Сүүлийн 15 жилийн дотор гурван ч удаа хувьсгал гарч төр эргэж байсан ганц л улс дэлхий дээр байдаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Тэр улс бол Киргиз. Хувьсгал гарах тоолон хүмүүс адил зүйлсээ шаардсан байдаг: “Хуулиа дээдлэх, авлигыг сүлжээг таслан зогсоох”. Гэвч 2005 оноос хойш таван жил тутам тогтмол хувьсгал хийн нэгнээ халж сольж байгаа элитүүд нь энэ урианы яг эсрэгээр хийж байгааг судлаачид онцолсон байна. Түүнчлэн Киргизийн ард түмнээс улс төрийн элитүүддээ байнга үл итгэж, хардахад хүргэдэг бас нэг нөхцөл байдал нь хил залгаа Хятад.
Зөвхөн 2019-2020 онд Киргизид Хятадын нөлөөг эсэргүүцсэн 40 гаруй том жагсаал цуглаан болсон тухай “Лента.ру“ сайт бичсэн байна. Ингээд зогсохгүй “Төв Азийн барометр” ТББ-ын явуулсан судалгаагаар Киргизийн хүн амын 35 хувь нь Хятад улс болон Хятадын явуулж байгаа бодлогод эрс шүүмжлэлтэй ханддаг гэсэн хариу өгч байжээ. Гэтэл Хятадыг өөрийн ашиг сонирхлоо ямар ч нөхцөлд тууштай хамгаалж, суусан газраасаа шороо атган босож чадаж байгаад муулж, дургүйцэх нь зөөлөн хэлэхэд тэнэг хэрэг гэдгийг судлаачид онцолж байна. Уул шугамдаа улс болгон л Хятад шиг байж нэн тэргүүнд улсынхаа эрх ашгийг нэгдүгээр тавьж, хаана ч очсон ашиг олж, улсаа болон иргэдээ улам баяжуулж байх ёстой. Гэтэл Хятад нь тэгж чадаад харин Киргиз чадахгүй байдаг. Яагаад?
Энд хамаг асуудал улс төрийн элит гэгддэг давхаргын төлөөлөл болсон хүмүүст байна байр суурь давамгайлж байна. Киргизийн улс төрийн элитүүд хэдийн Бээжингийн талыг баримтлагч болоод, ард түмнийхээ итгэлийг алджээ.
Киргизид ээлжит удаагаа Хятадын эсрэг жагсаал болсны дараа Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нь хоёр улсын харилцаанд заналхийлсэн хүмүүсийг хатуу шийтгэнэ гэж анхааруулаад, киргизчүүд Бээжинд баярлаж, талархаж явах ёстой гэж хэлсэн байх жишээтэй. Цаашилбал, Киргизийн нийслэл Бишкек хотын дулааны цахилгаан станцыг шинэчлэхтэй холбоотой дуулиан бас гарсан. Хятадын Экспорт-Импортын банк 2013 онд энэ станцыг засварлахад 386 сая долларын зээл болгожээ. Нөхцөл нь мэдээж хэрэг шинэчлэх ажлыг Хятадыг компани гүйцэтгэх ёстой байсан. Тийм ч болохоор Хятадын “TBEA” компани Киргикийн дулааны станцыг шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл 2018 онд дулааны станц дээр том осол гарч нийслэлийг халаалтгүй үлдээж, хүмүүс осгох шахсан. Ингээд шалгалт явуулахад шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн Хятадын компани тогтмол зориулалтын бус зардал гаргаж байсан нь ил болжээ. Үүний дараа Засгийн газар Хятадын компанид хариуцлага тооцох ёстой байтал тэр үед Ерөнхийлөгч байсан Алмазбек Атамбаевын хүмүүсийг мөрдөж, шалгаж, хорьж эхэлсэн.
Киргизийн улс төрийн элитүүд Хятадын компаниуд, Бээжинд ингэж их талтай байгааг судлаачид нэг зүйлээр тайлбарлажээ. Киргизийн гадаад өр ДНБ-ий 20 хувьд хүрсэн бөгөөд дийлэнх нь Хятадад төлөх ёстой. За аргагүй байдалд ороод тал засаж байгаа юм байна гэж бодож болох. Гэтэл Киргизийн улс төрийн элитүүд нь улс орноо Хятадын бизнесменүүдтэй хамтраад өдөр алгасахгүй цөлмөж, мөлжиж байгаа жишээ олон байгаа аж.
Жишээлэхэд, “OCCRP” буюу Авлига, зохион байгуулалттай гэм хэргийг судлах төвийн сэтгүүлчид Киргиз мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарч байгаад улсаасаа хууль бусаар 700 сая доллар Хятад руу гаргасан далд загварыг 2019 онд ил болгожээ. Тухайн үеийн Киргизийн гаалийн дарга Раимбек Матраимов нь байгууллага дах төрөл садантайгаа нийлж Хятадаас хуурамч бичиг баримтаар, гаалийн татвар төлөлгүй бараа оруулж ирсээр ийм хэмжээний хохирлыг улсдаа учруулжээ. Бас болоогүй улсаа ингэтэл шулсан Раимбек Матраимов нь 2020 оны намар болсон хувьсгалыг эхлүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн “Мекеним Кыргызстан” гэдэг улс төрийн намыг бүрэн санхүүжүүлж байсан нь ил болжээ.
Гэвч сэтгүүлчдийн хичээл зүтгэлээр Раимбек Матраимовын хэрэг ил болсон ч мань эр торгууль төлсөн болоод эсэн мэнд мултарсан байна. Батлагдаагүй мэдээгээр энэ хүний цаана Хятадын маш нөлөө бүхий бизнесменүүд сууж байдаг аж. Сонирхолтой нь шинэ хувьсгалаар гарч ирсэн шинэ Ерөнхийлөгч Садыр Жапаров нь бас л Хятадын бизнесменүүдтэй нягт холбоотой төдийгүй гэр бүл нь хүртэл Хятадтай холбоотой аж. Жапаровын аав Нуркожо Мусталый-уулугэдэг хүн Хятадад төрж өсөөд 1962 онд л тухайн үеийн Киргиз ССР-т ирж байж. Үүнээс болоод сонгуулийн үеэр Жапаровыг Хятадыг тагнуул гэх яриа их газар авсан. Бас болоогүй Жапаровын дүү Сабыр нь 2007 онд тендерт ялж “Жыргалан” уурхайн 71 хувийг ердөө 320 мянган доллароор авсны дараа уурхайг Хятадын хөрөнгө оруулагчдад өгсөн. 2012 онд өнөөх уурхай дээр нь түймэр гарч ажиллах боломжгүй болсны дараа хөрөнгө оруулагчид нь мөнгөө буцаан нэхэх үед Жапаров нь Дундад Азийн хамгийн том алтны орд газар болох Кумторыг авахыг санал болгож байжээ. Удалгүй Жапаров Ерөнхийлөгч болоод Хятадын хөрөнгө оруулагчдад өрийн төлөөс болгож Жетим-Тоо төмрийн ордыг санал болгоод авсан байна.
Ингээд зогсохгүй Жапаровын хамгийн ойрын хамтран зүтгэгч гэгддэг парламентын гишүүн Адыл Жунус-уулу гэх мэт хүмүүс Хятадтай маш нягт холбоотой нь тогтоогдсон байна. Энэ хүн Хятадад, бүр тодруулбал Шинжаанд төрж, тэндээ боловсрол эзэмшээд Хятадын орд газар ашиглалтын академид ажиллаж байсан байх юм. Түүний эхнэр Туран Турсун-кызы нь бас л Шинжаанд төрсөн, тэндээ парламентад ажилладаг байж.
Энэ хоёр нь 90-ээд оны дундуур гэнэт төрсөн нутаг усаа санаад гээд Киргизд эргээд иржээ. Анхандаа их сургуульд Хятад хэл зааж, уул уурхайтай холбоотй бизнесийг мөн Хятад хүмүүстэй хамтарч явулудаг байгаад Жунус-уулу нь гэнэт улсаа аврахын тулд улс төрд хүчээ үзэхээр шийдэж. 2015 онд тэрээр Киргикийн парламентад сонгогдсоны дараа “Air Kyrgyzstan” үндэсний иргэний агаарын тээврийн компанийг Хятадын хөрөнгө оруулагчдад өгөх санал гаргаад од болж байжээ.
Одоогийн Ерөнхийлөгч Жапаров нь уг нь бол шоронд хоригдож байсан хүн. 2020 оны хувьсгалаар суллагдаад, Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхдөө бусад 17 нэр дэвшигчдийнхээ бүгдийнх нь цуглуулснаа илүү хөрөнгийг кампанит ажилдаа зарцуулсан байна. Тэгж их мөнгө хаанаас авсан тухай яриа гаргахад “Тэтгэврийнхэн тэтгэврээ барьж ирээд л хандивласан” гэж хариулж байж. Үнэндээ бол Хятадын томоохон компаниудаас маш их тусламж авсан нь тогтоогдсон байна.
Хамгийн гайхалтай нь ийм байтал сонгогчид нь эргэлзэж хардсаар байгаад Ерөнхийлөгчөөр сонгочихдог. Бас тэр Хятадтай холбоотой гэгдсэн парламентын олон гишүүдийг Киргизийн сонгогчид л сонгосон, өөр хэн ч сонгоогүй гэдгийг судлаачид онцолж байна. Хятадтай холбоотой, тэдний талд ажиллаад улс эх орныхоо эрх ашгийг уландаа гишгэж байна гэж хардаад үл итгээд байгаа атлаа Ерөнхийлөгчөөр, парламентын гишүүнээр ээлж дараалан сонгоод явдаг, тэгснээ удалгүй өөрсдийн сонгосон хүмүүсийн явуулж байгаа бодлогыг эсэргүүцэн хувьсгал хийж төр эргүүлээд, шинэ элитүүд гаргаж ирээд бас удалгүй тэднээ түлхэж унагадаг ийм парадокс байдал Киргизид үүсээд байгаа юм байна.
Дашрамд сонирхуулахад Киргиз нь Хятадад тэгтэл их өртэй юм уу гэхээр зарим улсын хажууд бол бараг юу ч биш гэмээр 2,2 тэрбум доллар аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна