УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь үндэслэлгүйгээр сэтгүүлчдийг гүтгэж цагдаагийн байгууллагад удаа дараа өргөдөл гаргасаар байна. Сонгууль дөхсөн энэ үед улс төрчид сэтгүүлчдийг цагдаагийн байгууллагаас уяж залхаах зорилготойгоор хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна. Энэ асуудлаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг, хуульч Б.Мэргэн нар эрүү, зөрчлийн хуулиар далайлгаж, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа талаар мэдээлэл хийж байна.
Н.Өнөрцэцэг:
-Мөрдөн байцаалтын нууцыг задруулсан байна. Үүнд ЦЕГ-ын оролцоо байна гээд ЦЕГ-ын Аюулгүй байдлын газарт “Мэдээлэл өгсөн цагдаагаа олж өг” гэсэн мэдэгдэл гаргасан байдаг. Миний хувьд мэдээллийн эх сурвалжаа нууцлах хүрээнд мэдээлэл өгсөн гэгдээд байгаа цагдааг нэрлэх боломжгүй гэдэг учир шалтгаанаа хэлээд мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Энэ хэрэг одоо ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст шалгагдаж байна. Хоёр дах удаад нь төрийн албан тушаалтнуудын нэр төр хохирсон эсэхийг шалгадаг ЦЕГ-ын Нийтийн хэв журмын газарт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гомдол гаргасан байна. Ингэхдээ “Ханлиг Тайшир” гэдэг компани миний компани биш, 800 хятадыг оруулж ирэхэд ямар ч оролцоогүй” гэдэг өргөдөл гаргаагүй харин “Би өөрийн компанийн тухай мэдээллээ Гадаад яамнаас устгуулаагүй” гэсэн мөрдөн байцаалтын хавтас хэрэг дотор байгаа мэдээллээр гомдол гаргаад байгаа нь хачирхалтай байгаа юм. Ийм учраас сая цагдаагийн хошууч Ганболд гэдэг хүн дээр байцаалт өглөө. Мэдүүлэг тайлбар өгөхдөө өмгөөлөгч Б.Мэргэнг хамт байлцуулсан.
Энд нэг зүйлийг маш тодорхой хэлэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр таныг бид гүтгээгүй ээ. Хар зүйлийг цагаан болгож ч гүтгээгүй. Баримттай мэдээлэл байгаа учраас бид гаргаж тавьсан. Та эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад сэтгүүлчийг цагдаагийн газраас уяатай байлгах, бидний зоригийг мохоох гэсэн явуургүй үйлдлээ зогсоо. Үнэхээр 800 хятадыг оруулж ирсэн компаниудын дотор “Ханлиг Тайшир” гэдэг компани байхгүй гэсэн албан бичгийг ЦЕГ болон энэ хэргийг шалгаж байгаа ТЕГ, Улсын Ерөнхий прокуророос гаргаад ирвэл бид нар итгэе. Яалт ч үгүй “Ханлиг Тайшир” гэдэг Ж.Энхбаяр гишүүний хувь эзэмшдэг компани 800 хятад иргэдийн цөөнгүйг оруулж ирсэн байдаг юм. Үүнийг яг одоо ЦЕГ, ТЕГ шалгагдаад хэрэг нь боогдоод прокурор руу шилжсэн байгаа. Тун удахгүй шүүх рүү шилжих байх. Ийм материал байгаа учраас бид бардах хэлж байна.
-800 хятадыг оруулж ирсэн компанийн дунд миний компани байхгүй гэсэн нотолгоог гаргаж ирээгүй хэр нь сэтгүүлчээс эх сурвалж шаардаад байх нь хууль зүйн хувьд үндэслэл байх юм уу? Хууль зүйн хувьд нь тодруулж өгөөч?
Өмгөөлөгч Б.Мэргэн:
-Сүүлийн үед Ерөнхийлөгчөөсөө авхуулаад төрийн өндөр албан тушаалтнууд нэр төрд халдлаа гэж их шалгуулдаг болж байна. Энд нийтлэг ямар алдаа гараад байна вэ гэхээр хамгийн түрүүнд харьяаллын асуудал байна. Яагаад бусад энгийн иргэд дүүргийн хорооны цагдаад шалгуулаад байхад төрийн өндөр албан тушаалтан болохоор ЦЕГ дээр шалгуулдаг юм бэ? Улсын Ерөнхий прокурор, ЦЕГ дээр шалгуул гэсэн тогтоол шийдвэр байдаг гэж ярьдаг, тийм ч шийдвэр байдаг. Гэхдээ тэр шийдвэр нь өөрөө хуульд үндэслэх ёстой. Хуульд УЕП ямар үндэслэлээр зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоох вэ гэдгийг заагаад өгсөн байдаг. Гэтэл хуулиас даваад нэг ийм журам тогтоочхоод шалгаад байдаг. Хоёрдугаарт, жишээ нь гэмт хэрэгт холбогдсон хүнийг шалгууллаа гэж бодоход “Чи хулгай хийгээгүй гэдгээ өөрөө нотол” гэж шаарддаггүй л биз дээ? Цагдаагийн байгууллага нь прокурортойгоо нийлж байгаад нотлох ёстой, тэрүүгээр нь шүүх шийдэх ёстой. Гэтэл Зөрчлийн хэрэг дээр ч яг адил зарчим үйлчлэх ёстой. ЦЕГ, тагнуул дээр ийм хэрэг шалгаж байгаа юу үгүй юу гэдгийг цагдаа нь өөрөө сүлжээнээсээ тодруулж авчраад ямар байгааг нь тогтоох ёстой. Гадаад харилцааны яаман дээр нь үнэхээр тэр мэдээлэл нь байгаа юм уу үгүй юм уу, иргэний харьяатын газар дээр тийм мэдээлэл бий юм уу гэдгийг цагдаагийн байгууллага нь өөрсдөө тодруулж авчраад шалгах ёстой. Одоо ч мөн тэр журмаараа шалгаж тодруулах ёстой болов уу гэж найдаж байна. Өмнө жишээнүүд дээр нийтлэг алдаа яваад байна. Тухайлбал өөрөө яваад буруугүй гэдгээ нотол гээд байгаа юм. Тэгвэл энгийн иргэнд тийм материал өгөхгүй шүү дээ, сурвалжлагчид ч өгөхгүй. Тийм материалыг өөрсдөө шалгаж олж тогтоогоод буруутай зөрүүтэй юм байвал ЦЕГ-ын олж тогтоох байх гэж найдаж байна.
-Эрүү, Зөрчлийн хууль дээр хэвлэн нийтлэх эрхээ эдлэхэд хэр боломжтой зүйл, заалтууд байгаа юм бэ?
-Одоо бол хэцүү болсон. Хуучин гэмт хэрэг байсныг нь иргэний эрх зүйн журмаар шийдвэрлэх ёстой гээд тэгтэл өөрсдийг нь шалгах асуудал яригдаж байгаа болохоор нөгөөдүүл нь зөвшөөрөхгүй явсаар байгаад бараг дунд хийгээд “тэгвэл ядаж гэмт хэрэг биш зөрчил болгоё” гээд явж байсан. Олон улсын жишгээр явбал бол иргэний эрх зүйгээр л хамгаалагдах ёстой. Яагаад? Жишээ нь, хоёр саяар торголоо гэхэд тэр хоёр сая төгрөг эрх ашиг нь зөрчигдсөн гээд байгаа иргэний халаасанд орохгүй, улсын мөнгө болоод л явна. Тэгвэл тэр гүтгэгдсэн гээд байгаа хүний эрх ашиг яаж сэргээгдэх болж байна? Иргэний эрх зүйн журмаар бол очоод нэр төрөө сэргээлгээд эдийн болон эдийн бус хохирлоо барагдуулаад явах ёстой. Энэ журам руу явах ёстой, бага багаар зөөлрүүлье, гэмт хэргийг нь болиулаад зөрчил болгоё, зөрчлөөс цаашдаа иргэний эрх зүйн журам руу оруулна гэж бодож байтал буцаагаад гэмт хэрэг болгосон. Манай эрх зүй дутмаг байна. Олон улсад бол сэтгүүлчийн эх сурвалжаа нуух эрхийг хангаж өгч байгаа. Ялангуяа, эх сурвалжаа хамгаалах тухай бие даасан хууль хүртэл зарим улс гаргаж эхэлж байна. Яагаад гэвэл тухайн эх сурвалжийн амь нас, эрүүл мэндийн асуудал яригдана. Түүнчлэн тухайн байгууллагатайгаа өөрөө хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа. Тэгэхээр ажлын байр яригдах болохоор хэлэхийг хүсдэггүй. Тиймээс эх сурвалжаа хамгаалахтай холбоотой хууль баталдаг. Гэтэл улам амыг нь хаах гэж байгаа мэт эрүүгийн гэмт хэрэг болгоод. Эрүүгийн гэмт хэрэг болгохдоо улс төрийн нөлөө бүхий албан тушаалтнуудын мэдээлсэн мэдээлэл нь гүтгэх гэмт хэрэгт хамаагүй шүү гэсэн заалтыг нь авч хаяж байгаад баталдаг. Анх тайлбарлахдаа, улс төрийн албан тушаалтан хүмүүсийн талаар мэдээлэл өгвөл гүтгэсэн болохгүй тайвшир гэж байгаад яг батлахдаа тэр хэсгийг нь аваад хаячихдаг. Ийм л иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх хийх боломжийг хаасан хууль боллоо. Сэтгүүлчид өөрсдийн төлөө ажиллаад байгаа юм биш иргэдийн хэвлэн нийтлэх, мэдээлэл хайж олох эрхийг нь хангах үүднээс л ажиллаж байгаа юм. Тэгэхээр сэтгүүлчдийн амыг таглана гэдэг нь иргэдийн эрх, эрх чөлөөг бас л хамхиж байна л гэсэн үг.
-2019 онд Зариг сайт нэлээд олон асуудал дээр цагдаагийн байгууллагад шалгагдсан.
-2019 онд zarig.mn сайтад 14 албан тушаалтан гомдсон. Он гараад хоёр сар болж байна. Дөрвөн албан тушаалтан гомдсон байсан. Нийтдээ 18 гомдлын дагуу Зариг сайт хуулийн байгууллагад шалгагдсан. Эдгээр хэргийн 4 нь мөрдөн байцаах шатанд явж байна. 14 нь хэрэгсэхгүй болж шийдэгдсэн байдаг юм. Өнөөдрийн энэ асуудал бол ганц zarig.mn гэдэг сайтын асуудал биш. Өнөрцэцэг гэдэг сэтгүүлчийн асуудал бүр биш. Монголын хэвлэлийн эрх чөлөөнд дарга, сайд, УИХ-ын гишүүд төрийн албаныхан ямар байдлаар заналхийлж байна гэдэг асуудал энэ тоо баримтаас харагдана. Тодруулбал, хүмүүсийн сайн мэдэх Гарамжав гишүүн намайг гүтгэлээ 2019 оны есдүгээр сард өргөдөл гаргасан. Шалгагдаад яваад л байсан, яваад л байсан. Тэгээд 2019 оны 11-р сард, гурван сар гаруй шалгасны эцэст “Өнөрцэцэгээ чи буруугүй юм байна. Гарамжавыг гүтгээгүй юм байна” гэсэн. Би юу бичсэн юм бэ гэхээр “Гарамжав өөрийн компанийн 10 тэрбумаа улсын төсвөөс төлүүлэх гэлээ. Ингэж болохгүй” гэсэн л зүйл бичсэн. Зүй тогтлоор нь харвал Өнөрцэцэг Гарамжавыг гүтгээгүй юм бол Гарамжав өөрөө гэмт хэрэг хийсэн болох нь тогтоогдож байгаа юм. Тэгээд энэ дагуу Гарамжавт ажиллагаа явуулахгүй Өнөрцэцэг гэж хүн дээр хуулийн байгууллага ажиллаад яваад байгаа юм. Тэгэхээр сэтгүүлчдийг зоригийг мохоох гэж байгаа юм. Тухайлбал, Гарамжив гишүүний тухай бичихээр “Наад хүн чинь Заригийн Өнөрцэцэгийг шүүхдсэн. Хэл амтай. Шүүхээр явна. Хэрэггүй” гээд гэж бодуулах гээд. Бидний араас яваа залуу сэтгүүлчдэд мохох эрсдэл байна. Ийм оролдлого байгаа учраас хэвлэлийнхэнд зориуд мэдээлэх гэж хандсан. Маш их булхай луйвар байна. УИХ-ын гишүүдийн тал нь ЖДҮ, 60 тэрбум, хүчин гээд хэргүүд дээр шалгагдаж байна. Ийм ноцтой хэргүүдийг бид бичих ёстой. Гэтэл биднийг зөөлөн бай, бид нарын хэвлэлийн төлөөлөгч шиг бай, шүүмжилсэн сэтгүүлчдийн хуулийн байгууллагаар шалгаад ЦЕГ-ын гадаа уяад байхаар энэ сэтгүүлч ажлаа хийхгүй ч гэдэг юм уу. Эрх баригчдын ийм даралт шахалт манай салбарт ирээд байгаа учраас сэтгүүлчид энд нэгдээсэй гэж хүсэж байна. Ганцхан zarig.mn дээр, ганцхан Өнөрцэцэг дээр байгаа зовлон биш Монголын бүх сэтгүүлч нарт ийм зовлон байгаа. Бид нэгдээд энэ асуудлуудаа цааш нь ярья. Бид гэмт хэрэг хийгээгүй атлаа яагаад долоо хоногт 1 удаа байцаалт өгөх ёстой юм бэ? Нөгөө байцаагчаа хүлээнэ, мэдээ сурвалжлагд явах ёстой үнэтэй цагаа цагдаагийн газрын гадаа алдаж байна.
-live.tv-ийн сэтгүүлч Бүдрагчаагаас энэ асуудалтай холбоотой тодруулж байна.
С.Будрагчаа:
- Сүүлийн үеийн буруу жишгүүдийн нэг болчхоод байна. Би өнгөрсөн оны 12 дугаар сард хөлбөмбөгийн холбоон дах бэлгийн хүчирхийллийн асуудлыг ил болгосон. Монголын хөлбөмбөгийн шигшээд тоглодог 15 настай жоохон охидыг аав, ээжээс нь авч БНСУ-д аваачаад онц хэрцгийгээр зодож, бэлгийн хүчирхийлэл хийх гэж дайрсан менежерийн жигшүүртэй үйлдлийг гаргасан.
Хамгийн аймшигтай нь уг гэмт хэргийн талаарх бүх мэдээллийг охидын шигшээгийн дасгалжуулагч Кавамото Науко гэдэг хүн МХБХ-ны дэд ерөнхийлөгчид ганц эмэгтэй хүнд өгсөн байтал нөгөө хүн нь энэ хэргийг байхгүй мэт тас нууж байхгүй мэт нуусан байсан. Үүнийг ил болголоо гэж Азжаргал гэдэг эмэгтэй намайг цагдаад өгөөд байна. Бас охидыг гурван удаа хүчирхийлэх гэж дайрсан гаж донтон этгээд хүртэл намайг нэр төр гутаасан гээд цагдаад өгсөн байна. Бүх баримт нь ил болсон атал тэр хүмүүсийгээ шалгахгүй намайг шалгаад байдаг. Гэмт хэрэгтнүүд булай нь дэлгэхээр цагдаад ханддаг болсон. Гэмт хэрэгтнээ шалгадаггүй, сэтгүүлчийг шалгаад байдаг. Цагдаа нар төрийн албан тушаалтанд морь нохой мэт зүтгэдэг болсон байна. Одоо шүүгч нар яаж шийдэхийг харж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна