Э.Батмагнай: ​Ч.Санжаадамба аваргын барилдааныг үзэж өссөн

Б.Нямсүрэн
2024/12/18

Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат чөлөөт бөхийн ОУХМ, Монгол Улсын начин Э.Батмагнайг урилаа. Тэрээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн төрийн наадамд тав давахдаа хамгийн залуу начнаар тодорсон юм.

-Хэдхэн хоногийн өмнө “Хийморь” төслийн хүрээнд багийн халз барилдаан зохион байгуулагдлаа. Ялалт байгуулсан сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Анх 1999 онд чөлөөт, жүдо бөхийн тамирчдын үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдаж байсан удаатай. Тухайн үед 50:50 харьцаатайгаар өндөрлөж байсан. Хайнаа хагалах барилдаан энэ сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд боллоо. Чөлөөт бөхийн тамирчид ялалт байгуулсанд баяртай байна. Дэлхий, Ази тив тэргүүтэй олон тэмцээний медальтай тамирчид өрсөлдсөн. Тэр нь сайн гэсэн зүйл байхгүй. Чөлөөт, жүдогийн тамирчид бэлтгэлээ сайн базаасан учраас бүгд хүчтэй өрсөлдөгчид байсан.

-Та зургаа барилдаж бүгдэд нь давсан. Тухайн барилдааны дэвжээг зорихдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?

-Багийнхаа төлөө өөрийн нөөц бололцоогоо ашиглаж барилдсан. Хэдэн удаа давна гэж тооцоолоогүй. Барилдаанаа сэрвүүгээс дуусна л гэсэн бодолтой байсан. Зайнаас өөрийн хийж чаддаг мэх, барилдаанаа гаргаад зодоглохыг илүүд үзсэн.

-Барилдааныг нь үзэхэд ихэвчлэн давхар хамах мэхээр даваагаа ахиулдаг. Энэ мэхээ хэрхэн сурч байв?

-Чөлөөт бөхийн спорт хөл, гар авах техниктэй. Тиймээс бэлтгэл дээрээ давхар хамах мэхийг давтдаг байсан. Анхны тэмцээндээ хүрэл медаль авахдаа давхар хамах мэхээр оноо авсан удаатай. Бэлтгэл дээрээ давхар хамах мэхийг их давтдаг. Ер нь барилдааны үеэр давтсан мэхээ хийнэ шүү дээ. Их спорт мэдрэмж суулгадаг. Их спортыг үндэсний бөхтэй хослуулах давуу талтай.

-Их спорт, үндэсний бөхийг хослуулах нь ямар ач холбогдолтой вэ?   

-Саяхан Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Анх удаа томоохон хэмжээний чансаатай тэмцээнд түрүүллээ. Алдраа дуурьсгаж, төрийн дууллаа эгшиглүүлсэндээ баяртай байна. Улс бүрийн шилдэг тамирчид нэг дэвжээнд чуулсан. Би тэмцээнд яваагүй удсан. Мэдрэмжээ бага зэрэг алдсан, биеэ барьсан. Дараагийн тэмцээнээс  сэтгэл зүйгээ удирдаж, төвлөрөхийг хичээдэг. Барилдаандаа бүх анхаарлаа төвлөрүүлж л амжилттай барилдана даа.

-Өнөөдрийн чөлөөт бөхийн ОУХМ, улсын начин хэмээх эрхэм амжилтыг гаргахад их хөдөлмөр шаардсан нь лавтай?

-Амжилт гаргахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Олон хүний хүч хөдөлмөр орно. Тусалж дэмждэг хүмүүсдээ баярлаж явдгаа илэрхийлье. Би сайн хүн байхыг эрхэмлэдэг. Хүнд худлаа хэлж, гомдоохгүй байхыг хичээдэг.

-Өв соёл болсон үндэсний бөхдөө дурлах шалтгаан юу байв. Та багаасаа бөх болох хүсэлтэй байв уу?

-Би үндэсний бөхийг есөн настайгаа эхэлж үзсэн. С.Санжаадамба аваргыг цэргийн арслан байхаас нь дэмжсээр ирсэн. Унахад нь унаж, давахад нь баярлана. Улсын наадамд барилдахад нь өмнөөс нь сандардаг байсан. Айл бүр шинэ хүн төрөхөд бөх болоорой гэж ерөөдөг. Өвөө, аав, ээж намайг бөх болно, барилна гэж их хэлдэг байсан. Би ч багаасаа үндэсний бөхөөрөө барилдана гэж боддог байсан минь биелсэн.

-Говь хангай хосолсон Хонгор нутгаас үндэсний бөх, чөлөөтийн дэвжээнд алдар, амжилтаа тунхаглаж яваа тамирчид цөөнгүй. Амжилт багшаас хамаардаг болов уу?

-Би дөрөвдүгээр ангид байхдаа сургуулийнхаа үндэсний бөхийн тэмцээнд түрүүлсэн. Манай сургуулийн биеийн тамирын  Д.Лхагвасүрэн багш маань бэлтгэл хийхийг зөвлөсөн. Ингээд л Баянхонгор аймгийнхаа  ягаан зааландаа очоод чөлөөтийн бэлтгэл хийж эхэлсэн түүхтэй. Ингэж л С.Мөнхдуулдах багшдаа шавь орсон. Өнөөдрийг хүртэл багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Өнөөдрийн гаргасан амжилтууд багштай минь салшгүй холбоотой. Багш минь бэлтгэлээ сайн хийж, зорилготой байхыг захидаг.

-Хүн бүрд мартагдашгүй дурсамж гэж бий. Урам нэмсэн амжилт гэвэл?

-2016 онд Азийн хүүхдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн. Энэ амжилт урам нэмж дараагийн амжилтуудыг минь дагуулсан гэж бэлгэшээдэг. Тухайн үед би тэмцээнээс медаль авч үзээгүй байсан. Том тэмцээний анхны медаль. Энэ үе, амжилт сэтгэлд үлдсэн шүү.

-Сайныг бодоход тэр нь биелэдэг. Та хэр сүсэг бишрэлтэй вэ?

-Амараа ах “Наадам дөхөөд ирэхээр сүсэгтэй” гэж ярьсан байсан. Би төрж өссөн нутаг, уул, усаа боддог. Үүнээсээ энерги авдаг. Мэдээж сүсэглэх үедээ сүсэглэнэ. Байнгын сүсэгтэй бол биш.

-Тамирчны замналаас ойлгож авсан зүйл юу вэ. Мэдээж хамгийн хэцүү нь бэртэл гэмтэл байх?

-Тамирчин хүн давснаа анзаардаггүй. Унасандаа л анхаардаг. Унасан үеэсээ л алдаагаа ухамсарлана. Болохгүй байгаа зүйлээ бэлтгэл дээрээ давтана. Алдаагаа давтахгүй байх чухал. Өнгөрсөн онд хөлөндөө бэртэл аваад бага зэрэг эмзэглэсэн. Үүнээс хоёр сарын дараа хагалгаанд орсон. Хэсэг хугацаанд эмчлүүлж, өөрөө ч хичээсэн. Барилдаан, бэлтгэлээс авдаг мэдрэмжээ  үгүйлсэн. Тиймээс бэртлээ түргэн илаарьшуулсан.

-Залуу хүчтэний хувьд сэргээшийн тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Сар гаруйн өмнө Бөхийн өргөөнд болсон барилдаанд аймгийн арслан Ч.Алтангэрэл ахтайгаа үзүүр, түрүүнд үлдсэн. Энэ барилдааны маргааш нь шинжилгээнд хамрагдсан. Хариу арванхоёрдугаар сарын 6-нд майл хаягаар ирсэн. Бөхчүүддээ сэргээшээс хол байхыг уриалмаар байна.

-Үндэсний бөхөөр ямар амжилт гаргахыг зорьж байна?

-Улсын наадам жилдээ ганц удаа болдог. Бүтэн жилийн хөдөлмөрөө долдугаар сарын 11, 12-нд шалгуулна. Бөх бүр хариуцлагатай, алдаа гаргахгүйн төлөө хичээдэг. Цаашдын зорилго гэвэл үндэсний бөхөөр аварга цолонд хүрэх, дархан аварга болохын төлөө бэлтгэлдээ анхаарч явна. Нэг сайхан нартай өдөр бодож мөрөөдсөн амжилт ирнэ гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд үзэгч олондоо хэлэхийг хүсдэг зүйлээсээ хуваалцвал?

-Монгол түмэн минь үндэсний өв уламжлалаа муугаар бодохгүй байх чухал. Тамирчид багахан алдаа гаргахад бөх сонирхогчид шүүмжилж байгаа харагддаг. Үүнд буурь сууртай хандах хэрэгтэй. Бөхчүүд олон зөв сайхан зүйлийг хийдэг. Бөхдөө хайртай Монгол түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхэн минь байхгүй, үзэгчгүй  бид барилдахгүй. Улсын өндөр цолонд хүрэхийн төлөө хичээж яваа энэ замналд үзэгч, дэмжигч олны минь хайр хүндлэл нөлөөлдөг. 



0
angry
9
care
0
haha
15
liked
4
love
1
sad
1
wow

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 4 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 7 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 8 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 8 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 8 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 10 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 10 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02