Эх сурвалж: Үндэсний шуудан
Агаарын дүүжин тээврийн хамгийн орчин үеийн загвар 1930-аад онд бий болжээ. Үүнээс ч өмнө, 1873 онд Сан-Францискод анхны дүүжин зам ашиглалтад орж байв. Саяхныг хүртэл том хотуудын нийтийн тээвэрт бус зам, дэд бүтэц муу хөгжсөн уулархаг, бартаатай бүсэд аялал жуулчлалын зориулалтаар, эсвэл хот, байгалийн үзэсгэлэнг өндрөөс тольдоход зориулан ашиглаж байсан дүүжин бүхээг 2021 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн нэг хэсэг болж магадгүй нь. Нийслэлийн нийтийн тээврийг 2025 он гэхэд бүрэн шинэчилж, цахилгаан соронзон галт тэрэг, дүүжин бүхээгийг үйлчилгээнд нэвтрүүлэхээ Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдэгдсэн. Дүүжин бүхээгийг Монголд нутагшуулахад хэр тохиромжтой вэ?
Автомашин, өөрөө хөдлөгч техникийн хөгжил өмнө хэзээ ч байгаагүй түвшинд хүрсэн эринд бид амьдарч байна. Үүний сацуу хүн ам олноор төвлөрсөн их хотууд агаарын бохирдол, автомашины түгжрэл, замын хөдөлгөөний осол зэрэг олон асуудалтай нүүр тулж, шинэ, дэвшилтэт, аюулгүй нийтийн тээврийн хэрэгслийн эрэлд гарч, шийдлийг хайсаар л буй.
Өмнөд Америкийн Колумб улсын Медельин хот 2004 онд “gondola lift” буюу агаарын дүүжин бүхээгийг нийтийн тээвэрт хэрэглэж эхэлжээ. Уулархаг, дэд бүтэц муу, хотын төв, нийтийн тээврээс алслагдсан дүүргийн иргэдийг метроны буудал хүртэл тээвэрлэх зориулалттай нэмэлт энэ хэрэгсэл өдгөө таван шугамтай болжээ. Медельинээс гадна Боливийн Лас-Пасе, Бразилийн Рио-де-Жанейро, Чилийн Сантьяго зэрэг хотуудад ч мөн ийм зорилгоор нийтийн тээвэрт ашиглаж байна. Цаашлаад, Алжир, Гүржид ч дүүжин тээврийн системийг нутагшуулаад амжив.
Дүүжин бүхээгийг нийтийн тээврийн зориулалтаар ашигласан Латин Америкийн болон бусад орны туршлагаас харвал газарзүйн байрлал, хотын байршлын онцлог, хүн амын нягтаршил, нийтийн тээврийн үндсэн систем зэрэг олон хүчин зүйл нь Улаанбаатараас тэс өөрийг анзаарч болно. Медельин л гэхэд, толгод, уулс элбэгтэй Аббурагийн хөндийд байрлах агаад хот тэлэхийн хэрээр толгод, өндөр уулс руу даган алслагдсан хорооллуудад руу метро бүү хэл автобус хүрэхэд хүндрэлтэй. Хар тамхины бүлэглэлүүдийн үүр болж, өнгөрсөн зууны 70-80-аад онд дэлхийн хамгийн аюултайгаар нэрлэгддэг байсан энэ хотын захын дүүргүүд, борчуудын хороололд гэмт хэрэг гарах, хүүхэд, эмэгтэйчүүд амиа алдах нь их байлаа.
Иргэдийг аюулгүй, хурдан тээвэрлэх хэрэгцээнээс үүдэн дүүжин бүхээгийг анх туршсан гэдэг. Өөрөөр хэлбэл, дүүжин бүхээг нь нэг чиглэлээс нөгөө чиглэл рүү, дундаа олон буудал, зогсоолгүй байхаар тооцоолсон тээврийн хэрэгсэл.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дүүжин бүхээгийн талаар танилцуулахдаа Монгол орны цаг уурт тохиромжтой буюу -50, +50 хэмд ажилладаг, хурдан, аюулгүй тул Баянхошуу-Ханын материал-III, IV хорооллын эцэс, Долоон буудал- Дарь эх- Сансар гэсэн хоёр чиглэлд явуулахаар төлөвлөж байгааг онцолсон. Гэвч энэ бүхэн биеллээ олох магадлал бага гэдгийг батлах асуултууд бий.
Барилга байшин битүү чигжсэн Улаанбаатарт, тэр тусмаа III, IV хорооллын эцэс, Сансарт дүүжин бүхээгийн багана (дүүжинг холбох багана хотын барилгууд, цахилгааны сүлжээ, шугамуудаас өндөрт байрлах нь мэдээж) босгож, цаашлаад дундаа хоёр, гурван зогсоолтойгоор иргэдийг тээвэрлэх боломжтой юу.
Нийслэлийн иргэдийг агаараар тээвэрлэх дүүжин бүхээгийн техник, эдийн засгийн үнэлгээг хийж дуусган, Францын Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийхээр төлөвлөж байна. Мөнөөх л Медельинд 2.7 км агаарын замын шугамыг 26 сая ам.доллараар босгосон жишгээс харвал Улаанбаатарын дүүжин бүхээг ч төдий л хямд зардлаар босох боломжгүй нь.
Дүүжин бүхээг Улаанбаатарт нутагшихад гарч ирэх бас нэг асуудал нь аюулгүй байдал. Агаарын лифт, дүүжин бүхээгүүдийн хувьд цахилгаан тасрах, ямарваа гэмтэл, агаарын замд саатал гарах үед хаалга, цонхыг нь нээх боломжгүй, шилжүүлэн суулгах аргагүй зэрэг асуудал үүсдэг. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэх вэ.
Сая давсан хүн амтай, дэд бүтэц нь асуудалтай, нийтийн тээвэр нь бохир заваан, хүйтэн, хүндрэл чирэгдэл ихтэйн дээр хүрэлцээ муутай Улаанбаатарын хувьд авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн асуудлыг бүрэн цогцоор нь шийдвэрлэх нь тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Гэвч одоо байгаа тээврийн хэрэгслийн үйлчилгээг сайжруулах, хотынхоо газарзүйн байрлал, хотын байршлын онцлог, хүн амын нягтаршил, нийтийн тээврийн үндсэн системийг харгалзаж тээврийн хэрэгслийн төрлийг нэмэх нь түүнээс ч чухал. Үгүй бол дүүжин бүхээг ч, соронзон галт тэрэг ч сонгуулийн өмнөх ээлжит молиго үмхүүлэлт, цаасан дээр үлдсэн Улаанбаатарын метро шиг Мянгуужингийн үлгэр болох магадлал өндөр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна