио авч өөрчлөлт, шилжилт үргэлжилсээр байх болно.  Хөл хорионы дараа эдийн засгийн бүтэц асар их өөрчлөгдөнө. Дэлхийд аялал жуулчлалын салбар уналтад орж магадгүй ч манай улсын хувьд дотоодын аялал жуулчлал хөгжих, онлайн худалдаа, онлайнаар хөдөлмөр эрхлэх хандлага нэмэгдэх төлөв харагдаж байна.

Бүх асуудалд хариулт байхгүй, гэхдээ бид ямар нэг хэмжээгээр хариулт олох хэрэгтэй. Энд хожих хүн, хожих улс төрийн хүчин байх ёсгүй. Ямар ч байсан бүх юм, харилцаа хандлага өөрчлөгдөнө. Бид үнэхээр том үйл явдлын ГЭРЧ болж байна. Ийм үйл явдал дэлхий дээр тийм ч олон тохиолдохгүй байх гэж итгэж байна. Энэхүү үйл явдал дэлхийн 2 дугаар дайны дараа тохиолдож буй хамгийн том үйл явц гэж хэлж болно. Үүний дараа бид өөр орчинд амьдарна. Амьдралын өөр хэв маяг үүснэ. Өөр чиглэл рүү дэлхий, дэлхий эдийн засаг явна. Эдийн засаг хэзээ ч дахин хуучин хэвэндээ орохгүй. Дэлхийн бараг бүх улсууд Хятадын эдийн засгаас хамаарч байсан бол бие даасан эдийн засагтай байхыг зорьж, глобалчлал нэг хэсэгтээ ухарч экспорт, импортоос хамааралгүй эдийн засагтай болох гэж оролдох болно.

“МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав” 

М.ТӨГӨЛДӨР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ 12 цагийн өмнө
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав 14 цагийн өмнө
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 14 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой 15 цагийн өмнө
"Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан үе, үеийн генералуудад хүндэтгэл үзүүллээ 15 цагийн өмнө
Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана 16 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 17 цагийн өмнө
Ээж модонд архи, сүү, хадаг хэрэггүй ус хэрэгтэй. Амьдралын эх ус, усны эх мод 17 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ 17 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 14 иргэний амь насыг авран хамгааллаа 18 цагийн өмнө
Өнөөдөр төв талбайн асарт шагайн харвааны тэмцээн болно 18 цагийн өмнө
Өнөөдөр нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Өнөөдөр АН-ын бүлэг хуралдана 20 цагийн өмнө
Улаанбаатарт 23 градус дулаан байна 21 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 21 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтаар бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусган харуулна Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа Өчигдөр
“Энх мэндийн баяр-2025” өсвөрийн уртын дуучдын улсын уралдаан болж байна Өчигдөр
НӨАТ-ын буцаан олголтоо авалгүй татвар төлбөрөө төлөх боломж бүрдлээ Өчигдөр
“Nomadic Fighting Championship” тулааны спортын 4 төрөлт тэмцээн өнөөдөр болно Өчигдөр